Оюутолгойд хүнс нийлүүлэгч компани эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу
Хуваалцах:
img

Сүүлийн үед хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын эрх ашиг ба түүнийг зөрчсөн үйлдлүүд гарах болсон талаарх асуудлыг олон нийт ихээр хөндөх болсон. Тэгвэл бид энэ удаад Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулж буй Оюутолгой компанийн ажилчдын эрүүл мэнд тэр тусмаа эрүүл хүнсээр хангагдах эрх зөрчигдөж байж болзошгүй асуудлыг сурвалжиллаа.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллах гэрээг 2015 онд байгуулсан байдаг. Уг гэрээний хүрээнд 2020 онд орон нутгийн компани, үйлдвэрлэгчдээс Оюутолгой ХХК 155 сая долларын худалдан авалт хийхээр төлөвлөсөн аж.

Орон нутгийн компаниудын хүнсний ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюутолгой компанитай санамж бичиг байгуулж байв. Ингэхдээ хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх компаниуд нь мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, монгол хоолоор ханган нийлүүлэлт хийх журамтай. Тэгвэл Оюутолгой компанийн 10 мянга гаруй Монгол ажилчдаас гадна гэрээлэгч компаниуд ажилчид гээд нэжгээд олон хүнийг хүнсний ногоогоор хангадаг зарим байгууллагууд ажилчдын эрүүл аюулгүй хүнсэээр хангагдах эрхийг нь зөрчиж байна.

Тодруулбал, Оюутолгой компанид хүнсний ногоо ханган нийлүүлдэг хүнсний гурван үйлдвэр Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг. Нэр бүхий гурван компанийн нэг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан шийдвэрээр ДУНД түвшний эрсдэлтэй хэмээн үйлдвэрлэлээ зогсоож, хаалгаа барьсан аж. Харин үлдсэн хоёр үйлдвэрийн нэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна.

Тус хоёр үйлдвэрийн нэг нь Б.Батзориг захиралтай “Шим зэрэглээ” ХХК. Тус компани нь 2021 оны есдүгээр сарын 20-нд Оюутолгой ХХК-д хүнсний ногоо ханган нийлүүлэх гэрээг хийсэн аж. Одоогийн байдлаар 10 гаруй удаагийн ханган нийлүүлэлтийг хийгээд буй. Гэтэл уг байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнууд болох улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ, Б.Баярмаа нар хяналт шалгалт явуулахад нийтдээ 21 зөрчил илэрсэн байдаг. 21 зөрчлийн хувьд хүнсний ногоонд өөрчлөлт орох, үндсэн түүхий эд бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, хаана үйлдвэрлэж бэлтгэгдсэн нь тодорхойгүй цаашилбал хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц ноцтой зөрчлүүд илэрсэн болохыг доорх зургаас харж болно. 

БАРИМТ1: Мэргэжлийн хяналтын байгууллагын илрүүлсэн 21 зөрчлийн талаар дурдсан албан бичгийг энд хавсаргав

Үүнээс үзэхэд, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан дүгнэлтээс харахад олон мянган ажилчдыг эрүүл аюулгүй хүнсээр хангах үүргээ ноцтой зөрчиж буй “Шим зэрэглээ” ХХК-д яагаад өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцлага тооцоогүй вэ гэх асуудал энд урган гарч байна.

Хүнс бэлтгэдэг, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг компаниудад технологийн урсгалыг хангаагүй, үндсэн түүхий эдийн гарал үүсэл хаана үйлдвэрлэж байгаа нь тодорхойгүй, цонхны хамгаалалт байхгүй, бохирын усны зөв шийдэл байхгүй зэрэг зөрчлүүдийг арилгаж, албан шаардлагын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, биелэлтийг эргэн мэдэгдэх шаардлага тавьжээ.

Харин БОДИТ БАЙДАЛ ямар байв?

Улсын байцаагчийн албан дүгнэлт гарснаас хойш даруй хоёр сарын хугацаа өнгөрсөн байхад буюу энэ оны нэгдүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Шим зэрэглээ” ХХК-ийн үйлдвэрийн байраар ороход зөрчлийг ямар нэгэн байдлаар арилгасан, арилгах гэж оролдсон нөхцөл байдал төдийлөн ажиглагдсангүй.

Хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг компанийн ажилчид Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан байх ёстой. Үүнд, сүрьеэ, арьсны халдварт өвчнүүд, нян тээгч, хамар залгиурын арчдас, цагаан хорхой зэрэг дөрвөн төрлийн шинжилгээ өгсөн байх ёстой. Гэтэл уг байгууллагын найман ажилтанд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр байхгүй гэдгээ хэлж байсан юм.

Хэрвээ энэ ажилчид дунд халдварт өвчин тээж яваа нэг л ажилчин байвал Оюутолгой компаний 10 мянга гаруй ажилчдыг эрсдэлд оруулж байгаа хэрэг. Жишээ дурдъя. 2019 оны хоёрдугаар сард KFC Зайсан салбарын ажилтан цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь олон үйлчлүүлэгчдэд халдварласан тохиолдол гарч байв. Өөрөөр хэлбэл, нэг ажилтны эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчлүүлэгч нар эрсдэлд орсон хэрэг юм. Тэгвэл Оюутолгойн 10 мянга гаруй ажилчдад ч өнөөдөр эрсдэл учраад байна. Цаашилбал ажилчдын дунд үүсч болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа нь зогсвол хэн хариуцлага хүлээх вэ.

Бид тус суманд ажиллаж байхдаа “Шим зэрэглээ” ХХК-ы захирлаас үүссэн асуудлын талаар захирал С.Батзоригоос тодруулга мэдээлэл авлаа.

Ийхүү бид "Шим зэрэглээ" ХХК-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэргэжлийн хяналтын хяналт шалгалтын ажил явуулсан хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэтэй холбогдож шалгалтын ажил бодитой явагдсан эсэх талаар лавласан юм.

-"Шим зэрэглээ" ХХК бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн юм байна. Энэ үнэлгээ яг бодитой байсан уу?

-Хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийн арилгуулахын тулд албан шаардлага өгсөн. Албан шаардлагаар тухайн ААН зөрчлөө арилгаж манайд хариу ирүүлдэг. Зөрчлүүдээ арилгасан бол үйл ажиллагаа хэвийн явдаг. Тухайн суманд тийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг гурван төрлийн байгууллага байдаг. "Шим зэрэглээ" ХХК зөрчлөө арилгасан байсан учраас эрсдэл нь бага гэж гарсан.

-Хүнс бэлтгэн нийлүүлэгчээр ажиллахад та шаардлага хангасан үйлдвэр гэж үзэж байгаа юм байна. Эрүүл орчин нөхцөлд хүнс бэлтгэж ханган нийлүүлж, эрсдэлгүй байна гэж үзэж болох уу?

-Шалгалтаар зөрчлөө арилгасан байсан болоод л эрсдэлгүй гарч ирсэн үг.

"Цаашлаад мэдээлэл өгөх боломжгүй гэв"

"Шим зэрэглээ" ХХК-ийн захирал С.Батзориг, хүнсний чанар стандартын улсын байцаагч Т.Нандин-Эрдэнэ нарын зөрчлийг арилгуулсан, арилгасан гэх яриа нь бодит байдалтай нийцэхгүй байгааг та бүхэн энэ сурвалжилгаас харж болно. Оюутолгой төслийн хүнсний ханган нийлүүлэлтийн тендерийг Таванбогд группын охин компани болох “SSM” ХХК авсан байдаг бөгөөд ийм нөхцөл байдалтайг нь мэдсээр байж тус компаний үйл ажиллагааг дэмжиж байгаагийн ар талд тэдний маш том ашиг сонирхол ч байж болзошгүй байдалтай байна. Хамгийн сүүлд нэгдүгээр сард гэхэд л "Шим зэрэглээ" ХХК дизель түлштэй холилдсон хүнсний ногоог нийлүүлсэн шуугиан дэгдэхэд Оюутолгой төсөлд мэдэгдэлгүй нам “дараад” өнгөрсөн аж. Иймд Оюутолгой төсөл ажилчдынхаа эрүүл аюулгүй хүнсээр хангагдах тал дээр анхаарах, хүнс ханган нийлүүлж буй компаниуддаа өөрсдөө шаардлага тавих нөхцөл байдал нэгэнт үүсчээ

Үргэлжлэл бий...

 

“ШИМ ЗЭРЭГЛЭЭ” ХХК-НИЙ БОДИТ БАЙДАЛ /Бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн/

 Үйлдвэрийн гадаад орчны байдал

Үйлдвэрийн бохир зөөж буй тээврийн хэрэгслийн байдал, бохир гадна талбайд алдагдсан байдал

Үйлдвэрийн дотоод орчин

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img