Р.Мөнхтуяа: Харилцагчидтайгаа хамтдаа өсөж байгаа нь ХААН Банкны хамгийн том ололт
Хуваалцах:
img

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяатай ярилцлаа.

- Банкны салбарын реформ нь хөрөнгийн зах зээлд болон танай салбарт ямар өөрчлөлт, үр дүн авчирна гэж та дүгнэж байна вэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1991 оноос арилжааны банкууд болон Монголын хөрөнгийн бирж зэрэг үүсэн байгуулагдаж, өнөөдөр 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын жишгийн дагуу хөгжиж яваа салбар бол яах аргагүй манай улсын банкны салбар юм. Санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар эзэлдэг. Тиймээс банкууд нээлттэй компани болсноор Монголын хөрөнгийн зах зээл ч үүнийг дагаад хөгжиж тодорхой хэмжээнд үнэлгээ нь нэмэгдэнэ. Энэ хэрээр Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа олон улсын түвшинд очно гэж бодож байна.

Арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд гарч, биржид бүртгэлтэй болсноор маш олон оролцогч үүнд татагдан оролцоно. Олон нийтийн хараа хяналт сайжирч, цэвэр тунгалаг, ил тод, сайн засаглалтай банкны систем бий болон хөгжих боломж нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд банканд зөвхөн хадгаламж нээлгэж мөнгөө өсгөх бус, хөрөнгийн зах зээлээс банкны хувьцаа, үнэт цаас худалдан авч орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж, үр шимийг нь бодитоор хүртэх болно. Энэ хүрээнд бид шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдадаа хамгийн өндөр ашигтай, хамгийн зөв хөрөнгө оруулалтын сонголт байхыг эрмэлзэж, банкны засаглал болон ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн санаачилгатай ажиллаж байна.

-ХААН Банк нийт хувьцааныхаа хэдэн хувийг олон нийтэд санал болгож байна вэ?
-Бид нийт хувьцааныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 191,219,800 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцаагаа 959 төгрөгөөр үнэлж, нийт 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийтэд санал болгож буй хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 15 хувийг олон нийтэд санал болгоно.

- ХААН Банкны IPO юугаараа онцлог байх вэ?
-Бидний төлөвлөж буйгаар хамгийн олон оролцогчтой, хамгийн их мөнгөн дүнг анхдагч зах зээлээс босгосон Монголын хөрөнгийн биржийн хамгийн том арилжаа болно. Санхүүгийн хувьд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж, харилцагч, хөрөнгө оруулагч нартаа жил бүр татварын дараах цэвэр ашгийн 40-60 хувийг ногдол ашиг болгон хуваарилахаар бид төлөвлөж байна.

-Банкны хадгаламж эзэмшигч болон хувьцаа эзэмшигчийн ялгаа юу вэ?
-Хадгаламж эзэмшигч байгуулсан гэрээний дагуу хадгаламжийн хүүгийн ашиг хүртэнэ. Банк хадгаламж эзэмшигчийн өмнө төлбөр түргэн гүйцэтгэх болон найдвартай байдлыг хангах үүрэгтэй байдаг. Мөн Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 сая төгрөг хүртэлх хадгаламж даатгагддаг. Харин хувьцаа эзэмшигч нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаасаа ногдол ашиг хүртэнэ. Мөн тухайн байгууллагын цаашдын хөгжлийг тодорхойлоход санал өгөх, цаашлаад оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Аливаа үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхдээ заавал судлах ёстой. Хувьцаа худалдан авахаар зэхэж байгаа бол тухайн хүн хөрөнгө оруулалт хийх компаниа зөв сонгох ёстой. Санхүүгийн тасралтгүй, найдвартай, тогтвортой үйл ажиллагаа, сайн засаглал болон ашигтай ажилладаг эсэхийг нь харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын цаашдын ашигт ажиллагааг чухалчилж, нэгж хувьцаанд ногдож байгаа өгөөжийн хэмжээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хувьцаа эзэмшигч хүний хувьд тухайн хувьцааны үнийг ярихаас илүү нэгж хувьцаанд ногдох өгөөжийг харах хэрэгтэй. Өөрийн хөрөнгийн өгөөж бол тухайн банкны хувьцаа эзэмшигч болон хувь нийлүүлсэн хүн хэдэн хувийн ашиг хүртэх вэ гэдгийг тодорхойлдог үзүүлэлт юм. Тийм учраас өөрийн хөрөнгийн өгөөж гэж онцолж ярьдаг. ХААН Банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2021 онд 23.2 хувьтай байсан бол 2022 онд 29.4 хувь болж өссөн. Өөрөөр хэлбэл, ХААН Банкны хувьцааны 100 төгрөг тутмын хөрөнгө оруулалт нь 29 төгрөгийн ашигтай ажиллаж байна гэсэн үг.

- Хамгийн хүртээмжтэй, хамгийн хүчирхэг, хамгийн том гэхчилэн ХААН Банк бусдаас ялгарах онцлог ихтэй. Цаашдаа ямар бодлого, стратегитэй ажиллах вэ?
-Сүүлийн жилүүдэд бид олон улсын жишгийн дагуу дижитал шилжилт хийж байна. 2021-2023 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд анх удаа “Дижитал стратеги”-ийг баталсан. Энэ стратегийг хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байна. Үүнийг батлахаас өмнө ХААН Банкны цахимжилт дэлхийн түвшинд хаана явж байгааг “Deloitte Digital” олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн. Цаашид ямар ажлууд хийх ёстой вэ гэдэг замын зураг бий болгож, төлөвлөгөөгөө гаргасан. Үүний дагуу олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээнүүд шинээр гарган ажиллаж байна.

Бидний хийж буй ажлууд, ололт амжилтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, рейтинг тогтоодог олон улсын байгууллагууд үнэлж, ХААН Банкийг олон удаа шилдэг банкаар шалгаруулсан. Гэхдээ шилдэг банкаар шалгарснаас илүүтэй хамгийн чухал ололт бол харилцагчидтайгаа илүү ойртож ажилласан явдал юм. Дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан “Хамтын өсөлт төгөлдөр” урианы дагуу харилцагчидтайгаа хамтдаа өсөж хөгжиж байгаа нь ХААН Банкны хамгийн том ололт юм. Мөн үүний хажуугаар ажилтнууд маань ч цуг хөгжиж байна. Ажилтнууд улам илүү мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж, уламжлалт банкны салбарын ажилтнаас “дижитал банкны ажилтан” болж өсөж байна.

-ХААН Банкны томоохон хувьцаа эзэмшигчид олон нийтэд нээлттэй компани болж, IPO гаргах гэж байгаа үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Банкны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нэгдүгээрт, нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болох, хоёрдугаарт, банкны нэг хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааны дээд хэмжээг 20 хувиар хязгаарласан. Манай хувьцаа эзэмшигчид бүх хууль, журмыг дагаж биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн, анх удаа олон нийтэд хувьцаа гаргах (IPO) ажлыг дэмжин ажиллаж байгаа.

-IPO-ын хүрээнд татан төвлөрүүлсэн хөрөнгөө ХААН Банк юунд зарцуулах вэ?
-Олон нийтээс татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй 183.4 тэрбум төгрөгийг банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөж байна.

Бид саяхан 60 сая ам.долларын, Монгол Улсын анхны ногоон бондыг олон улсын зах зээлд гаргасан. Үүнээс өмнөх жилүүдэд Олон улсын санхүүгийн корпорациас нэлээн их хэмжээний  санхүүжилт татсанаас 90 сая ам.долларыг ногоон зээлийн санхүүжүүлэх зорилгоор авсан.  Нийлээд 150 сая долларын эх  үүсвэрийг зөвхөн Ногоон зээлийн санхүүжилтэд зарцуулах гэж байна. IPO-ын хүрээнд босгох хөрөнгө оруулалтын гуравны нэгийг ногоон зээлд зарцуулна гэж дээр хэлсэн. Тэгэхээр 2025 он гэхэд 500-гаад тэрбум төгрөгийн ногоон зээл олгохоор байна. Үүний тулд бизнесийн зээлийн 9, хэрэглээний зээлийн 4 төрлийн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг шинээр харилцагчдадаа санал болгоод байна. IPO-ын татан төвлөрүүлэх хөрөнгийн гуравны нэгийг урт хугацаатай орон сууцны зээл, үлдсэн гуравны нэгийг мэдээллийн технологийн шинэ төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зарцуулна. ХААН Банк өнөөдрийг хүртэл жилдээ 60-100 тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл, мөн АТМ, Киоск машин зэрэг технологийг дэмжсэн  тоног төхөөрөмжүүдийн хөрөнгө оруулалтад зарцуулж ирсэн. IPO-д босгож байгаа мөнгөний 60-аад тэрбум төгрөгийг үүнд нэмж оруулна. Ялангуяа 2023 онд бид дижитал салбар, цэгүүдийг олноор нээж ажиллуулна. Саяхан 4-р сарын эхээр хамгийн анхны дижитал салбарыг Яармагийн Белмонте салбарын дэргэд нээлээ. Энэ салбаруудаас банкны салбарт очиж  авдаг бүх үйлчилгээг тоног төхөөрөмжүүдээр дамжуулж иргэд өөртөө үйлчлэн авах боломжтой. Энэ жил бид нийт 10 дижитал салбарыг нийслэлд, ирэх жилээс аймгийн төвүүдэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хөрөнгийн зах зээлд танай банк 1.8 их наяд төгрөгийн үнэлгээтэйгээр хөл тавих гэж байна. Цаашид зах зээлийн үнэлгээгээ хэр өснө гэж төсөөлж байна вэ?
-Нэг жишээ хэлье. 2003 онд ХААН Банк хувьчлагдах үед нийт актив хөрөнгө 88 тэрбум төгрөг байсан бол 20 жилийн дараа 15 их наяд төгрөг буюу 169 дахин өссөн. Банкны өөрийн хөрөнгө ч гэсэн тэр хэмжээгээр өссөн гэсэн үг. ХААН Банк 1.5 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Хувьцаат компани болж, нийтэд хувьцаагаа гаргаснаар 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, оны эцэс гэхэд тухайн жилийн ашигтайгаа нийлээд өөрийн хөрөнгийн хэмжээ 1.9-2.0 их наяд төгрөг болно гэсэн  төсөөлөлтэй байна. Банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр ирээдүйд өсөх, чадавхжих боломж бий болдог. Учир нь санхүүгийн гол харьцаа үзүүлэлт өөрийн хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогдож байдаг. Өөрийн хөрөнгө нэмэгдэхийн хэрээр банкны актив өсөх, олгож буй зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой болно. Монголын эдийн засаг энэ хэрээр тэлнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.

-Танай банкны хувьцааг худалдан авахаар төлөвлөж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
-Ирээдүйн хувьцаа эзэмшигчдэдээ болон одоо байгаа хувьцаа эзэмшигчдэдээ хандаад хэлэхэд ХААН Банк бол тасралтгүй тогтвортой, санхүүгийн хувьд хүчирхэг байдлаа үргэлжлүүлэн хангасаар байх болно. Мөн урт хугацаандаа холыг харсан,  хамтын үнэ цэнийг бий болгох, ногдол ашгаас үр өгөөж хүртэх урт хугацааны хөрөнгө оруулалт хийхийг харилцагчдадаа уриалмаар байна. Хөрөнгийн зах зээлд ханш хэлбэлздэг тул таамаглал, богино хугацааны хөрөнгө оруулалтаас зайлсхийгээрэй.  Ингээд ирээдүйн хөрөнгө оруулагчид, харилцагчид та бүхэнтэй урт хугацаанд, үр шимтэй,  амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img