Хүмүүнлэгийн коридор
Украины Черхигов, Харьков, Мариуполь, нийслэл Киев, Сумы зэрэг таван хотыг орхин явах энгийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн коридор нээснээ Кремль мэдэгдлээ. Энэ тухай Оросын Интерфакс агентлаг мэдээлэв. Украины Шадар сайд Ирина Верещук мягмар гарагт Сумы, Ирпин хотыг энгийн иргэд уг коридороор аюулгүй нэвтэрч “эх орноо” орхиж болно гэж мэдэгдэв. Өмнө нь ОХУ дахин гал зогсоож, Украины бүслэгдсэн хотуудын энгийн иргэдийг өөрсдийн сонгосон чиглэлд нүүлгэн шилжүүлэх "хүмүүнлэгийн коридор" нээхээр төлөвлөж байгаагаа зарласан. Энэ нь Украин улс Орос болон түүний холбоотон Беларусь руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгосон Оросын өмнөх төлөвлөгөөнөөс татгалзсаны гарсан шинэхэн шийдвэр юм.
Томоохон хотууд бай болж байна
Оросын арми Киевээс хойд зүгт орших Чернигов хотын оршин суугчдын хороолол руу олон зуун пуужин, их буугаар довтолж, хүчтэй бөмбөг хаясан гэж Украины албаныхан мэдэгдэв. Мөн өмнөд хэсэгт орших Николаев болон тус улсын хоёр дахь том хот болох Харьков руу дайрчээ. Украины цэргүүд Украины хамгийн том боомт хот болох Одесса хотыг Оросын хөлөг онгоцуудаас хамгаалж буй. ОХУ-ын хэлэлцээр хийгчид Украинтай хийсэн хэлэлцээний дараа онцгойлон мэдээллэх нааштай ахиц дэвшил гараагүй гэж мэдэгдээд дараагийн шатанд эцсийн үр дүн гарна гэж найдах хэрэггүй гэж анхаарууллаа. Хэлэлцээ амар биш гэдгийг Владимир Мединский онцлоодм хэлэлцээрийн дэх шат тун удахгүй болно гэв. Орос, Украины Гадаад хэргийн сайд нар пүрэв гарагт Туркт уулзахаар болзжээ.
Амиа алдагсдын тоо
Украины цэргийн тагнуулын мэдээлснээр, Украины цэргүүд Харьков хотын ойролцоо оросын армийн генералыг устгасан нь тус довтолгоонд амиа алдсан Оросын хоёр дахь ахлах командлагч боллоо. ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй юм. Украины зэвсэгт хүчин Оросын 11 мянга гаруй цэргийг устгасан гэж мэдэгдсэн бол Оросын тал 500 орчим хүний хохирол амссан гэж мэдэгдэв. Украины хохирогчдын талаар аль аль тал нь мэдээлсэнгүй.
Киевээс зүүн тийш 350 км-ийн зайд орших Сумы хотод “дайсны” агаарын цохилтын улмаас есөн хүн, түүний дотор хоёр хүүхэд нас барсан гэж Украины аврах алба Франс Пресс агентлагт мэдээлэв.
Газрын тосны хямрал
Барууны орнууд Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан нефтийн импортоо зогсоовол нефтийн үнэ нэг баррель нь 300 ам.долларт хүрч, Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг хааж магадгүй гэж Орос анхааруулсан. Оросын байгалийн хийн "Газпром" компани өдөртөө 109.5 сая шоо метр байгалийн хийн нийлүүлэлтээ Украины нутгаар үргэлжлүүлж байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ.
Тусламж
Дэлхийн банк Украинд олгох 723 сая долларын зээл, буцалтгүй тусламжийг ойрын өдрүүдэд шилжүүлэхээ амлалаа. АНУ-ын Конгрессын хэлэлцээрээр Украинд 10 тэрбум ам.долларын яаралтай тусламж үзүүлж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.
Дүрвэгсдийн хямрал
Украины хойд хэсэг Оросын агаарын довтолгоонд өртөж, 13 энгийн иргэн амиа алдсан гэж Украины албаныхан мэдэгдэв. ОХУ-ын түрэмгийлэл үргэлжилбэл таван сая орчим украинчууд эх орноосоо дүрвэж болзошгүй гэж ЕХ-ны тэргүүн дипломатч мэдэгдсэн бол НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар дор хаяж 1.7 сая хүн дүрвэжээ.
Олон улсын хүнсний бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөө
Баасан гарагт Их долоогийн орнуудын хөдөө аж ахуйн сайд нарын виртуал уулзалтыг зохион байгуулж, дэлхийн хүнсний аюулгүй байдалд оросын украинд хийсэн довтолгооны нөлөөлөл болон дэлхийн хүнсний зах зээлийг хэрхэн хамгийн сайн тогтворжуулах талаар хэлэлцэнэ гэв.
Эсти Лаудер Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоов
Estee Lauder Companies Inc Орос дахь бүх худалдааны үйл ажиллагаагаа зогсоох, тэр дундаа тус улс дахь бүх дэлгүүрээ хаах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулдаг Нью-Йоркт төвтэй тус компани Орос дахь жижиглэнгийн худалдаачид, брендийн сайтууд болон хүргэлтийг зогсоох аж.
Эх сурвалж: Aljazeera
Нийт сэтгэгдэл 0