Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөрт зориулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр (2022.01.09) аваргуудаа шалгарууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан арав дахь удаагийн энэхүү тэмцээний анхан шатанд 5272 оролцогч (сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2021.11.20-21), хагас шигшээ тэмцээнд 645 (аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн 2021.12.11-12), шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.
Ингээд эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ.
Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзолыг хангаад байна.
Эрэгтэй ангиллын IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо), С.Жаргалсайхан (6.0 оноо), А.Дөлгөөн (6.0 оноо), эмэгтэй ангиллын мөн IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо), Т.Түмэн-Энх (6.0 оноо), Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.
Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нарыг тодруулсан юм.
Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, тус хорооны маркетингийн комиссын гишүүн Б.Наранбаатар нар оролцож, Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэнг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор, тус хэлтсийн референт Д.Ням-Осорыг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнасан юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0