1 жил
Бидний мэдэх “Leon the Professional” киноны гол дүр Матилдаг санагдуулам гадаад төрхтэй, хөтөлж буй блогийнх нь бичвэрийн өнгө аяс нь ч бусдаас өвөрмөц , өөрийн гэсэн ертөнцтэй бүсгүйг энэ удаагийн Шинэ танил буландаа урилаа. Тэрбээр Монгол Улсын их сургуульд суралцдаг юм.
-Блог хөтөлж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?
-2019 оны гуравдугаар сараас эхлэн хөтөлсөн байгаа. Би унших, бодох, бодсоноо бичих дуртай хүн. Бусадтай тэр бүр бүх зүйлээ дэлгэж яриад байж чаддаггүй болохоор бичиж байж л сая тайвширдаг. Бичвэрүүдээс маань бага ч гэсэн мэдлэг, ухаарал, өөр мэдрэмж аваасай гэж хүсдэг юм.
-Бичвэрүүд тань ихэнхдээ кино, жүжиг, уран зохиол зэрэг урлагийн төрлүүдтэй холбоотой, зарим нь нийгмээ шүүмжилсэн өнгө аяс ажиглагддаг?
-Ер нь сэдвийн хувьд баригдахгүйг хичээдэг. Блог хөтлөх бол цэвэр хувь хүний л үзэл бодлоо бичиж буй хэлбэр. Надтай санаа нийлэхгүй байж болно. Би утга зохиол, урлаг судлалын мэргэжлээр суралцдаг. Уншсан номынхоо тухай сэтгэгдэл, шүүмжээ бас оруулна. Кино урлагт бол багаасаа л дурлаж эхэлсэн. Одоо бол сайн, муу киног ялгаж, шүүмжлэлт сэтгэлгээгээр үздэг болсон. Тэрийгээ л буулгадаг.
-Эмэгтэй хүн болж төрснийхөө төлөө, гадаад үзэмж, үзэл бодлоосоо бусдаас өөр байсан учраас ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж бичсэн байсан?
-Харамсалтай нь эмэгтэй хүн бараг өдөр бүр гудамжны халдлага, дарамтад өртдөг. Богино банзал өмсөөд явбал хойноос хашгирна, шүгэлдэнэ, эмзэг хэсэг рүү цохино, түлхэнэ. Энэ нь бүүр байж л байдаг хэвийн зүйл мэт болчихсон нь үнэхээр харамсмаар. Саяхан олон нийтийн сүлжээнд байдаг охидын бүлгэмд нэг охин нийтийн тээвэрт зорчиж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдгээ бичсэн байлаа. 1000 гаруй сэтгэгдлийг уншвал бүгд л ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн гэдгээ бичсэн байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж үзээгүй эмэгтэй хүн байхгүй юм шиг санагддаг. Үүнд их эмзэглэсэн учраас бичсэн байгаа. Дээрээс нь хүнийг толгойноос хөл хүртэл сонжсон харцад би дургүй. Энэ ч мөн ялгаварлал шүү дээ.
-Номын тэмдэглэл, шүүмж ч бичдэг юм билээ. Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Сүүлд Нобелийн шагналт зохиолч Мө Яны “Мэлхий” романыг уншсан. Бас японы зохиолч Мураками Харүкигийн “Торгон цэргийн хороон дарга” романы хоёр дахь ботийг, Г.Аюурзанын орчуулан, эмхэтгэсэн “Дэлхийн сонгомол өгүүллэг”-ийг би ер нь байсхийгээд л эргүүлж харах дуртай. Өгүүллэгийн сонголт нь сайн, орчуулга өөлөх юм байхгүй. Унших бүрт шинээр уншиж байгаа мэт өөр мэдрэмж авдаг.
-Кофе шопт ажиллаж байсан гэлээ. Кофены соёлын тухай ярьвал?
-Миний ажигласнаар залуусын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлдэг газар нь кофе шоп. Найзуудтайгаа халуун яриа өрнүүлэхээр ирнэ. Бас ихэнх хүн кофе шопт ажлаа хийх, ном уншихаар ирдэг. Кофе чинь зүгээр нэг уух зүйл биш. Энгийнээр тайлбарлавал кофены үр, үрийг нэрэх, хуурах аргаасаа хамаарч амт нь өөр, олон төрөл байна. Ажиллах хугацаандаа өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан олон зүйлийг ойлгож байлаа. Өдөр бүр олон хүнтэй харилцдаг учраас хүмүүсийн зан чанар бүгд өөр юм байна гэдгийг ойлгосон. Зарим нь соёлтой, боловсон, талархаж мэддэг бол, ширүүн, дээрэлхүү харилцааны өнгө аястай хүмүүстэй ч зөндөө таарч байсан.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0