2 жил
Ням гарагт ОХУ-ын олон хотод тус улсын эрх баригчдын Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагджээ.
OVD-Info хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Москва, Санкт-Петербургээс эхлээд Владивосток, Иркутск хүртэл нийт 53 хотод жагсаал зохион байгуулагдаж, нийтдээ 4,366 орчим хүн баривчлагдсан байна. Харин ОХУ-ын дотоод хэргийн яам нийт 3,500 орчим хүн баривчилснаас 1,700 нь Москвад, 750 нь Санкт-Петербургт, 1,061 нь бусад хотуудад баривчлагдсан гэж мэдээлжээ.
Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн баасан гарагт дайны эсрэг жагсаалд иргэдийг уриалсан юм. Харин Бямба гарагт ОХУ-ын дотоод хэргийн яам зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж байв. Баасан гарагт тус улсад дайны тухай худал мэдээлэл тараасан этгээдэд хатуу шийтгэл оноох хууль батлагдсаны дараа олон хараат бус мэдээллийн хэрэгсэл хаагдсан тул үнэн бодитой мэдээлэл авахад хүнд болоод байна.
ОХУ-аас гадна өчигдөр Казахстан улсын хамгийн том хот Алматыд дайны эсрэг иргэдийн жагсаал зохион байгуулагджээ. Уг жагсаалд нийтдээ 2,000 орчим хүн оролцож, дайныг зогсоохыг уриалж, Путинийг буруутгасан зурагт хуудаснууд барьсан байв. Баасан гарагт гаргасан уриалгадаа Навальный “Путинээс болоод Орос гэдэг үг олон хүний хувьд дайн гэсэн утгатай болоод байна. Энэ буруу юм. Украин руу Орос биш, Путин халдан довтолсон” гэж мэдэгдэж байжээ.
Ням гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украинд гал зогсоож, энхийн гэрээ байгуулах талаар ятгасан байна. Хоёр ерөнхийлөгчийн цаг орчим үргэлжилсэн ярианы дараа Туркийн талын гаргасан мэдэгдэлд Эрдоган зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд Турк улс туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлжээ. Хэдийгээр Оросын цэрэг Украинд халдан довтолсон явдлыг дэлхийн улс орнуудын ихэнх нь буруутгаж байгаа ч Москвад төвтэй судалгааны байгууллагуудын явуулсан санал асуулгад Путиний нэр хүнд өссөн тухай мэдээлсээр байна.
Тухайлбал ВЦИОМ (Всероссийский Центр Изучения Общественного Мнения) төвийн явуулсан санал асуулгаар хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Путиний рэйтинг 6 нэгж хувиар өсөж, 70 хувьд хүрсэн гэнэ.Кремлийн эрх баригчдад үйлчилдэг ФОМ (Фонд Общественное Мнение) байгууллага ижил хугацаанд Путиний рэйтинг 71 хувьтай байгааг мөн мэдээлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0