9 сар
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай ярилцлаа.
-2023 онд агаарын тээврийн либералчлал, ХЯМД ТИЙЗ ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтын хүрээнд 1 сая 750 мянган зорчигчийг агаарын тээврээр тээвэрлэлээ. Транзит зорчигчдын талаар тодруулбал?
2019 онд МИАТ ТӨХК хамгийн дээд талдаа 3800 транзит зорчигч зөөж байсан. 2023 оны хоёрдугаар хагаст бид 13 мянган зорчигч тээвэрлээд 13 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ нь зөвхөн транзит зорчигч буюу гаднын улсын иргэд гэсэн үг.
Азиас Улаанбаатарт ирээд цаашаа Европ руу явчихаж байгаа. Үүнийг бид цаашдаа эрчимтэй хөгжүүлнэ. 2024 онд 24 мянган зорчигчийг транзитаар тээвэрлэхээр төлөвлөчхөөд байна. Энэ транзит зорчигчийн урсгалаа сайжруулснаар, транзит аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж үүснэ.
-Алдагдалтай ажиллаж байсан МИАТ ТӨХК 2023 онд ашигтай ажилласан, түүхэндээ байгаагүй олон зорчигч тээвэрлэсэн. Энэ талаар?
МИАТ ТӨХК 67 жилийн түүхэндээ анх удаа өнгөрсөн 2023 онд хамгийн олон зорчигч тээвэрлэсэн. Хамгийн бага зардал гаргаж, түүхэндээ байгаагүй ашигтай ажилласан. Хамгийн олон нислэг үйлдсэн. Тодруулбал, 2023 онд нийт 3.382 аяллаар 900.208 зорчигч тээвэрлэсэн байна.
МИАТ компанийн дундаж орлого 500 тэрбум төгрөг байсан. 2023 онд 880 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2024 онд энэ амжилтаа ахиулж 1 их наяд төгрөгийн орлого олох зорилго тавьчихсан байгаа. Энэ нь бид цар хүрээгээ 2 дахин тэлнэ гэсэн үг юм.
-Олон нийтийн дунд МИАТ төсвөөс татаас авдаг гэх ойлголт бий?
МИАТ ТӨХК төрийн өмчтэй л болохоос цэвэр бизнесиийн байгууллага. Миат компани олсон ашгийнхаа ногдол ашгаар, татвар төлж улсын төсөвт орлого оруулдаг болохоос улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй.
-2024 оны зорилтоо товчоор хэлбэл?
2023 онд бид тарифаа бууруулсан. Дээрээс нь түүхэнд байгаагүй өндөр ашигтай ажилласныг дээр хэллээ. Энэ нь бидэнд илүү их нөөц бололцоо байна гэсэн үг. Цаашид ч энэ нөөц бололцоогоо илүү их ашиглана. 2024 онд Америкийн Нэгдсэн улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ. Зөвхөн Америкаар тогтохгүй Вьетнамын Хо Ши Мин хот руу хуваарьт нислэгийг 2024 ондоо үйлдэж эхэлнэ.
2025 оноос Сингапур, Австралийн нислэгийг нээнэ. Цаашдаа олон чиглэл рүү шууд нислэг үйлдэж, олон сүлжээтэй болж гаднын том агаарын компаниудтай ижил түвшинд хамтарч ажиллах боломжууд нээгдэнэ. Үүнийг л бид зорьж байгаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0