Э.Бүрэнтөгс: Зохиолч хүн ард түмнийхээ өмнөөс бодож байж зохиолоо бичих ёстой
Хуваалцах:
img

Ч.Ганга

 “Дэлгэрхангай” романаараа уран зохиолын ертөнцөд хүч түрэн орж ирсэн, Өвөрмонголын  үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Э.Бүрэнтөгс Улаанбаатар хотноо болсон  “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Өвөрмонголд Монголын уран зохиолын судалгаа хэр хөгжсөн бэ?

-Монголын орчин үеийн  уран зохиолоос Өвөрмонголд хэвлэгдэж, өвөрмонголчууд их уншиж, бахархаж байна.

-Сүүлийн үед  та ямар бүтээлүүд туурвиж байна?

-Цөөвтөр руман бичлээ. Танайхан роман гэдэг, манай өвөрмонголчууд руман гэдэг.

-Та ер нь хэдийнээс үргэлжилсэн үгийн зохиолтой нөхөрлөв?

-Би 1990 онд тэтгэвэртээ гараад   худалдаа наймааны ажил эрхлэх болсон. Энэ ажлаараа  Монголоор зөндөө явсан. Худалдааны ажил хийхээс өмнө 7-8 ном бичсэн байсан юм. Хэсэг завсарлаж байгаад  2001 оноос үргэлжлүүлэн бичиж эхэлсэн. Ер нь бол би их хожуу  уран зохиол руу орсон хүн.1968 оноос эхлэн  бичсэн. 1966 онд Соёлын хувьсгал болж,  Хятадад найман жил сургуулийн үйл ажиллагаа зогссон. Сургууль нээхээ больсон гэсэн үг. Ингээд би малчин болохоор хөдөө явсан. Арав гаруй жил мал дээр байсан. 1980 оны үед зохиол бүтээл туурвих ажилд идэвхтэй  орсон. 1984 онд Өвөрмонголын утга зохиол судлах  ангид орж хоёр жил суралцсан. Гэхдээ энэ  үед би аль хэдийн зохиол бичээд эхэлчихсэн, олон ном гаргачихсан байсан. Анхны бүтээл 1986-1987 онд бичигдсэн “Дэлгэрхангай” гэж руман, зургаан сар шахам сууж бичиж байлаа.

-Таны  нутаг, хошуу хаагуур вэ?

-Манай нутаг Баяннуур аймгийн Урадын дунд гүнгийн хошуу. Дунд хошуу гэж хэлэхээр хүмүүс мэдэх байх. Танайхны Өмнөговь аймагтай хиллэдэг. Даланзадгадаас цааш гарвал Урадын дунд хошуу.

- Та яагаад яруу найраг биш  үргэлжилсэн үгийн зохиол бичих болсон юм бэ?

-Түүх гэдэг  өөрт хэрэгтэй хүнээ өөрөө бүтээдэг юм. Цаг үе гэдэг өөрийнхөө цаг үед тоглож явдаг хүнийг  бүтээж гаргаж ирдэг. Миний амьдарч явсан цаг үе Соёлын хувьсгалын арван хэдэн жил. Юун тэр хайр дурлал, яасан ийсэн зүйлийг бодолхийлэх тийм цаг зав байгаагүй. Цаг үеийн тэр шаардлагаас болж  туужисын  уран зохиолоор  өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралыг бичих болсон. Цаг үе маань надаас  тэгж шаардаж, би зохиол бичиж эхэлсэн дээ. 

-Роман  бол том хэмжээний зохиол. Түүнийг бичихэд  цаг хугацаа их орно биз?

-Би нийтдээ арван руман бичжээ. Саяхан Бээжингийн үндэсний хэвлэлийн хороонд хоёр руманаа нийтлүүлэхээр эрх авсан. Нийт 12 ном хэвлүүлэхийг  зөвшөөрсөн. Өмнө нь биччихсэн байсан 10 ном байгаа. Дээр нь хоёр номоо нэмээд 12 болж байгаа юм. Манайд дугаар авч байж номоо хэвлүүлдэг. Хаа сайгүй хамаагүй хэвлүүлдэггүй. Шаардлагыг нь  хангаж   байж номоо гаргадаг.

-Та Монголын  үргэлжилсэн үгийн зохиолчдоос хэнийг уншдаг вэ?

-Ч.Лодойдамба гуайн зохиолуудыг уншдаг.  “Тунгалаг тамир” бол хэзээ ч хуучрахгүй бүтээл.

-Шинэ үеийнхнийг уншив уу?

- Бараг л үгүй. Яагаад гэвэл, манайхны өсөж төрсөн цаг үе адилгүй учраас гэх үү дээ. Бид бол нүүдэлч  малчдын амьдрал дээр өсөж өндийж, түүгээр амьдарч явсан учраас тэр соёлоосоо холдож чадахгүй. Тэр соёлоосоо салж, шинэ маягийн зохиол руу орох нь маньд амтгүй санагддаг. Нэг үгээр хэлбэл, өөх,тос,  уураг нь байхгүй байна. Тийм учраас би уламжлалт  хуучны уран зохиол, жишээлбэл “Тунгалаг тамир”-ыг  бахархаж уншдаг.

 -Зохиол төрөх, бичих агшин, цаг хугацааны талаар та юу хэлэх бол?

 -Зохиол  гэдэг чинь “би ийм зохиол бичье”  гэж түүн рүү үхэн зүтгэдэг зүйл биш. Зохиол өөрөө  зохиолч руу зүтгэж ирдэг юм. Тэр ирсэн үе дээр бичихээс биш албан хүчээр ямар нэг юм бичье гээд зохиолч болж чадахгүй шүү дээ. Тэр зохиолч амьдралын нугачаан дунд өөрөө үзсэн, сонссон, өнгөрүүлсэн  тэр л үйл явдал дундаа   хүн болж төрнө. Нэг үгээр бол “хүн яс”-тай болж байж тэр  амьдардаг.

-Тэр нь юу байх вэ, жишээлбэл?

-Хүн байх явдал. Тэр  “Хүн яс”-наас  “хүн ухаан”, “хүн соёл”  ургаж гарна. Тэгээд өөрийн үзсэн, туулж өнгөрүүлснээр дэлхийг хэрхэн  харснаа  бичдэг байхгүй юу. Жишээ нь, нэг зохиолч байлаа гэхэд заавал ард  түмнийхээ өмнөөс, ард түмнийхээ бодсон, санасан, бахархсан зүйлийг хэлэх ёстой.

-Ард түмний төлөө хэлж чадахгүй  хүн бол яах вэ?

-Тэгвэл тэр  зохиолч биш.

-Та Монголын залуу үеийнхэнд хандаж юу хэлэх бол?

-Би Монголын орчин үеийн залуу зохиолчдын бүтээл, туурвилыг үзсэнгүй биш үзсэн, харсан, уншсан. Цаг үеийн хөгжлийг дагаад, хүний бодож санах, ертөнцийг үзэх үзэл ухамсар  дээхнэ үеийнхтэй адилгүй болжээ. Жишээлбэл, бид дээр үед цоорхой өмдөө нөхөж өмсдөг байлаа. Одоо цоорхой өмд өмсдөг болж, гоо сайхны таашаал нь бид хоцрогдож, тэд давшиж урагшилжээ. Үзэл, ухамсар адилгүй байна. Ийм учраас Монголын залуу үеийн зохиолчид дотроо юу бодож, санаж байгааг би мэдэхгүй. Харин  Өвөрмонголын залуусын хувьд  “Уран зохиол амьдралаас ирдэггүй” гэж яриад байна. Хэрэв уран зохиол амьдралаас зайтай байх юм бол тэр  зохиол болж чадахгүй.

-Уламжлалт зохиолд ойр байхын учрыг хэлнэ үү?

-  Зохиол гэдэг зүйл, зохиолын баатрын дүрийг зохиолч бүтээдэг боловч үнэндээ зохиолын баатар өөрийн дүрээ өөрөө бүтээсэн зохиол  л урлагийн дүр болж чадна. Хэрэв, зохиолчийн тайлан тушаал хоёроор бүтээгдсэн дүр байх аваас тэр бол урлагийн үнэн болж чадахгүй. Ийм учраас миний хэлэх үг бол манай залуу үеийнхний зохиолчдоор бол зохиол гэдэг хүн соёлыг, хүний хувь заяаг бичдэг, үлгэр хуучилдаг юм биш. Нэг хүний хувь заяагаар хөтлөгдөж явж байж зохиолч зохиол бичихээс биш зохиолч өөрөө нэгэн үлгэр, үйл явдлыг эсгэж, энийг бичье гэж явдаг бол тэр нийгэм ахуйн амьдралаасаа салж, тэр дүр хавтгайрдаг байна. Иймээс залуу зохиолчдод хэлэхэд, хүний хувь заяанд нь хөтлөгдөж явж, тэр хувь заяаг бичвэл өөрт онгод орно. Онгод нь орсон үед  тэр зохиол  гурван минутын дараа хаашаа явуулж, юу бичүүлэх, юу хийлгэхийг зохиолч өөрөө мэддэггүй. Нэг мэдэхэд л бүх зүйл өрнөж, огт бодоогүй зүйлүүд ч зохиол дээр гарсан байвал зохиол бол жинхэнэ урлаг, уран сайхан тийшээ хөгждөг гэж би үздэг. Энэ бол  манай уламжлалт  онолын үзэл хандлага шүү. Одоо залуучууд юу бичиж, яаж байгааг би мэдэхгүй.

-Өвөрмонголд  роман бичиж  байгаа зохиолч хэр олон байна?

-Цөөхөн шүү. Би энэ жил нас сүүдэр 77 хүрч байна. Нас дал хол гарсан миний үеийн зохиолч  тун цөөн. Өвгөрч нас дээр гарч байгаа учир биеийн байдлаас болдог уу, амар суухаа  боддог уу, ямар нэгэн юм байдаг байлгүй дээ. Ямартай ч нэг их бичихээ байсан байна. Залуучууд бол хэлний орчноосоо хөндийрсөн байна. Хэл гэдэг  хэлний орчиндоо хөгжинө. Хэлнийхээ орчноос салбал хэл можиж хатна. Миний хэлж буй  санаа бол монгол хүн нүүдэлчин соёлоосоо салж, суурьшмал юм уу, хотожсон, өөр амьдралын хэв маяг руу орохоор уг монгол хүний удамшлын уугуул соёлынх нь өнгө будаг нь харагдахаа байна. Сая олон улсын эрдэмтэн, судлаачдын хурал дээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор  Ч.Дагвадорж  хэлж байна лээ “Бодисын биет бус...” гэж. Тэр бол яг оноож хэлсэн үг. Үндсэн шинжийг нь оноож хэлж байна. Тэр соёлоосоо салбал тэр бодисын биет бус зүйл,  тэр ухамсрыг алдана. Тэрийгээ алдаад ирэхээр бичсэн зүйл нь жинхэнэ мнгол хүний таашаалд хүрэхгүй. Бичсэн зохиол  нь  ард түмний таашаалд хүрэхгүй, унших хүн байхгүй  бол тэрийг ямар зохиолч гэж хэлэх юм бэ, тийм биз.

-Тийм шүү...

-Өнөөдөр бид  “Манай ард түмэн ойлгохгүй байх” гэж бодож болохгүй. Ард түмний үзэл ухамсар гэдэг чиний, зохиолчийн үзэл ухамсраас хол, хэд дахин агуу их юм. Олны олон дотор, аавын хүүгийн үзэл ухамсар арвин их  шүү. Тиймээс тэрийг басаж, бага гэж бодож болохгүй. Заавал ард түмнийхээ өмнөөс бодож байж зохиолоо бичих ёстой. Зохиол, урлагийн дүр гэдэг сэдэв дээр, дүр дээр санаа ургуулдаг юм.

-Санаа далд байна гэж та хэлэв үү?

-Тийм, тэр санаа нь  бол далд байдаг. Хэдий далд байх тусмаа төдий чинээ уран байх, урлагийнх нь амжилт өндөрт хүрдэг. Тэр хэдий чинээ ил болох тусмаа амтгүй болно. Тураг махыг сайхан давстай шөлөнд хийгээд чанаад идвэл амттай биз дээ. Давс хийхээ мартчихвал шалхайсан ямар ч амтгүй юм болно.

Гэрэл зургуудыг: П.Энхжаргал

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img