("Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийн сэтгэл хөдлөм, адал явдалт түүх)
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан Танд маш их баярлалаа. Та өөрийнхөө түүхийг товчхон яриач, удам судар, аав ээжийнхээ тухай гээд л...?
-Тийм юм ярих хэрэг байна уу даа...
-Би таны араас олон хоног хөөцөлдлөө. Нэгэнт барьж авсных таны талаар нэлээд сайн мэдэж авмаар байгаа юм аа. Тэгээд ч цахимаар гарч байгаа олон төрлийн мэдээллийг нэг мөр болгоход, таныг илүү тодорхой танихад хэрэгтэй гэж бодож байна. Та хичээж ойлгоорой...
- Аав маань Архангайнх, ээж Увсын хүн. Архангайд танилцаж гэр бүл болоод Улаанбаатарт насаараа ажиллаж амьдарсан хүмүүс. Би 8 хүүхэдтэй айлын том охин, 2 ах 5 дүүтэй. Аав засгийн газры автобаазад жолооч, хөдөө л их явдаг байсан. Маш ажилсаг, огт зүгээр суудаггүй хүн байсан. Аав минь амьдралдаа миний мэдэхийн хоёр гуравхан удаа л нулимс дуслуулсан юмдаг. Намайг анагаахын сургуульд орлоо гэж нэг их баярлаж билээ. Анагаах төгслөө гэж ширээний ард бялуу хуваахдаа хоолой нь зангирсан, Архангайд эмчээр томилогдоод гэрээсээ гарахад минь бас нэг удаа нулимс нь гарч байхыг би харсан. Барагтай нулимс унагадаггүй аавыгаа тэгэхэд би “Аав, юун сүртэй юм бэ дээ, ганцхан жил ажиллаад л ирнэ шүү дээ” гээд үнсүүлчихээд инээгээд гараа даллаад яваад өгсөн. Тэгээд л аавтайгаа уулзаагүй. Аав минь тэгэхэд охиноо сүүлчийн удаа харж байгаагаа мэдэж байсан юм шиг билээ. Би аавыгаа олигтой баярлуулж чадаагүйдээ л маш их харамсдаг даа.
- Гэхдээ та их сургуульд орж, эмч болж, ховорхон уйлдаг хүний баярын нулимсыг гартал нь баярлуулж байсан байна шүү дээ.
- Яг бодоход бас хангалттай биш ээ. Би Сүхбаатарын цалинтай онц сурдаг оюутан байлаа. Аав маань 10 ам бүл тэжээх гэж маш хүнд ажил хийж, хөдөө тээврээр их явдаг. Ням гарагт гэртээ байж таарвал ганцаараа ганц нэг хундага татаад үл ялиг халамцаж суух дуртай байсан. Би аавдаа өгнө дөө гээд л цалингаа буухаар нэг шил архи аваад шүүгээн дээр ил тавьчихна. Эсвэл миний жижүүр таараад, эсвэл аавын хөдөө явах таараад тэр архи нь хуримтлагдсаар байгаад хоёр, гурван шил болчихсон.
Намайг өгөхгүй бол аав амсахгүй. Яагаад ч юм нэг л боломж таарч өгөхгүй байсаар, яарч сандраад би Архангай яваад өгсөн. Тэгээд дахиж аавтайгаа уулзаагүй. Тэднийг аавдаа өгчих минь яав даа гэж их харамссан.
Бас нэг удаа 6-р курст байхдаа хаалганы завсраар аав ээжид сонин болгож “Доржийн охин анагаах төгссөн, аав ээж хоёртоо идэш явуулсан гэнэ ээ...” гэж хэлэхийг сонсчихлоо. Би Архангайгаас аавдаа идэш явуулна даа гэж дотроо шийдчихлээ. Идэш үнэтэй, миний хоёр сарын цалинтай дүйнэ. Би мөнгөө цуглуулаад 1200 төгрөг болгоод идшээ захичхаад байсан юм. Тэгээд авч чадаагүй аав минь өөд болчихсон. Аав минь өөд болж Тариат руу захисан идшээ ч авч чадаагүй, мөнгөө ч авч чадаагүй тэгээд л орхисон. Баярлуулж амжаагүйдээ их харамсдаг.
Миний аав их мундаг хүн байсан, тэр олон хүүхдийг бүгдийг нь дээд мэргэжил эзэмшүүлсэн. Хүнд ажил хийдэг тул маш өндөр цалинтай. 2000 гаргаж авна. Тэр үед сэхээтний цалин 700 гаруй төгрөг байхад миний аав тийм цалинтай. Манайх олуулаа боловч хоол унд нь халгиж цалгисан айл байсан. Үнэндээ манайд идэш хэрэггүй л дээ. Аав минь л охиноороо бахархаасай гэж бодсоных. Гэтэл олигтой баярлуулж чадаагүй. Дөнгөж 56-тай зүрх нь зогсчихсон. Одоо тэгээд аавдаа өгч чадаагүй хайр халамжаа ээждээ өгч байна гэж бодож ээжийгээ хөл газар хүргэлгүй авч явахыг боддог доо.
-Ээжийнхээ тухай яриач?
-Ээж минь уг нь багш хүн. Архангайн багшийн сургууль төгссөн. Олон хүүхэд төрүүлээд мэргэжлээрээ ажиллаж чадаагүй, оёдлын үйлдвэрт насаараа оёдолчин хийсэн. Маш ажилсаг. Найман хүүхдийг бүгдийг нь дээд боловсролтой, ажилч хичээнгүй болгож хүмүүжүүлсэн гайхалтай эмэгтэй. Халгиж цалгисан, бусдад өгсөн, түгээсэн тийм л эзэгтэй байсан. Ээж минь хөргөгч дундрахыг л үзэж чаддаггүй байж билээ.
Манайх хүүхдүүдийнхээ сурах бололцоог маш сайн хангасан үлгэр жишээ гэр бүл байсан. Ээж минь л энэ бүхнийг зохицуулна. Миний ээж дөнгөж 51 настай, дэндүү залуугаараа бэлэвсэрч хоцорсон. Тэгэхэд ээжийгээ хүнтэй суу гэж хэлэхгүй дээ, тэгсэн бол бас л 40-өөд жил ханилсан ханьтай л байх байж гэж бодож бас харамсдаг юм. Хүн ер нь их ухаантай байх ёстой юм билээ дээ.
Би гэр бүлээрээ маш их бахархдаг. Маш ажилсаг, хичээнгүй, хүнлэг сайхан хүмүүс. Гэрийнхэн дотроо гэрийн ажил хийж үзээгүй ганц хүн нь би, багаасаа л гэр бүлийнхнээ зохион байгуулдаг, дүү нарынхаа хичээлийг давтуулдаг, товчхондоо “атаман” нь байлаа. Хичээлийнхээ хажуугаар оёдол, нэхмэл, фото зураг, хими, физик, математикийн, мөн дууны дугуйланд явдаг байсан. Оёдлын дугуйланд явж байхдаа зурагтаар гарлаа. Тэр үед зурагтаар гарна гэдэг үнэхээр ховор тохиол, тэр тусмаа арван жилийн хүүхэд. Аав минь түүгээр бахархсан гэж. Ямар ч юм хийсэн түүнийгээ тултал хийх гэж л зүтгэдэг охин байсан даа.
-Сайхан гэр бүлд, сайхан аав ээжид төрнө гэдэг их хувь тавилан шүү! Хэн болж төлөвших нь эндээс л шийдэгдэнэ шүү дээ
- Яг үнэн. Аав минь зүгээр сууна гэж ерөөсөө байхгүй, мод, төмрөөр бүх зүйлийг өөрөө л хийчихнэ. Тухайн үед тавилга ховор байсан даа. Аав маань гэрийн тавилгыг бүгдийг өөрийн гараар хийнэ. Тэр олон хүүхдийг өвчин зовлонгүй, өндөр боловсролтой болгосон. Манай гэр бүл ямар ч стресс хэрүүлгүй, ажил хөдөлмөр, сурлага эрдэм дээдэлсэн үнэхээр сайхан айл байсан.
- Таны гэр бүлийн хүн юу хийдэг юм бэ. Гэр бүлийнхээ тухай товчхон яривал?
- Манай хүн бас л найман хүүхэдтэй айлын том хүү. Барилгын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг даруухан хүн бий. Оюутан байхдаа танилцаж гэр бүл болоод гурван хүүхдийн аав ээж боллоо. Энэ хүн миний гол түшиг тулгуур. Өмнөх ажлаа л хийгээд явдаг, нуур шиг амгалан сайхан хүн бий. Эхнэр нь энүүгээр нэг юм болж байхад хаяахан л нэг “Юу болж байна хө?” гээд л сууж байна.
- Хүүхдүүд тань юу хийдэг вэ?
- Том охин маань эмч, хоёр хүү сурч байна. Бас зээ хүүхдүүдтэй эмээ шүү дээ, би чинь.
- Таны тухай саяхан уншсан, хоёр ч хүүхдээ алдсан нь төрөхийн эмч болоход их нөлөөлсөн гэж?
- Тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Би маш хүнд төрдөг хүн байгаа юм. Анхны хүүгээ төрүүлээд сургуулиасаа нэг жилийн чөлөө авахаар төлөвлөж байв. Маш их хүндрэлтэй төрөөд 14 хоноод анхны хүүгээ алдчихлаа. Нэгэнт ийм болсон хойно жил алдаад яахав гэж бодоод уруу царайлчихаад шалгалтаа өгөхөөр сургуулийн коридорт явж байгаад Жав багштайгаа таарлаа. Багш маань миний толгойг илээд "Миний охин хүндрэлтэй төрдөг юм чинь эх барихын эмч бол, бас энэ тэнхимдээ ч багш бол!" гэж хэлсэн. Ингээд л Жав багшаа дагасан даа.
Бас нэлээд хойно гурав дахь хүүхдээ төрүүлэх гээд ус гараад төрөхөд очлоо. Найз нар, багш нар намайг тойрч гүйлдэж байснаа гэнэт алга болчихлоо. Нэг ч хүн намайг эргэж тойрохгүй бүгд алга болчихсон. Нааяа /Налжирмаа/ эмч намайг үнсчихээд буцаад явчихлаа. Найз Мөнхөө маань ч байдаггүй, Сооёо /Содномпил/ эмч ирээд бас өрөвдөнгүй харцтай гараад явсан. Энхээгээ төрөхөөр дөрвөн мөчин дээр нь эмч зогсооно оо гэж байсан хүмүүс юу болов оо л гэж бодлоо.
Гэтэл Үеэ /Үйлст/ эмч орж ирээд, “За... миний хүү дүлнэ ээ...” гэж намуухан хэллээ. “Яасан бэ, Үеэ эмч ээ?” гэвэл “Пульсаци алга аа...” гэсэн. Зүрх нь цохилохгүй байна гэсэн үг л дээ. Ингээд бүтэн 10 сар тээсэн 3,6 кг хүү маань төрөхийнхөө өмнөхөн хэвлийдээ зүрх нь зогсчихсон. Бүтэн тээсэн хүүхдээ тэвэрч чадалгүй сүүгээ дуслуулаад ганцаараа төрөхөөс гарна гэдэг аймаар шүү дээ.
- Та эх барихын эмч мөртлөө гурван ч хүүхдээ алдсан гэхээр тэр үед эмч нарын алдаа байв уу?
- Үгүй ээ, энэ миний л биеийн онцлог. Бие маш эрүүл хэр нь төрөх болохоор л үхэх шахдаг хүн байгаа юм. Бага хүүгээ гарахад шууд амьсгал зогсож байсан. Ухаан алдахынхаа өмнөхөн би өөрийгөө үхэж байна л гэж бодсон. Хүн үхэхдээ олон юм бодож амждаггүй юм билээ, бага хүүгээ, ээжийгээ л бодож амжсан. Найз маань уйлан нэгдүгээр төрөх рүү утасдаж “Энхээ өнгөрчихлөө” гэсэн байсан. Үйлст эмч, Бүлтэн эмч нар маань машинтайгаа төмөр замын эмнэлэг дээр давхиж ирж арга хэмжээ авсан байсан. Тэр үед юун хүүхэд, ээжийг нь аварч чадвал их юм болсон байгаа юм. Ер нь тэгдэг л дээ. Тэгээд сайн эмч нарынхаа ачаар ухаан орсон. Тийм урт хугацааны дараа намайг ухаан ороход эмч нар гэнэт хүүхдийг санаж “Хүүхэд нь байна уу?” гэцгээхэд миний хүү амьд байсан. Тийм урт хугацаанд ээжийнх нь бие маш хүнд байхад хүү минь амьд байсан. Гурван ч хүүхдээ алдаж, зургаан ч удаа үхэх шахаж байж гурван хүүхэдтэй болсон болохоор ээжүүдийн зовлонг сайн ойлгоно. Эх барихын салбар гэдэг ийм л амаргүй. Хүн бүрийн бие өөр. Цоо эрүүл хүн ч гэсэн төрөхдөө эрсдэх аюул байдаг учраас хэнийг ч тоолгүй орхиж болдоггүй юм л даа.
- Амаргүй түүх байна. Ер нь та яагаад эмч болохоор шийдсэн юм бэ? Таны үед эмч болно, ер нь анагаахын сургуулийн хуваарь авна гэдэг тийм ч амархан байгаагүй.
- Аавын дүү Байгалмаа эгч 1-р эмнэлэгт шүдний тасагт нярав хийдэг байсан. Уг нь амьдралын тийм шаардлага байхгүй ч би сурагч байхдаа зуны амралтаар зүгээр сууж чаддаггүй хүүхэд байсан юм. 8-р ангид байхдаа эгчийнхээ туслалцаатайгаар 1-р эмнэлгийн эрүү нүүрний тасагт асрагч хийлээ. Тэгж байхдаа Цэрэн эмч шиг гоё эмч болох юмсан гэж боддог байлаа. Гэтэл тэр үед 24-тэй нэг ах шүдээ авахуулж байгаад нас барчихлаа. Ариутгал муутай газар шүдээ авахуулж цусанд нь бохир ороод... Нас барсан хүний амны цусыг би цэвэрлэлээ. Анх удаа үхэл үзсэн надад аймаар санагдаж баахан уйллаа. Тэр үеэр ээж надаас нэг юм авах гээд л эмнэлэг дээр ирсэн, би 5 давхраас гүйгээд ээж рүүгээ очтол миний ээж “Миний охинд халад ямар гоё зохиж байна аа. Эмч болбол гоё эмч болох нь дээ” гэсэн. Тэр үг надад маш их урам өгсөн. Айж байснаа тэр дороо мартчихсан. 9-р анги төгсөөд зун нь дахиад л 1-р төрөхийн эмэгтэйчүүдийн тасагт асрагч хийлээ. Одоогийн “Йонсей” эмнэлгийн байранд Батима сувилагчтай хамт ажиллаж байлаа. Хоёр жил асрагч хийгээд эмч болохоор шийдсэн.
-Тэгээд л анагаахын сургуульд орчихсон уу?
- Тэр ч бас тийм дардан зам байгаагүй шүү. 10-р анги төгсөх алдад гадаадад явж сурмаар санагдаад гадаадын сургуулийн хуваарь дээр өрсөлдлөө. Тэгээд Кемеровын их сургуулийн ус сувгийн инженерийн анги авчихаад гэртээ иртэл намын дээдэд сурч байсан Архангайн Хайрхан сумын засаг дарга ах маань манайд ирчихсэн сууж байна. Би ахаас “Ус суваг гэдэг чинь юу хийдэг хүн болно гэсэн үг вэ, ах аа?” гэтэл харин ах надаар тоглоод “Юу хийхэв, худагт ус түгээдэг л хүн болно” гэлээ. Тэгэхээр нь би үнэмшчихсэн сандраад маргааш нь очсон хамаг том хуваарь дуусчихсан, анагаахын хуваарь бүүр ч яаж байхав. Тэгээд анагаахын дунд авсан. Сүхбаатарын цалинтай онц сураад урилгаар анагаахын дээдэд орж сурсан даа. Хүсэж мөрөөдсөн сургуульдаа орчихоод 9 сарын нэгнийг хүлээж тэвчихгүй 8 сарын 30-нд арван жилийн найз охин Наранцацралттайгаа хоёулаа цүнхээ барьчихсан сургууль руугаа очиж байлаа. Тэгж л их хүсэж догдолж байж дээ.
- Таныг домогт Б.Жав багшийн гарын шавь гэж сонслоо. Багшийнхаа тухай яриач
- Жав багш бол эх барих эмэгтэйчүүдийн төдийгүй анагаахын салбарын ноён оргил. Жав багшдаа тоогдон гарын нь шавь болж, багшийнхаа зөвлөснөөр эх барих эмэгтэйчүүдийн салбарыг сонгосон маань дээдийн тавилан гэж бодож багшдаа залбирч явдаг даа. Оюутан байхдаа 4-р курсээсээ эхлээд нэгдүгээр төрөхөд жижүүр хийж хонодог байв. Шижирбаатар багш, Шагдар багш, Жав багш нараараа төрөх, эх барих эмэгтэйчүүдийн хичээл заалгаж мэргэжилдээ улам дуртай болсон. Жав багшийн маань намайг шүүмжилж, загнаж, аргадахдаа аргадаж, бас магтаж байсан үг нь урам зориг өгч өнөөдрийг хүртэл намайг урагшлуулах хүч болж байдаг даа.
АУ-ны доктор, проффессор, зөвлөх эмч, гавьяат Г.Мэндсайхан эмч бид хоёр хэзээ хойно хориод жил ажилласан хоёр эмч, бүр АУ-ны доктор болсон байхдаа л нэг удаа багшаасаа чөлөө авах гээд Жав багшийнхаа үүдэнд өглөө 10-аас орой 16 цаг хүртэл зогсож байж билээ. Ийм чанга хатуу хирнээ маш уян зөөлөн, жинхэнэ хүний төлөө багштай учирч, тийм хүний гараар эмч болсондоо өдий зэрэгтэй яваа хүн дээ, би.
- Сургуулиа төгсөөд хаана хаана ажиллаж байв даа?
- Тухайн үед төрийн бодлого үнэхээр мундаг байсан. Төгсөх курст нь дээд мэргэжилтнээс арай доогуур 550 төгрөгийн цалин өгч мэргэжлийн чиглэлээр сургадаг, бас ажиллуулдаг байсан. Жилийн хагасыг заавал хөдөө ажиллуулна. Хотод Эх нялхаст, Архангайн төрөх тасагт Гэрэлээ эмч, Лувсандорж эмчтэй, Дарханы төрөх тасагт Сэрээтэр эмчтэй ажиллаж байлаа. Тийм өндөр цалин аваад шүү дээ. Жав багшийнхаа багш Дамбадаржаа багшаар хичээл заалгаж байсан.
Сургуулиа онц төгсөөд ЭМЯ-ны томилолтоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт Жавзанпагма эмчтэй, мөн Хайрхан суманд Лхагвасүрэн эмчтэй ажиллаж байлаа. Тэгээд тэнхимдээ ирж 1991 оноос багшилсан. Энэ хоорондоо эмчийнхээ ажлыг бас тасралтгүй хийсэн. Жирийн эмчээс зөвлөх зэрэгтэй эмч болтлоо ажиллалаа. Багшийнхаа хувьд мастераас профессор болтлоо ажилласан. Ингэж хос морьтой зэрэгцэж явж чадсан нь мэдээж Дамбадаржаа багш, Жав багш маань, АШУҮИС-ийн олон сайхан багш нар, Б.Бүлтэн, Б.Үйлст эмчээс эхлээд Эх барих эмэгтэйчүүдийн салбарын олон эмч, багш нарын маань ач гэж сүсэглэж явдаг даа. Хамгийн сүүлд Монгол - Япон эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээс “Өргөө” амаржихын даргаар ирсэн.
- Ингэхэд та “хэний хүн” юм бэ? Яаж яваад “Өргөө” амаржихын даргаар томилогдчихсон юм бэ? Уучлаарай, яг үнэндээ одоо чинь хэн нэгний хүн байж л дарга болох боломжтой шүү дээ?
- Үнэндээ хэний ч хүн биш. Нам мам гэж бүүр ч мэдэхгүй. “Өргөө” амаржих газар олон дарга ойр ойрхон солигдсон, энэ амаржихаас хэл ам салахгүй, яг мэргэжлийн хүн хайж байсан юм билээ.
Тэгэхэд амаржих нийслэлийн харьяа байсан. Нэг удаа хотын захиргаанаас ярьж “Өргөө амаржих газрын даргын сонгон шалгаруулалтад таныг оруулахаар болсон, материалаа яаралтай авчирч өгнө үү!” гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа хотын дарга дуудаж уулзсан. 20 гаруй хоног эзэнгүй, цалин тавиагүй хүнд байсан тул сонгон шалгаруулалтыг шуурхай хийсэн бололтой юм билээ. Д.Сумъяабазар дарга “Та наад эмнэлгийнхээ сахилга батыг л сайжруулаад өгөөрэй!” гэдэг ганцхан юм хэлээд амжилт хүсээд гаргасан. Би тэр хүний царайг ганц л удаа ингэж харсан. Уулзаж үзсэн ганц дарга маань тэр шүү дээ. Улс төр мөр мэдэхгүй болохоор хэний хүн гэдгээ сайн ойлгохгүй л байна. Анагаахын хувьд бол яалт ч байхгүй Жав багшийн хүн.
- Ерөөсөө энэ “Өргөө” гэж яачихсан газар юм бэ? Дандаа л хэл ам таталж, дарга нь ерөөсөө тогтохгүй юм. Засаг хүртэл оролцож халаад л...
- Өмнө нь “Бүтцийн хувьд ингэж өөрчилж, ингэж засмаар юм байна даа” гэж гаднаас нь хараад боддог юм байсан. Яг иймдээ тулсан бугшмал байдлыг нь нарийн мэдэхгүй байсан. Дотроо их олон фракцтай болчихсон байсан юм билээ л дээ. Би очоод хоёрхон зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, над руу хов ярьж орж ирэхгүй, хоёрдугаарт бэлэг барьж орж ирэхгүй гэдэг хоёр зарчмыг хамгийн түрүүнд мөрдлөг болгосон. Тэгээд фракцгүй болгосон.
Бас маш олон жил нэг суудалдаа хөдөлгөөнгүй байж, ачаалал авахыг хүсдэггүй, ажлаа маш өнгөц хийгээд сурчихсан бүлэг хүмүүсийн давхарга бий болчихсон байсан.
Шинэ орж ирсэн хүмүүсийг дарамталдаг, цөөхөн сар ажиллуулж байгаад явуулаад сурчихсан, энэ үхширмэл байдлыг өөрчлөх гэсэн хүмүүсийг явуулдаг бараг хөтөлбөр, гарын авлагатай шахам болчихсон хүмүүс байсан. Эмнэлгийн эмнэлзүйн ажил нь явахгүй, хов жив их явдаг. Тор тороор нь эм тариа зөөдөг, ариутгал муу байсан. Бод доо, 2019 онд хугацаа дууссан ариутгал шалгадаг индикаторыг дээр нь шинээр 2023 он хүртэл хүчинтэй гэж бичиж наагаад хэрэглэж байсан. Багаж ариутгасан эсэхийг хугацаа дууссан индикатораар шалгаж байна. Энэ бол эхчүүдийн амь нас эрсдэлд байна гэсэн үг шүү дээ. Ариутгалыг хоёр давхар шалгуураар шалгадаг, хоёулаа хугацаа нь дуусчихсан байх жишээтэй. Хүний алтан амь шүү дээ. Ариутгал дээр ажилласан хүмүүсийг ч сольсон. Олон жил бугшсан бүхнийг сольсон.
Эмнэлгээс маш их эм тариа гадагшилж байхад юу ч дутдаггүй байсан байгаа юм, бүртгэдэггүй байсан гэсэн үг. Тэр байтугай 100-аад сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийг аваад гарсныг илрүүлсэн, хориод сая төгрөгийн багаж байхгүй болчихоод байхад байгаа мэтээр бүртгээд явж байсан байгаа юм. Энэ бол хулгай шүү дээ!
- Та тэгээд энэ бүхнийг тухайн үед нь олон нийтэд яагаад дэлгээгүй юм бэ?
- Миний ажил асуудал болгоныг олон нийтэд дэлгэх үүрэггүй. Даруй засаж залруулж, хариуцлага сахилгыг чанд мөрдүүлж ажиллахыг л хичээсэн. Ер нь ч хөдөлмөрийн хуулиар дотор нь сэлгэж ажиллуулж байх ёстой л доо. Энэ нь нэг албандаа удсанаар авлигад өртөх эрсдлийг бууруулах, мөн өөр ажлын байранд давхар мэргэшиж, нэг нэгээ орлох чадвартай болох зэрэг сайн талтай.
Мөн манайд бүх багаж хэрэгслүүд, эм тариа нэгдсэн бүртгэлгүй, замбараагүй, хэний ч шкафнаас ямар ч бүртгэлгүй юу ч гарч ирж болно. Эмийн мөнгө гаргахаас өмнө гэрээнүүдээ шалгасан. Гэрээнүүд нь ямар ч эмх замбараагүй, байгууллагын эрх ашиг нийцээгүй байсныг илрүүлж, хяналттай болгож, мөнгөний урсгалыг цэгцэлсэн. 5 саяар авч болох тоног төхөөрөмжийг ганцхан компаниас 7 саяар авна гээд л ороод ирнэ. Лаборатори ч мөн л хяналтгүй, ганцхан компаниас үнэтэй урвалж авдаг.
Энэ бүх замбараагүй байдлыг цэгцэлж мөнгөний урсгалаа хянах үүрэгтэй хүн шүү дээ, би чинь. Саяхнаас гүйцэтгэлээр цалинждаг болсон. Эмч, сувилагч, ажилтнуудын цалин нэмэгдэх эсэхийг Засгийн газар биш эмнэлэг өөрсдөө шийддэг болсон. Бид үйлчлүүлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлж даатгалаас мөнгөө бүрэн авч, гадагшаа урсдаг замбараагүй мөнгө урсгалаа хяналтад оруулж байж 500 хүний цалинг нэмж, амьжиргааг сайжруулах үүргийг байгууллагын дарга л хүлээж байгаа.
Та бод доо, шагналын систем хүртэл хэдхэн хүний гарт орчихсон, найз нөхдийн хүрээгээр шийдэгддэг болчихсон байсан. Үүнийг хүртэл эмх цэгцэнд оруулсан.
- Таныг ажилчдаа дарамталсан, ёсзүйн хувьд энэ албан тушаалд тохирохгүй гэж үзсэн биш үү?
- Энэ төрөхөөс мөнгөө хийж байсан хүмүүсийн хувьд мөнгөн урсгалыг хаах нь үнэхээр том дарамт байсан байх. Гэхдээ тэд “Өргөө” амаржихын үйлчлүүлэгчдэд зориулсан төсвийн мөнгөнөөс хумслалгүйгээр хувийн эмнэлгээ ажиллуулаад, хувь эмчийн чадвараараар үйлчлүүлэгчээ татаж аваад явахыг нь мэдээж би хориглоогүй, хориглож болох ч үгүй. Ажлын чадваргүй, ажил хийхгүйгээр эндээс мөнгө хийж байсан хүмүүс өөр газар ажиллах чадваргүй тул жил гаруйн өмнө халагдсан ч өөр газар ажилд ороогүй. Тэд зөвхөн Энхцэцэгийн гарахыг хүлээгээд сууж байдаг.
Хамгийн гол нь энэ бүхэн эцсийн дүндээ үйлчлүүлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа. Бид бүхэлдээ үйлчлүүлэгчийн төлөө л ажиллах ёстой биз дээ, бидний ёсзүй үйлчлүүлэгчийн төлөө хэрхэн ажилласнаар хэмжигдэнэ гэж бодож байна. Үйлчлүүлэгчийг чирэгдүүлж, төлбөргүй авч болох үйлчилгээг нь хувийн эмнэлэгтээ өндөр үнээр хийхийн тулд үйлчлүүлэгчийг дундаас нь урвуулах оролдлого хийдэг хүнийг ёсзүйгүй гэх үү?, эсвэл үйлчлүүлэгчийн төлөө шаардлага тавьсан хүний ёсзүйгүй гэх үү? Ёсзүйн талаарх миний ойлголт зарим хүнийхээс зөрдөг бололтой. Гэхдээ Засгийн газартайгаа энэ талаар ойлголт зөрөхгүй гэж итгэж байна.
Би үйлчлүүлэгчийн төлөө л жанжин шугам барьж ажилладаг, ажилласан, ажиллах ч болно.
- Та энэ бүхнийг өөрчлөхийн төлөө юу юу хийсэн бэ?
- Төсвийн мөнгийг хямгадсан тухай, эмх замбараанд оруулсан тухай дээр хэллээ. Хүлээн авахаа нэг болгож, ээжүүдийг чирэгдэлгүй болгосон. Харьяаллын бус хүнээс авдаг 300 мянга, мэдээгүйжүүлэх тарилга хийсний төлөө авдаг 80 мянгыг болиулсан. Төлбөртэй орны мөнгийг эмнэлгийн нэгдсэн дансанд төвлөрүүлдэг болсон. Молекул лаборатори нээж бүх шинжилгээг амаржих газартаа хийдэг болсон. Нярайн амбулатори нээж, 24 цагийн үйлчилгээ үзүүлж саажилтын эх үүсвэр болсон шарлалтыг харьяалал харгалзахгүй шуурхай эмчилдэг болсон. Бүх үйлчлүүлэгчийг эзэнтэй болгож кодоор эмч сувилагч нарын ажлыг хянадаг болсон. Олон жил ашиглаагүй дурангийн аппаратыг ажилд оруулж хувийн эмнэлэгт 2 сая төгрөгөөр хийдэг олон хагалгааг үнэ төлбөргүй хийдэг болсон. Бүх үйлчилгээг үйлчлүүлэгч рүү, эх нярай руу чиглүүлж Япон эмнэлгийн туршлагаар “Үйлчлүүлэгчийг дэмжих алба” ажиллуулсан. Эх үрийг учруулдаг ариун дагшин амаржих газрыг архидалтаас бүрэн салгасан. Хүлээн авах, төрөхийн өмнөх өрөө, нярайн тасаг гээд олон газар тохижуулсан засвар хийсэн сэлтийг жижиг ажил гэж бодож тоочихгүй үлдээе...
- Та дахин дахин л хэлээд байх юм билээ, 4-5 хүний л асуудал байгаа. Олонх нь ажил үүргээ сайн гүйцэтгэдэг гэж. Тэгээд тэр хэдхэн хүнээ халаад явуулчихаж болоогүй юм уу? Тэгвэл л асуудал нааштай шийдэгдэх байсан юм биш үү?
- Бугшсан бүлэглэлийн талаар хүмүүс анх очиход л хэлж байсан. Гэхдээ миний даргаар томилогдон ирсэн үе онцгой байсан. Ковид ихэссэн, хөл хорьсон, эмнэлгийн ажилтнууд хүртэл өвдөж хүн хүч дутагдсан хүнд үе байсан. Юун хүн халахтай мантай. Төрөх бол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс огт өөр онцгой объект. Гэхдээ л хүн амын эрүүл мэндийн төлөө ямар ч үед өргөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй. Тиймээс манайх эмнэлэгтээ ковидод зориулж 250 ор нэмсэн, бусад төрөх эмнэлгүүд 20, 40 ор л нэмж байхад шүү дээ. Ор дутаад улс даяараа л сандарч байсан. Ийм үед хүн халах тухай бодох боломж ч байхгүй. Ковид гайгүй болж үндсэн үйл ажиллагаа руугаа анхаарах үест л дээр дурдсан зовлонгууд илүү тодорч ирсэн дээ.
Халах барихын тухайд өнгөрсөн хугацаанд би жил бүр ажлын хариуцлага алдсан 5 хүний л ажлыг өөрчилсөн байна билээ, бусад нь надаас үл хамаарах шалтгаанаар өөрчлөгдсөн. Хагас мянган хүн ажилла байгаа газар хөдөлгөөнд байлгүй л яах вэ, тэр л ёсоор хөдөлгөөн орсон байдаг.
- Үнэхээр хөл хорионы үед эмнэлгийн ажилчид асар хүнд нөхцөлд ажиллаж байсан шүү. Ер нь ч үйлчлүүлэгчийн гомдлоос өөрийг олон нийт анхаардаггүй байх шүү?
- Тийм. Үйлчлүүлэгчийн хажуугаар ажилчдаа давхар бодох нь бас л даргын үүрэг. Тэр хүнд үед улаан бүсэд өдөр шөнөгүй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг 50 хувь нэмсэн. Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн хамгааллын сарыг тохиолдуулан нийт ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн. Залуу эмч нарыг чадваржуулах, зэрэг цолтой мундаг эмч нар нь залуу эмч нараа шавилуулан сургах тогтолцоог боловсронгуй болгож шинэчилж тогтмолжуулсан. Эмч нарынхаа мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор Тайвань, ОХУ зэрэг гадаад улс руу явуулсан. Эмч, ажилчдынхаа дунд бие биедээ урам өгөх, ойлголцож дотносох арга хэмжээнүүдийг тасралтгүй зохион байгуулж, шагнал урамшууллыг тэмдэглэлт баяр болгоноор өгдөг байлаа. Ажилчдынхаа нийгмийн асуудал, амьжиргааны түвшний талаар иж бүрэн судалгаа аваад эхнээс нь шийдэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байлаа. Гэх мэтээр тоочоод байвал олон л юм байна.
- За тэр эхэс зардаг гэдэг бол бас л аймаар сонсогдож байсан шүү. Та түүнийг хэзээ олж мэдсэн юм бэ?
- Цагдаа шалгаж байгаа, оргүй асуудал биш байсан байх. Шалгаад гаргаад ирнэ биз дээ, наана нь юм ярьж болохгүй байх.
- Танд ер нь энд ажиллахад юу хамгийн хэцүү байсан бэ?
- Хүний нөөцийн чадвар хамгийн хэцүү байсан. Энэ бол ганц төрөхийн ч биш Монголын зовлон болсон байх. Би аль болох хүн халахгүйг хичээсэн. Аргагүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зарчил гаргаж ажлын байранд архи уусан, эд хөрөнгө хулгайлсан цөөн хэдэн хүнийг удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ер нь хүн ажилд авах, халах асуудлыг дарга дангаар шийддэггүй юм шүү дээ, заавал удирдлагын зөвлөлийн хурлаар орж, гишүүдийн саналаар шийддэг журамтай.
Хүний нөөц гэдэг асар том асуудлыг ирээдүйд энэ төрөхт учруулахгүйн тулд залуу эмч нарыг чадавхжуулах, тэднийг ажлын байранд сэлгэн ажиллуулж тал бүрийн чадвартай болгоход анхаарч сэлгэн ажиллуулж эхэлсэн. Ирээдүйтэй, хүний төлөө сэтгэлтэй, мэргэжилдээ өсөж дэвжих олон залуу эмч, сувилагч нар манайд бий. Тэдэндээ илүү боломж олгох ёстой. Чадвартай эмч нар нь зүгээр л азаргалаад, нэг байрандаа шигдээд мөнгө хийгээд суугаад байлгүй залуу үедээ мэдсэн сурснаа өвлүүлэх, шавилан сургах системийг сэргээх гэж хичээсэн нь бас цөөхөн хүмүүст таалагдаагүй. Энэ чинь байх л ёстой энгийн зарчим шүү дээ, уг нь.
-Та энэ эмнэлэгт бугшсан булхайтай тэмцсэнээрээ анагаахын салбарт байсан буруу булхайтай бүхнийг илчлээд гаргаад ирэх шиг боллоо. Жинхэнэ “шүгэл үлээгч” болж байна. Гэхдээ ийм юманд яг хамтран ажилладаг салбарынхан таагүй ханддаг тал байдаг?
- Салбарынх гэж би хэлмээргүй байна. Тэгж гөрдөж бас болохгүй байх. Жишээ нь манай эмнэлэг дээр 10 хүн л үйлчлүүлэгчээс мөнгө авах ёстой гэж үзэж байгаа болохоос залуу эмч, ажилчид тийм биш шүү. Үнэнчээр мөрөөрөө сайхан ажиллаад цалингаа сайн авъя гэж бодож байгаа нь дийлэнх олонх нь байдаг. Цөөн буруу хүмүүс л хамт олны уур амьсгалыг эвддэг. Салбарын нэр хүндийг хэн унагадаг вэ гэвэл ажилдаа дургүй, чадваргүй сэтгэлгүй, зөв хандлагагүй, энэ салбарыг саалийн үнээ болгочихсон маш цөөхөн хүмүүс л унагадаг.
Нөгөө талаар миний зааж сургасан олон шавь нар намайг тойроод энэ төрөхөд ажиллаж байна. Би тэдэнд хүний төлөө байх ёстой гэж танхимд сургаж сургачихаад ажил дээр гараад буруу хүмүүстэй эвлэрч, буруу үлгэр үзүүлж болохгүй шүү дээ. Тэд миний үг яриа, үйл хөдлөл бүрийг харж байгаа. Хэлснээсээ өөрөөр хийдэг багш байх ёсгүй. Энэ үеийн цөөхөн муу хүмүүс залуу үед буруу үлгэр үзүүлж байна, гэхдээ зөв үлгэр үзүүлдэг хүн байдаг, буруу зөв тэмцэлддэг, тэгээд зөв нь дийлдэг гэдгийг залуу үеийн эмч нар хараасай гэж хүсэж байна. Хэрэв бугшмал буруу байдлыг одоо л зад татахгүй бол 10, 20 жилийн дараах анагаахын салбар одоогийнхоос бүүр л дор орно. Үүн шиг гуниг гэж байхгүй.
Одоо би эрхбиш эмч учраас яаж ийгээд эмнэлгийн тусламж аваад танил талаараа аваад байж болох байх. Бидний хүүхдүүд, ач зээ нар танилгүй бол эмнэлгийн хүлээн авах дээр амьсгал хураадаг, мөнгөгүй л бол хүүхэд нь энддэг байж болохгүй.
Өнөөдөр бид амиа, өчүүхэн нэр хүндээ сэвтээх вий гээд хуруугаа нууж, хошуугаа хамхиад байх хэрэггүй. Сайхан ирээдүйн төлөө л үгээ хэлж, үйлдлээ үзүүлж явах ёстой. Шүгэл үлээгч гэнэ үү, юу гэнэ үү хамаагүй, би өөрийн мөн чанараараа тэвчиж чадахгүй учраас л нэг мэдсэн ийм байдалд хүрчихлээ. Харин ч би үүгээрээ нэр төртэй ажил хийлээ, зөв зүйл хийлээ гэж бодож байна.
- Та сайддаа энэ бүхнийг орж ярьж байсан уу ер нь? Таны хамгийн түрүүнд зовлонгоо ярьж, дэмжлэг авч хамтран ажиллах ёстой хүн уг нь сайд биз дээ? ЭМЯ нийслэлийн харьяанаас шууд өөртөө татаж авсан гэж сайд ярьж байсан...
- Сайддаа ч хэлсэн, төрийн нарийн бичгийн даргадаа ч хэлсэн. “Таныг ойлгож байна, нэгдүгээр төрөх хэцүү шүү...” гээд л мушийж байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд, энэ байдал ганц “Өргөө” амаржих газарт л байгаа юм биш л дээ. Ерөнхийдөө л бүх түвшиндээ ийм байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энийг л дарга нар маань ойлгож засахын төлөө надад дэм болж, тусалж, хамт явсан бол ямар сайхан байсан бэ гэж харамсаж сууна.
Та бод доо, манай эмнэлэг хагас жилийн тайлангаа яамандаа хугацаанд нь өгөх гэхэд аваагүй шүү дээ, яамны Төрийн Захиргаа Удирдлагын газар. Тайлан аваагүй байж яамны хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжитлтний ёсзүйн хяналтын хорооноос шалгалт оруулсан.
Би шалгалтад их дуртай хүн л дээ. Үнэн зөвийг тогтоож надад туслана гэж горьддог. Гэтэл тэд ул суурьтай шалгаж, хоёр талыг байлцуулан хуралдаж, уулзаж, аль аль талын нь алдаа дутагдал ололт амжилтыг хэлээд өгөхийн оронд нөгөө бүлэглэлийн хов живийг тэр чигээр нь бичсэн дүгнэлт гаргасан байсан. Дээрээс нь тэр дүгнэлт нь миний гар дээр ч ирээгүй олон нийтэд цацагдаж байх жишээтэй. Нэг эмнэлгийн даргатай харьцуулшгүй өндөр дээд түвшин, миний түшиг тулгуур гэж бодож байсан яам маань, сайд маань ийм байхаар л итгэл сулраад ирж байгаа юм.
- Ямар ч байсан та идээ бээрийг нь бүрэн биш ч шахаад гаргаад ирлээ. Таны энэ жимээр хүмүүс бас эрүүл мэндийн салбарын талаар зоригтой дуугарч ч эхэллээ. Яаманд, томоохон эмнэлгүүдэд шалгалт орохоор болж байна. Ер нь та энэ салбарыг хэрхэн засаж сайжруулах ёстой гэж боддог вэ?
- Монгол уг нь жижигхэн шүү дээ, гуравхан сая хүнтэй улсын эрүүл мэндийн салбар тийм ч нүсэр юм биш. Эрүүл мэндийн даатгалын сангаас буюу иргэдийн төлсөн мөнгийг эмнэлгүүдэд шударга зөв хуваарилаад, дундаас нь идэж уугаад байхгүй бол ажлаа ч сайжруулаад, хүмүүсийнхээ цалинг ч нэмээд явах боломж бүрэн бий гэж боддог. Үнэндээ эмч, эмнэлгийн ажилтнууд маш бага цалингаар амаргүй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Эрхбиш өргөсөн тангарагтай хүмүүс учраас тэвчдэг. Цалингийн тогтолцоог заавал эргэж харах ёстой.
Манай салбарт хувь, хувьсгалыг ялгаж салгах их чухал юм байна гэж харагдаж байна.
Хамгийн наад захын нэг жишээ нь яам гүйцэтгэлийн тайлангаа авахгүй байна гэдэг нь салбарын чиг баримжаа зөв гарахгүй, статистик зөв гарахгүй. Статистик зөв гарахгүй болохоор төсөв зөв бодогдохгүй, хуваарилагдахгүй. Зөвхөн яамны ТЗУГ нь ийм л байна шүү дээ. Сайдыг нарийн мэргэжлийн хүмүүс л мэдээлэл, удирдамжаар хангана. Тэгж чадаагүй. Сайд салбараа өргөн хүрээнд бүхэлд нь уужуухан харж чадсангүй юу даа.
- Та ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэгтэй уулзсан байх. Тэдний дүгнэлт нааштай гарна гэсэн итгэл байна уу?
- Монголын төр тэр чигээрээ худал хуурмаг болчихсон гэж бодохгүй байна. Би ажлын хэсэгт маш их найдаж байгаа. Монголын төрийн бугшмал байдлыг өөрчлөх шинэ үе гарч ирсэн гэж найдаж, итгэж байгаа. Сахилга хариуцлагыг сайжруулах засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө л нэг жижигхээн эмнэлгийн дарга засгийн газрын зорилтод ач холбогдол өгч ажилласан.
- Гишүүн асан Г.Уянга таны тухай зогсоо зайгүй бичиж харагдана. Та хоёр ямар холбоотой юм бэ?
- Уянгаа миний төрснөөс ялгаагүй дүү минь. Түүнийг нуух ямар ч шаардлага байхгүй. Хүүхдүүдийг нь би эх барьж авсан хүйн ээж нь. Зөвхөн үүгээрээ төдийгүй бидний хандлага, зарчим ижил. Хувийн эрх ашгийг юман чинээ бодолгүй бусдын төлөө гэж зүтгэдэг хүмүүс нийгэмд будаа шиг элбэг байдаг гэж би боддоггүй. Тийм зарчимтай цөөхөн хүний нэг нь миний дүү нар, Уянгаагийн гэр бүл. Уянгаагийн хэлж ярьж, бичиж байгаа нь өөрийн нь л сэтгэл, үзэл бодол.
- Хэрэв сайдын шийдвэр буруу байсан нь тогтоогдож та буцаад томилогдвол?
- Би эрүүл мэндийн салбараас хаашаа ч явахгүй нь тодорхой. Хаана ч очсон баримталдаг зарчмаа мөрдлөг болгож, өөрийнхөө шалгуур, шаардлагыг хаана ч тавьж ажиллах болно. Ер нь намайг халах ямар ч үндэслэл байгаагүй. Хэрэв сайдын тушаал хэвээр үлдвэл нэр төрөө сэргээхийн тулд хууль хяналтын байгууллагад хандах болно. Сайдын тушаал алдаатай нь батлагдвал хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж “Өргөө” амаржих газрыг амаржих газруудын, цаашлаад эмнэлгийн байгууллагуудын жишиг газар болтол ажиллах болно. Бодож төлөвлөсөн, хийж амжаагүй олон ажлаа гүйцээх болно.
ЗГХЭГ-ын дарга Амарбаясгалан хэлэхдээ “Бүх шатанд хариуцлага сахилга батыг чангатгах зорилтыг манай ЗГ тавьж байгаа. Үүнд нийцсэн үйл ажиллагаа явуулж байсан даргыг халсан эсэхийг шалгана” гээд ажлын хэсэг томилсон шүү дээ. Ажлын хэсэг зорилгоо тодорхой ойлгож, үр дүнгээ гаргана гэж найдаж байна.
Төрсний дараах өрөөнүүдээ шинэчлэх, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж сайжруулан тусламж үйлчилгээгээ улам чанаржуулах, хариуцлагыг чанд мөрдүүлж, хийснийхээ хирээр авдаг зөв систем тогтоох, залуу эмч, сувилагч нараа чадавхжуулан сургахаас эхлээд үйлчлүүлэгчиддээ чиглэсэн олон ажлаа гүйцээх болно. Жишээ нь, нөхөр нь хүүхдийнхээ хүйг хайчилдаг дурсамжит сайхан мөчийг аавуудад олгох, төрсөн газраа хөрвөөдөг монголчуудын уламжлалт ёсыг хүндэтгэж тийм өрөө, танхимтай болгох гээд олон ажил дутуу орхигдсон.
Нийт сэтгэгдэл 0