ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА ЦЭРГИЙН СУРГАЛТЫН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулан залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдадаа болон эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч Та бүхэнд Цэргийн сургалтын алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье!
Монголчууд бид төрт улс, төрт ёсыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө баатарлагаар тэмцэж ирсэн цэрэг, арми, Зэвсэгт хүчний баялаг түүхтэй ард түмэн билээ. Иймээс олон зууны баатарлаг түүхтэй монгол эх орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын найдвартай баталгаа нь, эрх чөлөөт ард түмний энх амгалан оршихуйн бэлгэдэл нь цэрэг эрс байсаар ирсэн бахархам түүхтэй билээ.
Түүх сөхөх аваас, 1922 онд Бүх цэргийн зөвлөлөөс Хязгаарын ба нутгийн цэргийн бүх ангиуд цэргийн хэрэгт хэрхэн суралцаж байгаа байдлыг шалган байцааж, заавар зөвлөгөө өгч байх асуудлыг хариуцсан байцаах түшмэлд “... Бэйс Х.Чойбалсанг тохоон томилж, харьяат түшмэлийн дагаж шийтгэх дүрэм зүйлийг тогтоон батлан, Улиастай, Ховд, Алтанбулагийн сайдууд, олон хязгаарын сайд, түшмэл, Халх, Дөрвөд 6 аймгийн жанжин, чуулганы дарга, Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзав, Хатгал харуулын төлөөний түшмэл бэйл Цэмбэлжигжид, 1 дүгээр морьт бригадын ерөнхий түшмэл, их буу, даргын сургуулийн захирал нарт тус бүр явуулан тушаагаад, нэгэн адил шийтгүүлсүгэй” хэмээснээр өнөөгийн Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын үндэс суурь тавигдсан юм.
Өнгөрсөн ХХ зууны эхэнд “орших, эс орших”-ын заагт байсан манай орны түүхэнд цоо шинэ эргэлтийг авчирсан Ардын журамт цэргийн анхны ялалтаас түүчээлэн алдар гавьяа, амжилт бүтээлийн түүхээр мөнхөрсөн орчин цагийн Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн бүхий л үе шатанд Цэргийн сургалтын нэгж, албан тушаалтнуудын гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр асар их билээ. Тодруулбал, энэхүү нэгэн зууны түүхэн он жилүүдэд Цэргийн сургалт бэлтгэлийн газар, хэлтэс, албан тушаалтнууд нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргүүдийг амжилттай хэрэгжүүлэх үйл хэрэгт иргэд, цэргийн алба хаагчдыг сурган боловсруулах, хүн амыг бичиг үсэгт сургах, цэргийн сургалт бэлтгэлийн зохион байгуулалт, агуулга, арга, хэлбэрийг боловсронгуй болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцох, хилийн чанадад энхийг сахиулах зэрэг бүтээлч үйл ажиллагаанд ямагт манлайлагч хүчин нь байсаар ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.
Өдгөө мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бүрдүүлэн, цэргийн сургалт бэлтгэл нь шинжлэх ухаан, технологи, инновацад суурилж, бэлэн байдал, зэвсэглэл, цэргийн техник, үүрэг гүйцэтгэх чадвараар дэлхийн жишигт хүрэхийг зорьж буй өндөр хариуцлагатай цаг үед Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцэд Сургалт бэлтгэлийн газрыг шинэчлэн байгуулснаар удирдлагын баримт бичгүүдийг боловсронгуй болгож, албан тушаалтан бүрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, удирдлага, зохион байгуулалт, хяналтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломж бүрдлээ.
Цаашид Зэвсэгт хүчний өмнө дэвшүүлсэн бодлого, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, цэргийн сургалтад дэвшилтэт арга, технологи, инновацыг нэвтрүүлэх, нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, дадлага, ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын үр дүнг нэмэгдүүлэх, олон улсын сургууль, сургалт, дадлагыг өндөр үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах ажилд манлайлах үүргийг хүлээж, өмнөх амжилт ололтдоо тулгуурлан дайчин замнал, түүхэн уламжлалаа улам бүр баяжуулж чадна гэдэгт итгэл төгс байна.
Та бүхэндээ Цэргийн сургалт бэлтгэлийн алба үүсэж хөгжсөний түүхт ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн бахдам түүх, бахархам амжилт үеийн үед
мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА
Нийт сэтгэгдэл 0