Сүүлийн үед халдвар авсан хүний тоо 1000 давж, хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгджээ. Иймд нийслэлийн хэмжээнд 3000 ор дэлгэж, өнөөдөр нэмэлтээр шинэ ор дэлгэхээр төлөвлөжээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл
-Улсын хэмжээнд нэгдүгээр сард томуугийн дэгдэлтийн үе байдаг. Иймд орны хуваарилалт хийдэг. Гэтэл энэ оны нэгдүгээр сар хүн амын дунд Covid-19-ийн шинэ хувилбар дэгдэх магадлалтай байна. Энэ нь халдварт өвчний дэгдэлт хавсарч байгаа нь орны зохицуулалт хийхэд хүндрэлтэй байна.
Цар тахлын шинэ хувилбар омикрон нь томуутай төстэй шинж тэмдэг илэрдэг, хүндрэх үедээ уушгины хатгаа болдог учраас орны хүрэлцээ чухал. Бидний зүгээс томуугийн орны зохицуулалтыг хийж байна. Цар тахлын шинэ хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлж нэмэлтээр орнууд дэлгэсэн.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 3000 орчим ор дэлгэсэн. Өнөөдөр нэмэлтээр орнууд дэлгэхээр ажиллаж байна. Томуу болон цар тахлын шинэ хувилбар нь ижил шинж тэмдэг илэрч байгаа учраас ялгахад төвөгтэй асуудлууд байна. Тиймээс түргэвчилсэн болон ПСР шинжилгээгээр тодорхой хувиар ялгаж байна. Шаардлагатай тохиолдолд ПСР шинжилгээ авч байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн Баасан гаригаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгэсэн. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна.
Тэгвэл Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4090 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1020 нь хөнгөн, 2560 нь хүндэвтэр бол 474 нь хүнд, 36 нь нэн хүнд байгааг Эрүүл мэндийн яамны статистикт дурджээ. Үүнээс харахад хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн байна. Хэрэв цар тахлын дөрөв дэх давлагаа дэгдэж, нөхцөл байдал хүндэрвэл эхний ээлжид хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй өндөр настныг эрэмбэ дарааллаар хэвтүүлэн эмчлэхээр төлөвлөснийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /20220.01.09/ мэдэгдсэн билээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0