Украины хямралтай холбоотой Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригт дэлхийн томоохон компаниуд нэгдсээр байна.
McDonald’s, Starbucks компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бүх салбараа түр хугацаагаар хааж байгааг өчигдөр зарлажээ. Мөн Coca Cola, PepsiCo компаниуд Орос дахь үйл ажиллагаа, борлуулалтаа зогсоож байгааг өчигдөр зарласан байна. Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonald’s ингэхдээ Орос дахь 62,000 ажилчиндаа цалинг нь тасалдуулалгүй өгөхөөр болжээ.
Тус компани хамгийн анхны салбараа 1990 онд Москвагийн Пушкиний талбайд нээж байсан бол өнөөдөр Орос даяар 847 салбартай болоод байгаа. Дээрх компаниудаас гадна өчигдөр Их Британид төвтэй эрчим хүчний аварга компани Shell бас ОХУ-аас газрын тос худалдаж авахаа зогсоож байгааг зарласан юм. Оросыг эдийн засгийн хувьд дэлхийн тавцанд ганцаардуулах зорилготой Өрнөдийн хориг арга хэмжээнүүд зарим түүхий эдийн үнэ ханшийг огцом өсгөөд байна.
Цахилгаан автомашины гол түүхий эд болдог никелийн үнэ өчигдөр нэг тонн нь бараг хоёр дахин өсөж, $100,000 хүрсний улмаас Лондоны Металлын Бирж арилжааг нь зогсоожээ.
Оросын зах зээлд үйл ажиллагаагаа зогсоож буйгаа сүүлийн байдлаар Германы спорт хувцас, хэрэгслийн Adidas, Америкийн гоо сайхны Estee Lauder, хувцас загварын Calvin Klein, Tommy Hilfiger брэндүүд зарлаад байна.
Эх сурвалж: Reuters
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0