​Укриан улс Онц байдал зарлаж, ОХУ-ын арми давшилтын байршил эзэлсэн гэж мэдэгдэв
Хуваалцах:
img

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл лхагва гаригт Засгийн газрын хяналтад байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд 30 хоногийн хугацаанд Онц байдал зарлалаа.

Өөрөөр хэлбэл, салан тусгаарлагчдын мэдэл дэх Донецк болон Луганскаас бусад Украины бүх хотуудад Онц байдал тогтоосон байна. Цаашид хурцадмал нөхцөл байдал үргэлжилсэн тохиолдолд Онц байдал зарласан хугацааг дахин 30 хоногоор сунгах аж.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов “Москва Украиныг дотроос нь тогтворгүй болгохоор төлөвлөж байна. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд тул Онц байдал тогтоох шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн юм.

Онц байдлын хүрээнд Украины төрийн байгууллагууд болон стратеги, дэд бүтцийн чухал объектуудыг хамгаалалтад авч, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг бэхжүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тогтооно. Энэ нь улс орны амгалан тайван байдлыг сахин хамгаалах, эдийн засгийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд зайлшгүй авах шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэжээ.

Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нөөцийн цэрэг татах зарлиг гаргасан байна. Үүний хүрээнд 18-60 насны 200 мянган эрчүүдийг нөөцийн цэрэгт татахаар төлөвлөсөн аж. Үүнээс гадна Украины парламент энгийн иргэдэд зэвсэг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ОХУ дахь иргэдээ нэн даруй дүрвэхийг уриалсан юм. 

Үүнтэй зэрэгцэн Украины зүүн хэсгийн Луганск болон Донецк дахь салан тусгаарлагчид удирдагчид ОХУ-аас цэргийн дэмжлэг хүсжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр салан тусгаарлах хөдөлгөөний удирдагчид лхагва гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Луганск болон Донецк дахь Украины зэвсэгт хүчний түрэмгийллийг няцаахад тусламж үзүүлэх хүсэлт тавьсан аж. Улмаар ОХУ-ын цэргийн зэвсэг, техник болон анги нэгтгэлүүдийн цуваа Донецкт орж ирсэн байна.

Украины Батлан хамгаалах яам лхагва гаригт салан тусгаарлагчид гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, Украины мэдлийн нутаг дэвсгэрт 60 гаруй удаа гал нээсэн гэж мэдээлсэн юм. Зэвсэгт мөргөлдөөний улмаас Украины талаас нэг цэрэг амь үрэгдэж, нэг алба хаагч шархадсан байна.

Харин АНУ-ын Батлан хамгаалах яам тагнуулын мэдээллийг үндэслэн Украины зүүн хилийн ойролцоох ОХУ-ын цэргийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний 80 хувь нь давшилтын байршил эзэлсэн. Оросын зарим байлдааны анги нэгтгэлүүд Украины хилээс ердөө таван километрийн зайд дөхөж ирсэн. Үүний дээр, Беларусийн өмнөд хилийн орчимд хамтарсан хээрийн сургуулилтад оролцож буй ОХУ-ын цэргийн хүч мөн давших бэлэн байдал хангасан. Түүнчлэн Украины өмнөд хилийн орчим дахь Хар тэнгист ОХУ-ын тэнгисийн цэргийн 20 гаруй байлдааны хөлөг онгоц байрлаж байна. Үүний дийлэнх нь хуурай газрын явган цэрэг зөөвөрлөгч бөгөөд баллистик пуужин харвах чадвартай стратегийн зэвсгийн анги нэгтгэлүүд багтаж байна гэжээ.

Эх сурвалж: CNN, Reuters 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img