Цар тахлын үед үйл ажиллагаагаа явуулж буй музейнуудын тасалбарыг цахимжуулах ажлын ойрын хугацаанд эхлүүлнэ гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэллээ. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд музейгээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө ашиглах нь халдвар тараах эрсдэлтэй учир энэ ажлыг Чойжин ламын сүм музейгээс эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.
Шадар сайдын тушаалаар Шуурхай зохицуулалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд түүний дэд ажлын хэсгийг Соёлын сайд Ч.Номин ахалж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Соёлын сайд МХЕГ, ЦЕГ, ОБЕГ зэрэг бусад холбогдох байгууллагатай хамтарч соёл үйлчилгээний байгууллагад шалгалт үзлэг хийх, заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд Соёлын сайд өнөөдөр Чойжин лам сүмийн музейн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин “Өнөөдөр бид амьдралын шинэ хэв маяг руу шилжиж байна. Энэ шинэ амьдралын хэв маягтай хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдгийг эртнээс төлөвлөх хэрэгтэй. Музейн хувьд хүн хоорондын зайг сайтар сахиад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой. Гэхдээ Чойжин ламын сүм музей орон зай багатай учир үйлчлүүлэгчдийг цөөн тоогоор оруулах, мөн төлбөр тооцооны асуудлыг цахим болгох талаар өнөөдрийн уулзалтаар хэлэлцлээ“ гэж хэллээ.
Уламжлалт барилга дээр үйл ажиллагаа явуулж байгаа музейнүүдэд орох, гарах хөдөлгөөнийг зохицуулалт байдаггүй, зай талбай багатай. Ийм учраас эхний орсон хүмүүсээ гарахыг нь хүлээхээс өөр арга байхгүй. Иймээс жижиг сүмүүдийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэх, үзэгчдээ хэсэгчлэн оруулах, музейн үзмэрүүдийг тайлбарлагч үйлчлүүлэгчидтэй ойроос харьцахгүй байх, аудио хөтчөө түлхүү ашиглах, халдвар гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай сургалт авах зэрэг зөвлөмжүүдийг ажлын хэсгээс өглөө.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111