Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бээжингийн нисэх, сансар судлалын их сургуулийн дэд захирал Жао Вей Шөн нар 2024 оны нэгдүгээр сарын 26-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо уулзаж, нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын зам, тээврийн салбар, тэр дундаа нисэхийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломж бүрдэж байна.
Ташрамд дурдахад: Бээжингийн нисэх, сансар судлалын их сургууль нь 1952 онд хятадын нисэх, сансрын чиглэлээр 8 их, дээд сургууль, судалгааны газруудыг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын үндэсний 16 гол их сургуулийн нэг.
Түүнчлэн агаар, сансрын орон зайн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр дэлхийд нэгдүгээр зэрэглэлд багтдаг, тээврийн шинжлэх ухаан, технологи болон материалын инженер, механик инженер, эрчим хүчний инженерийн чиглэлээр дэлхийд эхний 50 байранд багтдаг сансар судлалын шилдэг их сургуулиудын нэг юм хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0