Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой ахиц дэвшил, гаргасан банкуудыг жил бүр уламжлал болгон шалгаруулдаг бөгөөд энэ жил ХААН Банк амжилтаа бататган, хоёр дахь жилдээ “Шилдэг ТоС байгууллага”-аар шалгарлаа.
ХААН Банкны хувьд 2018 оноос хойш тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр олон бодитой ажлууд хийж, хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, 2022 оны III улирлын байдлаар ХААН Банк нь системийн хэмжээнд олгосон ногоон зээлийн багцын 24.5 хувийг дангаар бүрдүүлж байна. Үүнээс гадна харилцагчдад хүргэх ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Тогтвортой ноос ноолуурын нийлүүлэлтийг дэмжих ногоон зээл, Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бизнесийн ногоон зээл, Гэр бүлийн ногоон зээл зэрэг ногоон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгон ажиллаж байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилтийн чиглэлээр нийт салбар нэгж, бизнес төвүүдийн захирлуудад цогц ойлголт өгөх зорилгоор Германы зөвлөх үйлчилгээ үзүүлэгч IPC байгууллагатай хамтран оролцоонд суурилсан сургалтын агуулгыг боловсруулж, нийт 75 удирдах ажилтныг амжилттай хамруулаад байна. Түүнчлэн ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 70 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээг 2022 оны 10-р сард үзэглээд буй бөгөөд энэ хүрээнд 60 сая ам.долларыг байгаль орчинд ээлтэй ногоон зээлийг санхүүжүүлэх, 10 сая ам.долларыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Цаашид ХААН Банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу байгаль орчинд ээлтэй, тэгш эрх, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын өвийг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих, ил тод хариуцлагатай байдлыг дэмжихэд идэвхийлэн ажиллах болно.
Ташрамд дурдахад, ТоС холбооноос тодорхойлсон Тогтвортой санхүүжилтийн 8 зарчмыг 2015 оноос арилжааны банкууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй 2022 оноос банк санхүүгийн салбар, банк бус санхүүгийн байгууллагууд болон бизнесийн байгууллагуудад нээлттэй болж, гишүүнчлэлийн цар хүрээгээ илүү өргөжүүлээд буй юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0