Л.Оюун-Эрдэнэ: 2024 он хүртэл Холливудын нэг кино хийе, Netflix-д таваас доошгүй контент хийе
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "У.Хүрэлсүхийн Засгийн газраас үлдсэн хамгийн том өв бол Соёлын яам. Яамтай байна гэдэг бодлоготой байна гэсэн үг. Цаашлаад Цахим хөгжлийн яам байгууллагдана. Энэ та бүхэнд их дэмжлэг болох болов уу гэж дотроо бодож байна. Мөн Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдах байгаа. Энэ яам гадна дотны хөрөнгө оруулалтын таа орчинг бүрдүүлэх бий болгох тал дээр томоохон үүрэг гүйцэтгэх байх гэж бодож байна. 

Алсын хараа-2050 бодлогыг баталсан. Энэ бодлого нь 9 баганатай. Эхний багана болох үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг Монгол төрийн баримт бичигт эхэнд эрэмбэлсэн анхны тохиолдол болсон. Үүнд Монгол хэл, бичиг, утга зохиол, яруу найраг, өв соёл, бэлчээрийн мал аж ахуй, аман зохиол, сонгодог урлаг гээд олон өөрийн өв соёлыг хэрхэн хамгаалах вэ гэдэг төрийн бодлогыг цөмд орсон. Урьд нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг зүйлүүд байсан. 

 Өнөөдөр бид зөвхөн соёл урлагын салбарыг ярих биш. Бүтээлч үйлдвэрлэл буюу цаашдаа бид яах вэ гэдгийг илүү сугалч авч ярьж байна гэж ойлгож байна. Соёл урлаг, үндэсний өв соёл гэдэг зүйл яригдах нь чухал хэдий ч цаашдаа соёлын салбарыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг бодитой зүйл рүү хандаж байна гэж үзэж байна.

Үүнд хоёр янзын гарц бидэнд байна. Эхнийх нь жижиг хэсгүүдээ сайжруулаад дараа нь том хэсгээ сайжруулах гэж харж болно. Эсвэл том хэсэг рүү зориод замдаа жижиг асуудлаа шийднэ гэж харж болно.

Олимп хийе гэдэг зорилго тавьбал спортын салбарын олон асуудлыг шийднэ гэсэн үг. Хэдүүлээ 2024 он хүртэл Холливудын хамгийн багадаа нэг киног Монголд хийе. Ийм зорилго тавья. Энэ дээр Соёлын сайд маань ажилдаа ор. ГХЯ-ыг бүтэн гаргаж өгье. БОАЖЯ, Сангийн яаманд маш чадварлаг залуучууд байдаг. Боловсон хүчний нөөц сайтай. Төрийн ямар л бүтэц хэрэгтэй байна тэр бүгдийг ашиглаад Монголдоо Холливудын нэг кино хийе. Тэр нь Чингис хааны тухай байвал бүр л сайн гэхдээ заавал тэгэх гээд хэрэггүй. Үүний төлөө павилионоо барьж эхлэе. Та бүхэн зургаа гаргачих, үүнд төр, хувийн хэвшил түншлээд хийж болно. Шаардлагатай бол төр тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлье. Зураг төсвөө гаргаад өгвөл 2022 оны төсөв дээр эхлэх зардлыг нь суулгаад явъя.

Үүнд тулгуурласан хуулийн орчноо бүрдүүлье.

Бидний тавих дараагийн зорилго нь 2024 он хүртэл Netflix дээр таваас доошгүй контент хийе. Дотоодын үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй ч гадаадын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаа оруулъя эсвэл гаднын компанитай хамтраад кино хийе. Нэг том киноны багахан хэсэг нь ч Монголд хийгдсэн байж болно. "Галзуу хурд" киноны нэг давхилт нь Монголын говьд хийгдэж болно. Энэ нь том зүйл юм. Бага багаар ахих хэрэгтэй. Засгийн газраас дэмжих болно.

Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор Баяр наадмаа дэлхийд сурталчилсан том арга хэмжээг Монголдоо хийе. Үүнд бэлтгэе. Монгол Улсын төрт ёсны бахархал, нүүдэлчин ахуй зэрэг өв соёлоо нарийн гаргасан Наадам хэмээх контентыг хийе. Энэ гурван зорилтыг тавья" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img