ТОП-20-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн тоо 9-р сарын байдлаар 198.2 мянгад хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.5% өсжээ. Шинэхэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг ямар компаниуд татсаныг хамтдаа харцгаая.
5 хүн тутмын 3 нь ТОП-20-д хөрөнгө оруулдаг
Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 182 компани байгаа бөгөөд тэдний хувьцаа эзэмшигчид энэ оны III улиралд давхардсан тоогоор 450.7 мянгад хүрсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.7% буюу 43.4 мянгаар нэмэгдсэн бол үүний 25 мянга нь ТОП-20-д оржээ.
ТОП-20-доо ТОП нь:
Хамгийн ТОП: АПУ ХК. Шинээр нийт 5,497 хөрөнгө оруулагчид Монголын хамгийн өндөр үнэлгээтэй тус компанид хөрөнгө оруулахаар сонгожээ. Ингэснээр 9-р сарын байдлаар 5%-иас бага хувь эзэмшдэг нийт 15,876 хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд АПУ ХК-ийн 8.19%-ийг эзэмшиж байна.
Нөгөө талд: Улсын их дэлгүүр хамгийн олон буюу 43 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй ч өнгөрсөн жил ТОП-20 дундаасаа хамгийн олон хувьцаа эзэмшигчдээ алджээ. Нийт 537 хувьцаа эзэмшигчид тэднээс хөрөнгө оруулалтаа татсан байна. Уг нь бол жижиг хувьцаа эзэмшигчид харьцангуй өндөр буюу 38.8%-ийг нь эзэмшдэг.
Сонирхуулахад:
Моодноос гарсан Ард: Ардын тодотголтой хувьцаат компаниуд өнгөрсөн онд нэлээд моодонд орж байсан бол тэд энэ жил моодноос гарчээ. Учир нь Ард санхүүгийн нэгдэл (AARD) 12, Ард кредит ББСБ (ADB) 20, Ард даатгал (AIC) 416 хувьцаа эзэмшигчдээ тус тус алджээ.
Хос ХОС-гуудаар: Ардын ХОС болох Үндэсний хөрөнгө оруулалтын сан (XOC) ч мөн моодноос гарав. Тэдний хувьцаа эзэмшигчдийн тоо өнгөрсөн оныхоос 255-аар буурсан бол Мандал ирээдүйн өсөлт (MFG) 1,305 хөрөнгө оруулагч шинээр татжээ.
IPO-н дараахан: Энэ бүлэгт IPO хийгээд жил хүрээгүй ХК-иудыг багтааж болох бөгөөд CUMN, BOGD, MBF нар хувьцаа эзэмшигчдийн тоогоо дунджаар 245-аар нэмэгдүүлсэн байна.
Үнэт цаасны төвлөрлийн судалгаанаас та Монголын хөрөнгийн бирж дээрх компани бүрийн хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийн мэдээллийг сар бүрээр авч болно. Хувьцаа эзэмшигчдийн тоо өсөж, буурч байгаа нь тухайн хувьцаа зах зээл дээр хэр эрэлттэй байгааг шууд харуулах толь юм.
Эх сурвалж: Lemon press page
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0