Байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор “Монгол женетикс сервис” компани 2016 оноос хойш мах, ноосны чиглэлийн суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуй эрхэлж байна. Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлж байгаа үүлдэр юм. Үүнээс гадна жигд, нарийвтар ноостой, тус хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд эдэлгээ даах чанараар гайхагддаг тул Канад, Австрали, Америк, Англи болон Европын улсууд ихээр худалдан авч нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2001-2007 онд хэрэгжүүлсэн “Махны шинэ хэвшлийн хонь бий болгох” шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд манай улсад анхны туршилт, судалгааг хийж байжээ. Дээрх төслийн үр дүнд бэлчээрийн даацад тохирсон, ашиг орлого сайтай хонины аж ахуй эрхлэхэд хамгийн тохиромжтой үүлдэр гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв, Монгол женетикс сервис ХХК, Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбоо хамтран Суффолк үүлдрийн хонины эх сүргийн үржлийн аж ахуйн танилцуулга өдөрлөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр суффолк хонины онцлог шинж чанар, ашиг шим, маллагаа, тэжээл, хэрэгцээний эрлийзжүүлэг, анхаарах зүйлс зэрэг олон талын мэдээлэл өгсөн үр дүнтэй арга хэмжээ болов.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0