Нутаг нугаадаа ирж, ах нараа бараадан хэд хонов. Зуслан гарах их нүүдлийг амдаж ирсэн тул хонь мал хариулсан шиг, адуу тэмээ хураасан шиг хоног өдрийг өнгөрөөлөө. Ачлагын гол хөшүүрэг нь тэмээ тул тэмээгээ уул бараадуулан хашиж цагдах томоохон ажилтай. Ингэх зуур “ногооны тэмээ худалч хүн хоёр яг адил” гэх хэлцийг ч гүнээ ухамсарлан байв. Ногоо хөөсөн тэмээ ер нь л тогтворгүй агаад харагдаж байгаа газар нь яваад очиход алга болчихсон байдаг тул худалч хүний ааш авиртай адилтгажээ.
Алтай бараадсан манайхны нүүдэл аль л элэн хулангийн үеэс угшилтай. Ойрын эш татахад л хөгшөө аав минь алдарт Гурван Сэнхэрийн нэг Хуурай Сэнхэрийг өгсөж уруудан, эргэх дөрвөн цагийн ээлжлэлд малаа адгуулсаар иржээ. Харин аав минь хоржигноод урсдаг Хоржийн гол руу бүхий л насаараа зүтгэн, салхи шуурга, цас бороо, шамарга боронгыг аргадан, өгсөж уруудсан. Одоо ах нар минь нүүж байна. Нүүдэл дунд би нүд нээсэн, хөлд орсон, хэлд орсон, тусд орсон. Харин одоо нүүдэл хэмээх нь соёлын томоохон өв болохыг ойлгож ухамсарлаж явна.
Гэрийнхээ унь хана, дээвэр туургыг тэмээндээ тааруулж хомнох, тэн тэнцүүлэх, аахар шаахар ачаагаа багтаах зэрэг нь гэрийн эзний арга ухаан. Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаадаг монголчууд таван тэмээнд л тавилгатай гэрээ бүрэн багтаадаг ард түмэн. Атныхаа нуруунд гэр минь багтдаг гэж ардын уран зохиолч баавай минь тун ч цэцтэй хэлсэн байдаг сан. Малчин монголчууд “ачих нь яах вэ, арчих нь яана аа” гэж тэмээ хэлдэг хэмээн элдэв хогийг нь цэвэрлэж баймааж ачаална. Хөшиг, цаваг тэргүүтнээр өөг тавина, дээвэр туургаа уртаар нь нугалж эвхэн, амсар хэсгийг нь өөд харуулан, бөх дагуулж хайчилж барина. Хайчлахад бас учир бий. Аяс, яйв, далбиран бөхтэй тэмээдийг бөхийг нь сөргүүлж хайчилна. Энэ нь ачаа хазайх, бөх холгохоос сэргийлсэн тун чухал алхам. Унь ханаа хавирганд нь барьж, хөнжил гудас сэлтийг завсарт нь шингээснээр хом болно. Хананы шийр, унины сагалдаргатай хэсгийг урагш нь харуулж ачна. Ер нь хом сайн байхад л ачаа цэгцэрчихнэ. Тэмээ хомоо даадаг, хом нь ачаагаа даадаг гэж үг бий.
Тэмээ ачихад гурван төрлийн аргамж бий. Эх, хом, тэнжээний аргамж. Хом аргамжаар тэмээ хомнох бол, тэнжээний аргамжаар тэн тэнцүүлнэ, эх аргамжаар ачаа татна. Тэнжээний аргамж, гэрийн тэнжээ гэдэг нь угтаа нэг л утгатай үг. Тэн, тэгнэх гэдгээс гаралтай. Хуучны хөгшчүүлд сарлагийн савгаар, тэмээ, хонины ноосоор, адууны дэл сүүлээр нийтгэж томсон эх, хом, тэнжээний аргамж гэж тус тусдаа хялгасан аргамж байдаг байв. Бас үхрийн ширээр бэлдсэн сур аргамж ч бий. Эх аргамж арван хоёр алд бол хом, тэнжээнийх зургаа зургаан алд байхад л тохирно. Тэрчлэн тавагчлаа таван алдад таарна гэж үг бий. Өмнө нь бид тэмээ гануулдахын тухай өгүүлж байсан билээ. Энэ нь тэмээг хэвтүүлсний дараад хамаарч байгаа бол тавагчлах гэдэг нь хангал тэмээг хэвтүүлэхийг хэлж байгаа хэрэг. Бурантгаас нь нэг хүн сөглөж, нэг хүн буруу урд хөлийн таахай хэсэгт аргамж оруулан, бөхний завсраар дамнуулж, зөв хойд хөлийн таахайд оруулснаар буцааж, бөх дундуур дамнуулан хүчтэйхэн татахад урд хөл бохирч, хойд хөл татагдан тэмээ аандаа хэвтэж байгаа нь тэр. Харин хэвтэх үес эх, хом аргамжийнхаа хийртэй хэсгийг тэмээний гэдсэнд тааруулах бөгөөд тэмээ хэрсэндүүлчих вий гэж болгоомжилно. Эх, хом аргамж хийр дундуур чөлөөтэй гүйж байх хэрэгтэй. Хийр гэдэг нь тэмээний гэдэс холгуулахгүй хамгаалалт болж буй хэсэг. Хэвтүүлсний дараа зантайхан тэмээний шил дамнуулан урд хоёр хөлийг хүлж уяхыг тэмээ гануулдах гэнэ.
Эхэн тэмээнд хүүхдээ, удаах тэмээнд авдар тооноо ачна. Харин баганатай тэмээг хамгийн сүүлд чөрхөлнө. Унь баганаар хомносон тэмээг хэлж байгаа хэрэг. Ачаа хөтлөхөд ч нарийн ур дүй шаардана. Хурдан түргэн алхвал тэмээнд халгаатай тул нэгэн хэмнэлээр тогтуун алхана. Амарч удаан сууваас тэмээний нуруу хөшнө. Ингээд л уул алтайдаа залбираад, “тэмээн ачаа хойг хойг” гэж алхална. Бартаа саадтай газар тэмээгээ түшиж, түлхэж давуулна.
Шинэ бууринд ирэх үес урьтаж гарсан айл саахалтад С.Дулам гуайн шүлэглэсэн
Нүүдэл, нүүдэл гэж
Гадаа хүүхэд хөөрнө
Уудал, уудал гэх шиг
Гал дээр цай оргино гэх монгол ахуйн дүр тодорно. Гадаа хүүхдүүд хөөрцөглөөд л, гэрт эмгэдийн галд цай хөөрөөд л...Шинэхэн буцалсан цай айл саахалтаас ирж, “буурь өлзийтэй байг” хэмээн хол ойрыг хүүнэлдэж, улмаар хана дугуйлна, тооно босгоно, унь өлгөнө, харц харна, дээвэр туурга хөдөргөнө. Шинэ буурийн цай ууна.
Нүүх зүгээдээ тооноо гаргахаас эхлээд л шинэ бууринд буух хүртэл соёл, ёс заншлын арвин их өв тээсэн монгол нүүдэл...
Х.Гэндэнпил