Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын харилцааны болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна.
Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар автотээврийн хамтын ажиллагааны тухайд хоёр улсын тээврийн яам хооронд дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх 100 ширхэг, гуравдагч улсын 50 ширхэг зөвшөөрлийн бичиг солилцож, протоколоор баталгаажуулсан.
Узбекистаны талаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 85 автомашин Монгол Улсын хилээр нэвтэрч ачаа тээвэрлэлт хийсэн байна. Иймд хоёр тал Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдах хүртэл монголын талын тээврийн хэрэгслээс өндөр төлбөр авахгүйгээр зөвшөөрлийн бичиг солилцон тээвэрлэлт хийх саналтай байна.
Ойрын хугацаанд Автотээврийн хэлэлцээрийг байгуулж Европоос Узбекистан, Монголоор дамжин Хятадын зүүн талын хотууд, Хятад, Монголын ачаа Узбекистанаар дамжин Европ, Иран, Пакистан болон Энэтхэгийн далайн боомтууд руу хүрэх боломж нээгдэнэ хэмээн байр сууриа илэрхийллээ.
Элчин сайд Фарход Арзиевын зүгээс Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх.
Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна.
Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна.
Уулзалтын үр дүнд хоёр улсын автотээврийн болон агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.
Ташрамд дурдахад, Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон найрсаг харилцаатай улс юм.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0