Зохиолч, сэтгүүлч О.Энх-Жавхлан
Нурмааг автобусанд суухад гадаа цас, бороо холилдон орж байв. Гудамжаар нэлийсэн шавхайнаас зорчигчид гутлынхаа хэмжээгээр тасчин авсаар автобусны шал авах юм алга, нов нойтон, орж ирсэн хүн сэрэггүйхэн зогсоход л халтиран гулгаж, хаашаа ч хамаагүй нисчихээр ажээ.
Тэр л дагуу Нурмаа уран гулгалтын тэмцээний туршлагагүй оролцогч шиг халтирсаар тэр эмэгтэйн сандлын хажууд очихын алддаа сая л бариулаас нь зуурч завджээ. “Хүүе, миний охин уначихав” гэж сандран дуу алдаад, гараас нь түшсэн тэр эмэгтэйн царайг зэрвэс ажихын төдийд бүсгүйн зүрхэнд тийм гэхийн тэмдэггүй зөөлхөн уянга эгшиглэв.
Настайвтар эмэгтэй цайвар царайтай. Царайдаа яг зохицсон томоо тунгалаг нүдтэй, бас нүдний шилтэй. Нүүрээ хөнгөхөн энгэсэгдэж, хөмсгөө хар өнгийн харандаагаар тодруулаад, уруулаа буджээ. Үсэндээ хийлгэсэн буржгар хими суларсныг үзэхэд үсчин ороогүй удсан бололтой. Эмэгтэйн гамтайхан эдэлсэн ч он цагийн эрхээр элэгдэж яваа хүрмийг харахын төдийд л Нурмаагийн нүдний аяганд нулимс дүүрээд ирэв.
Тэрхэн мөчид эмэгтэйн цүнхэнд гар утас дуугарлаа. Хямдхан гар утаснаас тачигнах этгээд гадаад дуу яавч тэр эмэгтэйн сонголт биш.
Эмэгтэй цочиж, басхүү хавийн хүмүүсээ үймүүлсэндээ санаа зовсхийсээр цүнхээ тайван, нямбайхан онгойлгож, хажуугийн халаасанд хямгадан хийсэн гар утсаа аажуухан гаргав.
- Ээж, та хаана явна? гэх захирангуй дуу утасны цаанаас хажууд зогсоо Нурмаад тодхон дуулдав.
- Ээж нь автобусанд явж байна аа. Удахгүй очлоо гэж эмэгтэй аргадангуй хэлж байна.
- Хурдал л даа. Ямар алба ажилтай биш юундаа ингэж уддаг юм. Би маш чухал ажилтай гэж танд хэлсэн ш дээ. Гармаар байна. Энэ хэдэн хүүхэд өлсөж орилолдоод хэрэг алга гэж мөнөөх хархүү уцаарлаж байна.
- Харин ээж нь гарах гэтэл... дүү нь ирээд. Мэндээгийн хадмууд эмнэлэгт хэвтсэн гэнэ ээ. Тэгээд цай, хоол хийж өгөөд... гэж эмэгтэй учирлана.
- Мэндээ ямар гар хөлгүй юм уу? Өөрөө цай, хоолоо хийгээд хадмуудаа эргэнэ биз. Та ямар тэдний зарц юм уу? гэж танихгүй хархүү тасхийгээд л явчихлаа.
- Яах нь вэ хөөрхийг. Ядарсан муу дүүгээ юунд дандаа өөчилж байдаг юм. Ээж нь удахгүй очоод тухтай ярья. Чи түр хүлээж бай гэж эмэгтэй зөөлхөн өгүүлэв.
- Тухтай ярих юу байдаг юм. Та миний захисан юмыг авчирч байна уу? гэж хархүү асуулаа.
- Ээ халаг, ээж нь мартчихаж. Гурван буудал явчихсан байна. Маргааш болохгүй юу? гэж эмэгтэй асуучихсан биш байдал бишидлээ.
- Юу яриад байгаа юм бэ? Өнөөдөр л заавал хэрэгтэй гэж би танд өчнөөн сануулсан биз дээ. Одоо би тэгээд яаж гарах юм? Хамаг ажил баллачихлаа гэж утасны цаанаас омогдож байна. Хажууд байгаа бол омогтой хархүү эхийгээ бараг цохиод авах нь ээ.
- Эртээд ээж нь автобусны картаа хулгайчид суйлуулчихсан юм аа. Халамжид бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн. Арай авч амжаагүй байна. Өнөөдөр танайд очоод буцахад таарах л мөнгөтэй явна. Маргааш яг марталгүй аваад очъё гэж эмэгтэй царайчлангуй хэлж байна.
- Тэрийг авчрахгүй бол та ийшээ ирсний ч хэрэггүй. Угаасаа танд найдах хэрэггүй байж. Ёстой завхарсан юм... гэж ууртай хархүү мэдэгдээд утсаа шууд таслав.
Эмэгтэй сандран эргэж залгатал...
- Энэ дуудлагыг хийхэд таны дансан дахь үлдэгдэл хүрэлцэхгүй байна...
Түүнийг сонсоод эмэгтэй санаа алдлаа.
Санамсаргүй тохиолдлоор ээж, хүү хоёрын яриаг сонсчихсондоо Нурмаа эвгүйрхэв. Зүс огт танихгүй омогтой хархүүд эмэгтэй биш Нурмаа өөрөө л загнуулчихсан юм шиг санагдана.
Жолооч дараагийн буудлыг зарлах зуур эмэгтэй аажуухнаар сандлаасаа босож, болгоомжтойгоор үүд рүү зүглэв.
Яагаад ч юм Нурмаа эмэгтэйг дагаад буужээ.
Урд талд нь жигтэйхэн танил хүрэмтэй өнөөх эмэгтэй явна. Бодвол хүүгийнхээ захисан зүйлийг авах гэж гурван буудал газар алхахаар шийдсэн бололтой.
Эмэгтэйн хөл муутайг Нурмаа сая л анзаарлаа. Хөлийнх нь булчин бүдүүрснээс хуучивтар гутлынх нь цахилгаан гүйцэд татагдсангүй. Голцуу үр хүүхдээ гэсээр өөрийгөө хайхралгүй хаячихсан олон хүүхэдтэй ээжүүдийн хөл ингэж мууддагийг Нурмаа сайн мэднэ.
Ийм эмэгтэйчүүдийн даралт ихэсвэл, эсвэл ядарвал оройдоо хөл нь хавагнадаг. Дарахад эрхий хурууны чинээ ором гардаг юм. Түүнийгээ хаа нэг гэрт нь ирэх найздаа, эсвэл халамж, группээ сунгуулахаар явахдаа өрхийн эмчид л үзүүлнэ үү гэхээс хэрийн хүнд хэлэх ч үгүй, тэгээд ч амьдрал мэдэхгүй хүүхдүүд нь ямар тоох биш дээ.
Энгэсэг оод мөнгө зарахгүй, хөмсөг зурдаг хар харандаагаа уйгагүй үзүүрлэсээр хэдэн жил хэрэглэнэ, уруулын будаг нь голдуу охид, бэрүүдийнх нь дуусах дөхсөн будаг байх ба аз болоход цайвар царайтай хүнд ямар ч будаг зохидог...
Цас, бороо холилдон орох хаврын жихүүцэм хүйтэнд эмэгтэй аажуухан алхсаар. Загвар нь хуучирсан нимгэн хүрэмнийх нь хормой салхинд үе үе дэрвэнэ.
“Нүдний шил нь цантаад хэцүү л байгаа даа” гэж бодсон чинь Нурмаагийн нулимс асгарчээ. Ажлаасаа арайхийн чөлөө авсан Нурмаа ээжийгээ эмнэлэгт хэвтүүлчихээд эргээд ажил руугаа яарсан юм даг. Хожим “ажилдаа биш ээждээ л яардаг байж дээ” гэж санах бүр чичлүүр хутгаар зүрхийг нь сийчих шиг болдог.
Тэр сарын өмнө хайрт эхийгээ нутаглуулсан юм. Газар, тэнгэр нийлэн, хавсарга шороо тавьсан гашуудалт өдрөөс хойш яг 30 хонож буй.
Өглөөн наран бүүдийж угтсан тэр өдрөөс хойш бүсгүй гадуур явахдаа хэн нэгнийг харцаараа хайдаг болчихсон юм.
Хамгаас эрхэм, хайртай хүнээ хүйтэн шороонд булаад үлдээснээ мэдэхийн дээдээр мэдсээр мөртлөө “Арай ээж минь амьд байгаа юм биш байгаа даа” гэсэн хүүхдийн гэнэхэн бодлоор хөлхсөн түмэн дотор эрэлд хатах болсноо урьд ер төсөөлж ч байсангүй, хожмын өдөр ч огтоос ойлгохгүй биз.
Хуурамч хорвоогийн үнэнтэй хүлцэн зохицох гэж ядсан бүсгүй алсаас дэндүү адилхан нэгнийг хараад өөрийн эрхгүй араас нь дагаж, гүйцэн очихын алддаа л орчлон дээр цорын ганц заяасан эгэлгүй сайхан царай биш болохыг сая таньж эргэдэг билээ л.
Өнөөдөр ч бас хаврын хуйсганасан өдөр, зорьж бодсон хамаг ажлаа мартаад ээжтэй нь адилхан хүрэмтэй, ээжтэй нь ижилхэн цайвар царай, тунгалаг том нүд, нүдний шилтэй, хөл муутай эмэгтэйг дагаад алхаж байгаа нь тэрхүү ойлгомжгүй үйлдлүүдийн л нэг.
Нурмаа алхаагаа хурдасган мөнөөх эмэгтэйг гүйцэж түрүүлээд “Эгч ээ, та таксидаад яваарай” гэж хэлээд 20000 төгрөг өгчихөөд эргэн буудал руу алхжээ. Ээжтэй нь адилхан тэр эмэгтэй хэчнээн баярлаж, араас нь сайн сайхан ерөөл өргөж буйг бүсгүй төсөөлж байлаа.
Дөчин дөрөвхөн хоногийн өмнө ээжтэйгээ байхдаа Нурмаа үүнийг мэддэггүй байсан юм...