Орхон. Амарын талбай хүн ном хоёроор дүүрэн байна. Учир нь тус аймагт өнөөдөр “Номын баяр”-ын өдөрлөг эхэллээ. Аймгийн ЗДТГ, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотоос зорьж очсон 60 гаруй зохиолч, уран бүтээлч, Эрдэнэтийн зохиолчид оролцож байна.
“Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй “Соёлыг түгээе” аяны нээлт “Номын баяр”-аар эхэлж байна. Цар тахлын энэ үед хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй байгаа ч мэдлэг оюунаа тэлж стресс бухимдлаас гарах арга бол ном унших юм шүү” хэмээн аймгийн засаг дарга С.Батжаргал хэллээ.
Мөн Үндэсний номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд: “Үндэсний номын баярыг энэ жил УИХ-аас нийтээр тэмдэглэх ёстой 15 өдрийн нэг болгон хуульчилсан. Хуулийг түгээн дэлгэрүүлэх энэ ажил Орхон аймгаас эхэлж “Номын баяр”- аа тэмдэглэж байгаад баяртай байна. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд 60 гаруй зохиолч, уран бүтээлчид Улаанбаатар хотоос ирсэн. Хүн бүр өдөр бүр ном уншиж өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаарай, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ ном уншихын ач тусыг ойлгуулж өөрсдөө үлгэрлэж байгаарай” хэмээн хэлсэн.
Хоёр өдрийн турш А.Амарын талбайд зохиолч, уран бүтээлчдийн номын үзэсгэлэн худалдаа гаргах бол гурав дахь өдрөө зохиолч, уншигчдын уулзалт болох юм байна. Өдөрлөгт оролцож буй хүмүүсийн ихэнх нь залуус байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 1
Ганболд
3 жилСайхан мэдээ байна. Номын цагаан буян хурах болтугай