Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нэгдүгээр сарын 4-нд сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар тухайн иргэний мэдээллийг холбогдох газруудаас авч цагдаагийн газарт байцаагдаж байгаа тухай Гадаад харилцааны яам хэлсэн юм. Тэгвэл тухайн иргэнийг ямар шалтгааны улмаас байцаасан болон суллагдсан эсэхийг тодрууллаа.
ГХЯ-аас өгсөн мэдээллээр Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй талаар Казахстаны Нурсултан дахь Элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг тавьсан.
Эрлийн ажлын үр дүнд цагдаагийн байгууллагад түр саатуулагдсан болохыг тогтоосон. Тус иргэн Алматы хотод болж байгаа жагсаалд оролцсон байж болзошгүй учраас мэдүүлэг авч түр саатуулсан юм билээ. Гэм буруутай гэж үзээгүй учраас тус иргэнийг өчигдөр сулласан.
Одоогоор үүнээс өөр тохиолдлоор Элчин сайдын яаманд хандсан Монгол Улсын иргэн байхгүй. Тус хотод болж буй жагсаалд оролцсон 6000 гаруй иргэнийг бүртгэлжүүлэх ажил Казахстанд өрнөж байна. Элчин сайдын яам, Консулын газрын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавиад ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар алга болсон гэх иргэн Д нь Казахстан улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь тогтоогдоод байна. Шалтгаан нөхцөлийн талаар яаманд мэдээлэл ирээгүй" гэх тайлбар өглөө.
Тус улсад Монгол Улсын нийт 4200 орчим иргэн бий. Одоогоор, Монгол Улсын иргэн халдлагад өртсөн тухай мэдээлэл ирээгүй. Зохих төлөвлөгөө, журмын дагуу шат дараатайгаар асуудлыг шийдвэрлэнэ. Казахстанд нөхцөл байдал харьцангуй намжиж байгаа гэсэн мэдээ ирсэн. Гэхдээ Алматыгаас бусад хотод байдал тогтворжиж байгаа гэдгийг Гадаад хэргийн яамнаас онцоллоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0