Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалт Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Цагаан залаа” хүүхдийн зуслангийн районд 2022 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа Өвөрхангай аймгийн хангайн бүс буюу Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга сумын иргэдийг үүсэж болзошгүй цагийн байдалд орон нутгаа хэрхэн хамгаалах, шаардлагатай үед эзэмшвэл зохих ур чадварт сургах зорилгоор хээрийн дадлага, сургалтад хамрууллаа. Дадлага, сургалтын хаалтын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн Цэргийн дайчилгааны хэлтсийн дарга, хурандаа Х.Баньд, Өвөрхангай, Төв аймгийн Цэргийн штабын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР: “Дэлхийн улс орнуудын цэрэг, улс төрийн байдал эмзэг мэдрэмтгий байгаа энэ цаг үед өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй манай улс Орон нутгийн нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх нь зүйтэй юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ард иргэд та бүхний эх орноо гэсэн сэтгэл, хамтын ажиллагаа хамгаас чухал. Өнгөрсөн 2018 онд Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын Их Хурлаар Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийг батлуулсан нь орон нутгаа хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, түүний бэлтгэлийг хангах, хамгаалах, төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, ард иргэдийн хүлээх үүргийг зохицуулсан ихээхэн ач холбогдолтой баримт бичиг болсон. Сургалтын явцаас харахад богино хугацаанд томилгоот иргэд маань гүйцэтгэх үүргээ маш сайн биелүүлж байна. Бид бүхний цаасан дээр төлөвлөсөн зүйл бодитоор биелж, ажил хэрэг болсныг харах сайхан байна. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд эх орноо хайрлах, халуун сэтгэл нь дүрэлзэн байдгийг мэдрүүлсэн сургалт болж өндөрлөлөө. Хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын газар, Цэргийн штаб, сургалтад хамрагдсан иргэд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.
Өвөрхангай аймгийн Засаг Даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Н.ДЭЛГЭРСАЙХАН: “Энэ оны эхээр Батлан хамгаалахын сайдын зүгээс орон нутгийн хамгаалалтын хээрийн дадлага, сургалтыг зохион байгуулах үүргийг өгсөн. Бид өнгөрөгч зургаадугаар сараас төлөвлөгөө гаргаж ажилласан. Ингэхдээ уул, хад зэрэг байгалийн бартаа саадыг харгалзан үзээд хээрийн дадлага, сургуулилт явуулах боломжтой гэж үзэн хангайн бүсийг сонгосон юм. Уг хээрийн дадлагыг дөрвөн салаа, нэг тасгийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулав. Галт зэвсэгтэй харилцах учраас сургалтад хамрагдаж буй иргэдийг сонгохдоо 70 хувь нь цэргийн алба хаасан, 30 хувь нь хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй хүмүүс байхаар төлөвлөж дөрвөн өдрийн хээрийн гаралтыг зохион байгуулж амжилттай дуусгалаа. Иргэдийн идэвх оролцоо маш сайн байсныг онцолъё. Эх орноо хамгаалах үүрэгтэй, иргэн хүн гэдгээ ухамсарлаж сургалтад хамрагдсан хүн бүрт талархал илэрхийлье” гэлээ.
Сургалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтад амжилттай оролцсон сумын удирдлага, томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, идэвх оролцоогоороо тэргүүлсэн иргэдийг шагнаж урамшуулсан юм.
Эх сурвалж: http://mod.gov.mn/
Нийт сэтгэгдэл 0