Ц.Билэгтсайхан: Нийт тохиолдлын 90 хувь нь омикроноор халдварласан
Хуваалцах:
img

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрбээр "ХӨСҮТ маш их ачаалалтай ажиллаж байна. Нэг өдөрт бүртгэх тохиолдлын тоо 3000 хүрлээ. Энэ нь зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тоо юм. Оны өмнөхөөс тохиолдлын тоо дөрөв дахин өслөө. Иймд бид хариу арга хэмжээгээ өөрчлөв. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад илүүтэй хяналт тавьж ажилласан бол одоо дотоодын халдвар өсчихлөө. Иймд эрсдэл бүхий хүн ам руу хандсан тандалт явуулна. Учир нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авсан нь нийт тохиолдлын 80 хувийг эзэллээ. Эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутыг гаргахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээр үйлчлүүлжээ. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллаа ягштал баримтлах шаардлагатай.

Халдварын оргил үе ирэх сарын эхээр буюу Цагаан сартай давхцахаар байна. Мөн энэ үед хүүхдүүдийн хичээл эхэлнэ. Бид тандалтын судалгаагаа холбогдох байгууллагуудад өгсөн тул удахгүй УОК шийдвэрээ гаргах байх.    

Би хувилбарын тандалтын шинжилгээ хийдэг. Ямар төрлийн вирусээр үүсгэгдэв, тархалт нь ямар байгааг тогтоох нь энэ судалгааны зорилго юм.  Хувилбарын тандалтын хамгийн сүүлийн мэдээллээр оны өмнө нийт эерэг тохиолдлын 1-3 хувь нь омикрон байв. Харин энэ сарын эхний долоо хоногт 40-50 хувь, дараагийн долоо хоногт 60-70 хувь болж өслөө.  Энэ сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрчээ. Бид генийн дараалал тогтоох шинжилгээгээр энэ хувийг баталгаажуулдаг.   

Залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Мөн амны хаалтаа сайн зүүх, N95 болон  мэс заслын амны хаалт зүүх шаардлагатай байна. Зарим иргэн чанарын шаардлага хангаагүй амны хаалт зүүж байна. Цагаан сараар гэр гэртээ л золгож баярлах нь зөв. Ах дүү, аав ээжтэйгээ цахимаар, утсаар ярьж золгоорой.

Хүүхдүүдийн хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлд авах арга хэмжээ. Харин цахимаар хичээллэх нь зөв. Гэхдээ хичээл цагтаа эхлэхийг үгүйсэхгүй  гэв.    

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал: Нийт өвчтөнүүдийн 10 хувь нь биеийн байдал хүнд байна. ХӨСҮТ-д 395 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийг эрэмбэлэн ангилж, хүндрэх эрсдэлтэй өвчтөнүүдийг манай эмнэлэгт авчирдаг. Эдгээр өвчтөнүүдийн 30-35 хувь нь нэн хүнд байдалтай байна. Эдгээр иргэд хавсарсан өвчтэй (зүрх судасны өвчтэй, элэгний хатууралтай, хавдрын сүүлийн шатанд орсон, харвалтын дараах байдалтай гэх мэт), өндөр настай иргэд байна. Альфа, бета хувилбараар өвчилж, хүндэрсэн өвчтөнүүдийн дунд амьсгалын дутагдалд орох нь элбэг байв. Харин омикроноор халдварласан иргэдийн суурь өвчин сэдэрч байна.   

Хүнд, нэн хүнд хүмүүсийн 30 орчим хувийг зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, уушгины архаг эмгэгтэй,  таргалалттай иргэд байна. Мөн халдвар авсан нийт өвчтөний 21 хувийг хүүхдүүд эзэллээ. Тэдний 70 хувийг 0-11 насныхан эзэлсэн. Учир нь эдгээр хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй.  Хүүхдүүдийн дийлэнх нь хөнгөн өвчилсөн. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img