"Загал" тууж
Хуваалцах:
img

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэн

Хөхөөн дуу цээлшиж, хөх ногооны униарт хайлмаг наран цатгалдсан дэлгэр улирлын салхины үзүүр морьдын хөлөөр талхлагдсан зургаан сарын арван тавдаар Дүүрэнжаргал хол нутгаас чамгүй үнэ хаян олж ирсэн загал үрээгээ шинжин гүүн зэлэн дээр өнжив.

Нутгийн ланжгар уяачид зүүн аймагруу хурдан морины наймаа панз үсэргэхээр санаа нийлэн мордоход гурван жил хураасан хэдэн төгрөгөө өвөртлөн дагаад давхичихсан билээ.

Хурд чуулсан нутгаас азарган үрээний үнэ ханш харж яваарай гэж аминчлан захисан нагац ах нь загал буурал үрээг учиргүй голж, годон сүүлтэй, бөгтөр нуруутай үрээ олигтой азарга болохгүй гэхэд үг хэлж чадаагүй.

Ганц адуу нэг шөнийн шуурганд... Ээ мөн тэнэг хүнээ гэсэн нутгийн харчуул шивэр

авир шивнэлдэж байгааг ч дамын үг явуулын салхинаас сонсов.

Гэвч чиг түүний сэтгэл гонсойсонгүй. Нутгийн адуунд иртэй харчууд, морь танихдаа гаргууд гэж гайхагдсан уяачид босоо дэлтэй борви туурай сайтай гэцгээн Асгат нутгийн унаган хүлгүүдээс шилж шигшиж үнэ өртөг цацлан авсан морьд олны нүд булааж, ам хуурайгүй магтах эрээ цээргүй үгэнд цагаан хэл ам тусах шахаж байлаа.

Харин хүзүү тавин үүргэлсэн бөгтөр нуруу, янхигар эрүүтэй данхар толгойгоо хаа нэг хаян үүрэглэх шодон буурлыг нүднийхээ булангаар хялайж харсангүй.

ххх ххх ххх

Ороо догшин, омголон дагшин морьдыг харж тас тас инээлдэх бэлтэй хөрөнгөтэй харчууд наймаа хийж дуустал машины сүүдэр бараадан суусан Дүүрэнжаргал дээр хариугүй муу дээлтэй хөх өвгөн ирж тамхилан суухдаа үүл унасан цэхэр нүдээрээ доогтой харж

-За хөвүүн морь шинжихгүй яав. Хол газраас ирсэн хүнд тоогдох алтан туурт алга уу гэхэд толгойгоо илэнн даруухан инээв.

-Манай нутгийн хонины морь танай тэнд салхин зэв хүлэг болдог л гэцгээх юм. Өвгөн ах нь ганц муу хүүхэнтэй. Хүүхэн маань тэнхээрхээд болдоггүй ээ. Зүрхэнд нь гажиг суучихсан бололтой. Насны бөгсөнд зүдэрч л явна гэж яриад Дүүрэнжаргалын тамхинаас угсруулан хэд татав.

За манай хэд ч морьдоо авчихлаа. Одоо ч найрлана биз дээ гээд намайг инээхэд

-Чи морь авахгүй юм уу гэж асуув.

-Өө миний бэл хүрэхгүй юм байна. Хорь гучин саяас л эхэлдэг шидтэй наймаа юмаа гээд сулхан инээлээ.

Өвгөн ахад нь ганц үрээ байна. Унагандаа өнчирч дуртайдаа мал болсон номхон амьтан. Уяж чадвал улс даяар гайхагдах удамт хүлгийн нэг дээ. Сайн морь эзнээ хүлээдэг юм гээд инээснээ

-Чи гурван саяыг өгөөд авах уу гэж асуув.

-Ах минь би хоёрхон сая төгрөгтэй. Юу ч гэхэв. Хаячихгүйхэн өвөртлөөд буцъя.

-Ах нь морио арилжиж чадвал хүүхнээ эмчлүүлэх санаатай. Чи миний үрээг үзэх үү гэж шалсан өвгөн өөрийнхөө унаж яваа морийг зааж

-Цаад загал чинь гээд орос эмээл тохсон шар үсээ ч хаяагүй буурал үрээг үзүүлэв.

Яг л чоно шиг хурц хараатай буурал үрээнд эмээл нь хүндэдсэн мэт элбэгдүү харагдлаа.

Гэхдээ хавирганы матаас хошногоны нүх нь нэг л өөр санагдаад байв.

-Унаад үзчих үү гэхэд

-Тэг тэг гээд цулбуураа өгөв. Лхаг лхаг гэсэн хүнд туурайгаа пад хийтэл цавчин ялаархах нь цаанаа л нэг бядлаг. Ийнхүү хэсэгхэн ярилцаж суутал хамт ирсэн бэл Содном хүрч ирээд

-Дүүрэн хүү адуу авахгүй юм уу гэхэд дуугарсангүй.

-За тийм дээ. Мөнгө төгрөгөө атгаад буцсан нь дээр гэж цаанаа л нэг тохуутай инээснээ

-Ахдаа мөнгөө зээлчих үү гэхэд толгой сэгсрэв.

Үнэхээр ч бийлэгжүү харчууд машинаадаа гүйцгээн цүнх саваа гайхуулан барьцгааж том цагаан гэрт цуван орж шуугилдав.

-Хүүхээ манайд очиж сүүмэнгийн хоол идэх үү гэсээр Дүүрэнжаргалыг дагуулан бослоо.

Өвгөнтэй хууч дэлгэн ярилцсаар өвгөнийд ирэхэд тунхидуу биетэй царайлаг бүсгүй сүү самрах зуур хэрчсэн гурилаа хийгээд галаа нэмж байлаа. Ганц нэгхэн борц хаясан сүүтэй гурил гойд амттай аж. Өвгөнтэй ярилцах зуур цүнхэнд явсан ганц шил архиа задлан өвгөнд аягалж өгөөд өөрийнхөө аяганд бас тонгойлгов.

-Өвгөн ах нь нэртэй сүртэй уяач биш ээ. Харин удам дамжиж ирсэн угшил сайт хэдэн сайхан адуутай байлаа.

Одоо ч хоёр гүү уналгын хоёр гурван хөгшин морьдтой үлдсэн хүн.

Энэ буурал үрээний шидийг хүн олж танихгүй ээ. Хол замд эцэхийг үзэхгүй дээ гэж ярив.

-Харин тийм. Хоёр сугандаа хоёр тийшээ эргэсэн хас шиг эргүүлэгтэй юм гэхэд өвгөний царай хувьсхийв.

-Чи олоод харчихжээ. Гярхай юм. Сүрэнжав ах нь уяж уралдуулах биш. Сайхан аргамаг хүлгийн заяа гомдчих вий гэж бодох юм гээд нулимсаа арчив.

Өвгөн уусан жаахан архиндаа цохиулаад нам унтахад Дүүрэнжаргал нойр нь хүрэхгүй хэвтсээр шөнийн сэвэлзүүр салхинд гармаар санагдаж, сэмхэн босч гарлаа.

Гэтэл гэрийн ойрхон идээшлэх буурал үрээний хоёр суганаас уур гараад байх шиг санагдахад дөхөөд очлоо.

Ойртоод ирэхээр мэдэгдэхгүй ч холдож очоод харахад цагаан хялгана бөхөлзөх мэт нарийхан уур гараад байх шиг санагдах аж.

Яах аргагүй өөрт заяасан хүлэг мэт санагдсанд Дүүрэнжаргалын сэтгэл гэгэлзэн буцан орж хэвтсэн ч нойр нь хүрсэнгүй.

Зуны шөнийн үүр хаяарах цагаар яаран боссон хархүү буурал үрээний дэргэд очоод сууж байтал өвгөн гарч ирэв.

-За өвгөн ах минь. Би үрээгээ аваад та мөнгөө аваад наймаа тохиръё.

Дүүд нь дөрвөн сая бэлэн явна. Та аваад үлд. Эр хүний замын хүзүү урт болохоор дахин ирж хөлтэйхөн наймаа хийнэ ээ гэхэд өвгөний харцанд нулимс бүрэлзэх шиг болж цахиртсан хоолойгоор

-Еэ ашгүй. Миний охин яасан азтай юм бэ гээд хэнгэнтэл санаа алдав.

Энэ бүхнийг бодон суусан Дүүрэнжаргал үрээнийхээ хөхөлийг боож, уяа тойруулан хөтөлж явахдаа Сүрэнжав өвгөнд тоолж өгсөн мөнгө охиных нь эмчилгээнд тус болоосой хэмээн санаа зовж явлаа.

Гуурст загал үрээ толгой хаялан үүрсэнэ.

Хэд хэдэн удаа зөөлөн хөлс авах зуур нутгийн өвгөчүүлээс сэмхэн асууж буурал үрээнийхээ уяа сойлгыг тааруулахаар хамаг л бодол санаагаа зангидаж байлаа.

Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэгчээр Дүүрэнжаргалыг харцгаа. Хөл дүүжлэх дөрвөн адууны үнээр ганц муу азарган үрээ аваад уяж л суудаг. Морио хөлслөхдөө явган явж байна гэж нагац ах нь чихэнд нь хонх уях нь түвэгтэй байлаа.

Буурал үрээгээ нэмнэн мордоод дориухан хөлс авсан ч нэг л болж өгөхгүй байв.

Гэтэл даргиа Балдан гэх өвгөн

-Миний хүү нөгөөдөр хөтлөөд оч. Өвөг нь хатгах гээд үзье. Гарын тамир барагдаж салга өвчтэй болсон ч хичээвэл болох байгаа гэж хэлүүлсэн байлаа.

Сайхан сэтгэлт өвгөний зөөлөн үгэнд уярсан Дүүрэнжаргал нагац ахаасаа морь гуйн унаж үрээгээ хөтөлсөөр шогшив.

Хүрэн даавуун дээл өмссөн цоохор өвгөн загал үрээг тойрч харан баахан шинжээд бодол болон сууж байснаа

-Адуу ч адуу юмаа хүү минь. Цагийн сайхан насны залууд Даргиагүй уяа байгаагүй юм.

Уясан морьдынхоо урссан хөлс, унагасан хомоолыг хүртэл үзүүлж явлаа гээд гунигтай инээснээ бор даавуунд боосон хатгуур хутгаа гаргаж ирээд хоёр гурван газар цус годгодтол хатгаад

-За нэг их хөлс авах хэрэггүй дээ. Хөнгөн тарлаад болчихно. Их сунгаанд очиж үзнэ ээ.

Наадмын өглөө жаахан саам өгчихөөрэй. Цээжээрээ амьсгаа татаад байх шиг санагдах юм гээд суганых нь хоёр эргүүлэгийг эрхий хурууныхаа өндөгөөр илбэж байлаа.

Үргэлжлэл бий...

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img