Экспортлогчдын анхааралд...
Хуваалцах:
img

Экспортын ил тод тайлагнал, үнийн бодит мэдээлэл их зүйлийг тодорхойлохоор байна.

Монгол Улсын нийт экспортын 85 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Үүний 96 хувийг боловсруулаагүй түүхий эд эзэлж буй. Бид түүхий эдийн дамжлага төдий эдийн засаг болсныг эдгээр статистик эргэлт буцалтгүй илэрхийлнэ. Уул уурхайн бус салбар нийт экспортын 10 хүртэлх хувийг дөнгөн данган бий болгож, эдийн засгийн үнэн бодит төрхийг илчлэх аж. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрдсийн экспорт л тодорхойлж байна. Бусад салбарын үзүүлэх нөлөө, ач холбогдол улам хумигдсаар байгааг дээрх үзүүлэлт гэрчилнэ. Хамгийн энгийнээр, уул уурхайн эдийн засаг ноёлжээ.

Уул уурхайн салбараас төсвийн орлого, улсын эдийн засаг, аж ахуйн нэгжийн санхүү, өрхийн амьжиргаа үлэмж хамаарч, тэр хэрээр зах зээлийн үнийн савлагаа, түүний огцом өөрчлөлт бидний амьдралд гүн гүнзгий мэдрэгдэх болов. Энэхүү нөлөөллийг бууруулах, орлогын олон эх үүсвэртэй болох, эдийн засаг тогтвортой өсөх, хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхэд уул уурхайн бус экспорт голлох үүрэг гүйцэтгэхээр байгаа юм. Гэвч бэлэн байгаа боломжоо бид ашиглаж чадахгүй өдий хүрэв. Уул уурхайн үнийн өсөлтөд автаж, бусад салбарын экспортыг хөсөр орхижээ.

 Өнөөдөр уул уурхайн бус экспортыг эрчимтэй дэмжих нь нэн тэргүүний асуудал болж хувирлаа. Хөгжиж чадсан орнууд нэг салбарт түшиглэн эдийн засгаа тэлсэн жишээ байхгүй. Бүгд л экспортын олон гарц, сувагтай байсан. Тэр болгон нь орлогын эх үүсвэр. Экспорт төрөлжиж, эдийн засагт орж ирэх мөнгөн урсгал тасралтгүй, олон хэсгээс бүрдэж байж л тогтвортой өсөлт, нааштай хөгжлийн талаар бид ам бардам ярихаар байна. Улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар сул байгаа нэг шалтгаан нь экспорт төрөлжиж чадаагүй, орлогын эх үүсвэр тодорхой бус байгаатай шууд холбоотой юм.

Манай улсын хувьд уул уурхайн салбар бүхнийг залгуулдаг “чөдрийн ганц морь” болж байгаа. Ганц морьтой хүн хол явж, хорвоо дэлхийтэй танилцаж чадахгүй. Үүний нэгэн адил эдийн засаг ганцхан салбараас хамааралтай байгаа нь бидний сул тал болж байна. Тиймээс уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд төсөв, мөнгөний бодлого чиглэх, санхүүжилтийн дэд бүтцийг нь төр бүрдүүлэхийг цаг үе нь шаардаж, шахаж эхэллээ.

Уул уурхайн бус салбарын экспортын мэдээлэл, статистик хаалттай, тодорхойгүй байж ирсэн. Бүртгэл, тайлагнал ч үнэн зөв эсэх нь эргэлзээ төрүүлсээр. Бид дотооддоо нэг килограмм махыг 13900 төгрөгөөр худалдан авч байхад махны экспортын компаниуд 1.4 тэрбум ам.доллар буюу 3989 төгрөгийн үнийн дүнтэй хэмээн дарж мэдүүлж, экспортод гаргаж байна. Энэ нь далд эдийн засгийг дэмжиж, татвараас зугтах, орлогоо нуух, экспортын үнийн дүнг хуурамчаар бүртгүүлэх байдал хэвийн үзэгдэл болсны нэг жишээ юм.

Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх алхам санхүүжилтийн дэмжлэг, туслалцаанаас гадна бүртгэл, тайлагналын үнэн, зөв мэдээллээс эхэлнэ. Экспортын үнэ болон биет хэмжээ бодит байж чадвал уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Дэлгэрүүлэхэд, хөрөнгө оруулагчдад илүү итгэл үнэмшил төрж, уул уурхайн бус экспортын салбарынханд зээл олгох сонирхол нь хүртэл хүрээгээ тэлэх юм.

 Түүхий эдийн экспорт үнэгүйдэж, тухайн бүтээгдэхүүний үнийн дүнг 5-10 дахин дарж мэдүүлж байгаа нь мөнгө угаагч нарын сонирхлыг ихээхэн татах болсон. 50 сая ам.долларын түүхий эдийг 5 сая ам.доллар гэж бүртгүүлдэг. Эндээс экспорт тойрсон будилаан эхэлж байна. Эцсийн дүндээ нийлүүлэгч тал хохирч, уул уурхайн бус экспорт сул дорой хэвээр үлдэх үндэс суурь болсоор.

Уул уурхайн бус экспортыг дэмжих санаачилгыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгаж, үгүйлэгдэж байсан тусгай санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор болсон нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээж буй. Гэхдээ санхүүжилтийн үр шимийг хүртэхэд экспортын нарийн бодит мэдээлэл, бүртгэл, түүх шаардлагатай болно. Үүнийг манай экспортлогчид хангаж чадах эсэх нь өөрөө асуудал юм. Улсын эдийн засаг тэлэх, өрхийн амьжиргаа сайжрах, ажлын байр нэмэгдэх боломж уул уурхайн бус экспортын цаана нуугдсаар. Уул уурхайн салбартай ашиг, орлогын хувьд богино хугацаанд мөр зэрэгцэж чадахгүй ч уналтыг нөхөх, хүндрэлийг даван туулахад бусад салбарын экспорт ус агаар мэт хэрэгтэй байна.

Б.Тулгат

Нийт сэтгэгдэл 1

  • Зочин
    2 жил

    Ок

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img