Дайны дараа Берлин хотод чихрээр “бороо оруулж” байсан Америк нисгэгч 101 насандаа таалал төгслөө
Хуваалцах:
img

Түүхэнд “Candy Bomber” буюу чихрээр бөмбөгдөгч хэмээн алдаршсан ахмад дайчин Лхагва гарагт 101 насандаа таалал төгссөнийг АНУ-ын Юта муж дахь гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ. Ахмад дайчин Гэйл Халворсен нь Германы нийслэл Берлин хотын иргэдийн хамгийн хүндтэй хүмүүсийн нэг байсан юм. Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд Берлин хот Зөвлөлтийн цэргийн хяналтаас чөлөөлөгдсөний 70 жилийн ойд хүндэт зочноор оролцож байжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр сөнөөгч онгоцны нисгэгч байсан Халворсен дайны дараа Берлин хотын Темпелхоф нисэх буудалд ажлаар очихдоо хашааны цаана зогсох герман хүүхдүүдтэй тааралдаж байжээ.

Тухайн үед Зүүн Германд нөлөөгөө тогтоохын тулд Зөвлөлт Холбоот Улс өрнөдийн холбоотнууддаа шахалт үзүүлж, Берлин хотод хатуу хяналтаа тогтоогоод байсан юм.

Халворсен өлсгөлөн хүүхдүүдийг өрөвдөж, өөрт байсан хоёр ширхэг бохийг тэдэнд өгч байжээ. Хүүхдүүд бохийг олон хэсэг жижиглэн хуваагаад, цаасыг нь хүртэл үнэрлэж байсан нь Халворсены сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэдэг. Тэрбээр дахин ирэхдээ илүү олон чихэр амттан авчирч өгөхөө хүүхдүүдэд амлаад Берлинээс буцаж байжээ.

Дараа нь Халворсен өөрийн бэлдсэн чихрийг Берлин хотын дээрээс буулгадаг болсон байна. Ингэхдээ алчуурыг шүхэр болгон ашиглаж байжээ. Сүүлдээ түүний санаачилгыг бусад нисгэгч нар дэмжиж “Operation Little Vittles” гэх нэртэй ажиллагаа болж өргөжсөн байна.

1948 оны зургаадугаар сарын 26-нд эхэлсэн уг ажиллагаа Зөвлөлтийн тал Берлин хотыг хяналтаасаа чөлөөлөх хүртэл буюу 1949 оны тавдугаар сарын 12 хүртэл үргэлжилж, чихрээр зогсохгүй хоол хүнс, эм тариа, түлш хүртэл агаараас буулгадаг болжээ. Энэ хугацаанд холбоотны нисгэгчид 278,000 удаа нислэг үйлдэхдээ нийт 2 тонн ачааг Зөвлөлтийн хяналтад байсан Берлинд буулгасан гэдэг. Дайны үед төрсөн Берлин хотын иргэд Америк нисгэгчдийн агаараас буулгадаг байсан чихэр, амттан зэргийг одоо болтол дурсдаг байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img