Архангай аймгийн Булган сумын иргэн И.Отгонбаяр хуванцар савыг халах зорилготой үйлдвэрлэл эрхэлж байна
Хуваалцах:
img

Түүний хувьд багаасаа зураг зурах сонирхолтой байсан бөгөөд Гуравдугаар ангидаа загийн үндсээр амьтны дүрс сийлж эхэлсэн гэнэ. Наймдугаар ангиа төгсөөд Дүрслэх урлагийн коллежид хувиарлагдсан ч суралцаагүй байна. “Хүүхэд байсан болохоор гэнэн ч байж. Аав, ээжийнхээ үгнээс гарахгүй. “Зураг зурж амьдарна гэж юу байхав. Мал малла” гэхээр нь 10 жил мал хариулсан даа” гэв. Хажуугаар нь машин засч, 16 жил өөрт заяасан авьяасаа хөгжүүлээгүй ч гурван жилийн өмнөөс модны ураар бүтээл хийх ажилдаа ханцуй шамлан оржээ.

И.Отгонбаярын ажил уул руу модны ур олох эрлээс эхэлнэ. Олсон хэдийнхээ хэлбэр хэмжээг янзалж, бүтээгдэхүүнээ хийхэд багагүй хугацаа зарцуулна. Ураас ямар зүйл гарах боломжтойг ургуулан бодож, өөрөө загвараа гаргана. “Манай нутагт дээр үед мод бэлтгэлийн завод байсан. Уул руу явж, модны ур олохоос миний ажил эхэлдэг. Авчирч ирсэн ураа янзалж, булан тохойг нь засаад токарь руугаа хийж, гадна талын зорно. Дараа нь дотор талаа ухна. Чанаж, хатаана. Хатаасны дараа өнгөлгөөнд оруулдаг” гэв.

Хийсэн бүтээгдэхүүнээ чанаж давирхайг нь гаргана. Аяга тавгийг 3-4, хувин, ваарийг 24 цагийн турш чанадаг байна. Хатаахад ажиллагаа ихтэй. Үрдэс буюу зоргуудас дотор нь сүүдэр, салхинд хатаана.

Хэлбэр хэмжээ том жижгээс хамаарч хийх хугацаа харилцан адилгүй. Долоо хоног ч хийх нь бий. Хатаахад сарын хугацаа шаардана. Нэг бүтээгдэхүүн хийж, хүний хэрэглээнд очих процесс сар үргэлжилнэ.

Модон эдлэл хийхэд чухал шаардлагатай зүйл бол токарийн машин хэрэгтэй. Одоогоор И.Отгонбаяр хоёр төрлийн токарийн машинтай болжээ. Хэрэглэгдэх 10 хутгаа өөрөө хийсэн байна. Эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч И.Отгонбаяр үйлдвэрлэлээ өргөжүүлж, сумын төвийнхөө залуусыг сургаж, ажлын байраар хангах юм.

Хятадаас оруулж ирдэг хуванцар савыг халах нь түүний зорилго. Хүний биед хор хөнөөлтэйгөөс гадна хийцийн хувьд чанарын шаардлага хангадаггүй зэргээр хуванцар саванд сөрөг нөлөө олон.

Модны ураар хийх боломжтой бүх бүтээгдэхүүнийг хийхээс гадна цаашид 50-60 литрийн том хэмжээтэй сав үйлдвэрлэж, 21 аймгийнхаа хэрэглэгчид хүргэхийг тэрбээр зорьж байна. “Хуванцар савыг халах бүрэн боломжтой. 4X4-ийн хэмжээтэй ажлын байр бариад, токорын машинуудаа тавьчихсан. Тэндээ үйлдвэрлэлээ явуулж байна. ЖДҮ-ийн зээлд хамрагдах гэхээр барьцаа хөрөнгө дутдаг. Уг нь 100 сая төгрөгийн зээл авчихвал үйлдвэрлэлийн байраа томруулж, тоног төхөөрөмжөө хангалттай нэмж, олон хүнийг ажлын байраар хангах бүрэн боломжтой. Залуусыг сургаж, хувингийн үйлдвэр байгуулах мөрөөдөлтэй.

Ё.Баатарбилэг гишүүн ажлын байртай танилцаж, тусалсан. Банкнаас барьцаа хөрөнгө хүрэхгүй учраас 50 саяын зээл гарах боломжтой гэсэн хариу өгсөн” гэв.

Тэрбээр ажлын байраа өргөжүүлж, модон эдлэлийн дэлгүүр, токорын томоохон багажтай болоход 50 сая төгрөг хангалттай хүрэлцэхгүй гэдгийг учирлав. ЖДҮ үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг Засгийн газраас бодлогоор дэмжиж, зээл гаргаж өгдөг тогтолцоог баялаг бүтээгчид хүсдэг ч банкны шаардлага барьцаа хөрөнгөөс үүдэж ажлын байраа томруулж, тогтвортой үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа нь нууц биш.

И.Отгонбаяр бүтээгдэхүүнийхээ чанар, хийцэнд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгнө. Он удаан жил хэрэглэгдэж, хэдэн үе дамжигдаж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх үнэ цэнэтэй бүтээл хийхийг зорьдог гэнэ. Гурван жилийн хугацаанд 600 гаруй бүтээгдэхүүн хийж, эх орныхоо өнцөг булан бүрт түгээжээ. Тэр хэрээр үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, өөрийн цахим хаягаар захиалга авдаг болсон аж.

Түүний бүтээлтэй танилцаж худалдан авахыг хүсвэл https://www.facebook.com/ivanov.otgonbayr.7 хаягаар холбогдоорой. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img