Найрамдал-хамтын ажиллагааны 61 дэх өдрүүд эхэллээ
Хуваалцах:
img

Жил бүр тэмдэглэдэг Монгол-Оросын уламжлалт найрамдлын сар буюу найрамдал-хамтын ажиллагааны 61 дэх өдрүүдийн нээлтийн ажиллагаа  Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн өдрүүд Монгол Улс-Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлог юм.

Нээлтийн ажиллагааны эхэнд УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын Холбооны Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев зэрэг албаны хүмүүс мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

2

Мөн энэ үеэр найрамдлын үйлсэд даацтай хувь нэмэр оруулж буй зарим хүмүүсийг шагнаж урамшуулснаас гадна Эх орны их дайны ялалтын 70 жилийн ойд зориулан бүтээж, Москва хотноо Хүндэтгэлийн дэнж (Поклонная гора)-д байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний жижгэрүүлсэн загварыг уг хөшөөг санаачлан санхүүжүүлсэн "Монгол Глобал" ХХК-ийн захирал Б.Ганбаяр А.Р.Базархандаевт дурсгал болгон гардуулсан юм.

1

Нээлтийн ажиллагаанд Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн төлөөлөгчид, Монгол дахь Оросын болон Оростой хамтарсан байгууллагуудын ажилтнууд, орос хэлний сургалттай ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын багш, сурагч, оюутнууд, Орост (ЗХУ-д) сургууль төгсөгчид зэрэг орос хэл, Оросын соёл урлагийг хүндэтгэн дурладаг олон хүн оролцлоо.

Манай улсад 61 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Монгол-Оросын найрамдал-хамтын ажиллагааны өдрүүд-2021”-т зориулсан баярын концерт өмнөх жилүүдийнхээс нэлээд өвөрмөц болсон юм. Энэ удаа ОХУ-ын Төрийн дээд шагнал - Бүх ард түмнүүдийн найрамдлын одонт Умард Осети Улсын дуу, бүжгийн эрдмийн “Алан” чуулга, ОХУ-ын Кубаны казакийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжгийн хамтлагийн хамтарсан, дан бүжгээс бүрдсэн гайхамшигтай сайхан тоглолт болсон билээ.

Өөрийн гэсэн өвөрмөц түүх, давтагдашгүй өв соёлтой энэ хоёр ард түмний зан заншил, ёс уламжлалыг бэлгэдсэн тайзны арын фон, цоглог яруу хөгжим, бүжгийн уран хэмнэл, бүжигчдийн өмсгөл зүүсгэлийн өнгө будгийн зохицол, гоёмсог хээ угалз, уран нарийн чимэглэл, хатгамал нь үнэхээр нүд алдам байлаа. Зэр зэвсгээ агсаж, ид хаваа гайхуулсан осети эрсийн эрмэг шалмаг, хурц дайчин хөдөлгөөн, дайны талбарт ч, энхийн амьдралд ч цог заль нь бадарсан казак харчуудын цовоо цойлгон бүжиг, уран гоолиг осети бүсгүйчүүдийн эрхэмсэг төрх, гоо үзэсгэлэнг илтгэсэн намбалаг хөдөлгөөн, адтай сэргэлэн казак охидын цоглог, жавхаалаг бүжгүүд үзэгчдийн сэтгэлийг үнэхээр догдлуулж, танхимд цугласан хүмүүс бүжиг бүрийн дараа удтал алга нижгэнүүлэн ташиж, бүжиг, бүжигчдийн гоо сайхныг бахдан баясаж байв.

Хоёр чуулгын бүжиг ар араасаа тасралтгүй хөвөрсөөр байсан ч хүмүүс огт уйдсан шинжгүй үзэж байсан нь цар тахлын улмаас үзвэрээр цангасных гэхээсээ илүү орос ахуй, орос хүмүүс, орос соёл монголчуудын зүрх сэтгэлд илүү ойр дотно байдагтай холбоотой болов уу гэж эрхгүй бодогдож байлаа.

Сэтгүүлч, С.Отгонцэцэг

3

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img