Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байранд зочилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй өглөөний уулзалт хийлээ.
Ерөнхий сайд уулзалтын үеэр соёл, урлагийн салбар нь нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна, баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй салбар болохыг онцлоод, даяаршиж буй дэлхий ертөнцөд байгалийн баялгын хомсдол нүүрлэж, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр хөгжиж буй орнуудад олон бэрхшээл шалгууртай тулгарч, улс орнууд хөгжлийн шинэ гарц, арга замыг эрэлхийлж байна. Монгол Улс мөн адил үндэсний өв баялаг соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжсөн салбарыг бий болгож, бүтээлч, чадварлаг боловсон хүчний оюуны бүтээлээр дэлхийд өрсөлдөх нь хөгжлийн гарц болохыг тэмдэглэлээ.
Соёлын сайд Ч. Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Монгол соёл, Монгол баялаг” цогц арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол соёл, Монголын баялаг” цогц арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Засгийн газраас боломжит бүхий л арга хэмжээг авахаа илэрхийлсэн юм.
"Монгол соёл, Монголын баялаг” цогц арга хэмжээний хүрээнд дараах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн ложистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна.
Соёлын салбарын бүхий л чиглэлийн үйл ажиллагаа хамтдаа нэгдсэнээр өртөг зардал буурч эдийн засгийн үр өгөөж, уран бүтээлийн үйлдвэрлэлийн чанар, хурд нэмэгдэхээс гадна боловсон хүчний харилцан туршлага солилцох боломж илүү нээлттэй болж, тэдний ур чадвар, чадамж сайжирна. Мөн түүнчлэн уг цогцолборыг түшиглэн гарааны бизнес, инновацийн систем бүрдэхээс гадна нийгмийн олон талын үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж, тогтвортой 1000 ажлын байр бий болох юм.
Соёл, урлагийн салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын 50 гаруй хувь нь өөрийн өмчлөлийн орон сууцгүй амьдарч байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол зорилтын нэг нь салбарын ажилтан, албан хаагчид болон бүтээн туурвигчдын нийгмийн баталгааг сайжруулах, оюуны бүтээл туурвилын үр шимээ хүртэх боломж олгох явдал.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулна. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зах зээлд шинээр нэвтрэх, үнэ цэнийг бий болгох боломжийг бүрдүүлнэ.
“Эрүүл мэндээ сэргээж, эдийн засгаа сэргээх 10 их наяд” төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн зээлд соёл, урлагийн салбарын бизнес эрхлэгчдийг хамруулах зээлийн шугам нээж, мөн репо санхүүгийн хэрэгслийг ашиглан соёлын салбарт бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
Соёл урлаг, бүтээлч хандлага ба боловсрол-Хүний нөөцийн хөгжлийн асуудлыг чухалчлан үзнэ.
Засгийн газраас боловсролын тогтолцоон дахь үндэсний сургалтын хөтөлбөрийн соёлын болон бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийн шинэчлэлийг БШУЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн салбарын мэргэжилтэй боловсон хүчний тоог системтэйгээр нэмэгдүүлэх, бүтээлч ажиллах хүчийг өргөжүүлэх зорилгоор дизайны болон урлагийн бусад төрлүүдийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн академи байгуулах зэрэг томоохон төслүүдийг онцлон дурдлаа
Нийт сэтгэгдэл 0