“Porsche” удаан хүлээлгэсэн цахилгаан “Macan”-аа танилцууллаа
Хуваалцах:
img

Программ хангамжийн асуудлууд нь “Macan” загварын зах зээлд гарах хугацааг бараг хоёр жилээр хойшлуулаад байв
Багагүй хугацаанд хойшлуулсны эцэст “Porsche” компани цахилгаан хөдөлгүүртэй “Macan” загвараа Сингапурт танилцууллаа.

Цахилгаан автомашины зах зээл хөрөх шинж тэмдэг ажиглагдаж эхлэхтэй зэрэгцэн тус компани цахилгаан хөдөлгүүртэй анхны SUV загвараа гаргаж буй нь энэ юм.

Шинэ “Macan”-ийн үнэ 84 мянга 100 евро буюу 91 мянга 593 ам.доллароос эхэлж, энэ оны хоёрдугаар хагасаас зах зээлд нийлүүлэгдэх бөгөөд зээлийн хүү өндөр, мөн цэнэглэх станцын дэд бүтэц хангалтгүй хэвээр байгаа энэ үед хэрэглэгчдийн дунд тансаг зэрэглэлийн цахилгаан автомашины эрэлт хэр байгааг шалгахаар байна.

Программ хангамжийн асуудлууд нь энэхүү загварын гаргах хугацааг бараг хоёр жилээр хойшлуулсны сацуу толгой компани “Volkswagen”-ийн Гүйцэтгэх захирал асан Херберт Дисс албан тушаалаа өгөхөд ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн юм. Хоёр хувилбараар худалдаанд гарах шинэ “Macan”-ийн энгийн хувилбар нь 0-100 км/цагийн хурдыг 5.2 секундэд авах бол илүү хүчирхэг, 114 мянга 600 еврогийн үнэтэй “Turbo” хувилбар нь 3.3 секундийн дотор 100 км/цагийн хурд авах хүчин чадалтай байх аж. Түүнчлэн нэг цэнэглэлтээр 613 км болон 591 км зай туулах чадалтай, цэнэг хураагуур нь 21 минутын дотор 70 хувь хүртэл цэнэглэгдэх юм байна.

“Porsche” компани 2022 оны эцсээр IPO гаргахад хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцааг “Ferrari”-ийнхтай өрсөлдөнө гэж харж байлаа.

Арилжааны мэдээллээс харахад энэ он гарсаар “Ferrari”-ийн хувьцааны ханш өнгөрсөн оны эхэн үеэс 50 хувиар өссөн бол “Porsche”-ийн хувьцааны ханш 20 хувиар унаад байгаа аж.

Түүнчлэн тус компанийн хувьцааны үнэ ашгийн харьцаа буурч “Ferrari” компанийнхаас 75 хувиар бага түвшинд тогтсон байна. Тус компанийн гол зах зээл болох БНХАУ дахь эдийн засгийн хямралаас гадна “Macan” SUV зэрэг хамгийн өндөр борлуулалттай загваруудад үйлдвэрлэлийн хүндрэл гарсан нь голлон нөлөөлжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img