АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 816 хэрэг шалгагдаж байна
Хуваалцах:
img

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 101 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 816 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хоёр  мөрдөгчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

    “С” нь Сонгинохайрхан дүүргийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд хахууль авсан гэх;
    “А” нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
    “Б” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
    “Ё”, “Д”, “М”, “Б” нар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн эрүү шүүлт тулгасан гэх;
    БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын албан тушаалтан “Б”, “Ж” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img