Өнөөдрийг хүртэл харьцангуй тайван байсан Украины баруун хязгаарт Оросын зэвсэгт хүчин агаарын цохилт өгч эхэлжээ. Ням гарагт Польштой хил залгаа Украины баруун бүсийн Яворов хот дахь цэргийн баазад Оросын талаас пуужингийн цохилт өгсөн байна.
Яворов хот нь NATO-гийн гишүүн Польшийн хилээс 20 гаруй километр зайтай оршдог. Цохилтын үеэр 35 хүн амь үрэгдэж, 134 хүн шархадсан тухай Украины тал мэдээлжээ.
Үүнээс өмнө ОХУ-ын эрх баригчид Өрнөдийн тусламжийн зэвсэг техник уг баазад хадгалагдаж байгааг, мөн Өрнөдийн тусламжийн нийлүүлэлтийг таслан зогсоох эрхтэйгээ анхааруулж байсан юм. Цохилтын үеэр 180 хүртэл тооны гадаадын хөлсний цэрэг, их хэмжээний зэвсэг техникийг устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам сүүлд мэдээлжээ.
АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан гишүүн орных нь нутаг дэвсгэрт санамсаргүй байдлаар ч халдсан тохиолдолд NATO хатуу хариу арга хэмжээ авахыг Москвад анхааруулсан юм. Яворовын баазад өмнө нь АНУ, Их Британи болон бусад улсын цэргийн сургагч нар ажилладаг байжээ. Харин өчигдрийн цохилтын үеэр тэд баазад байсан эсэх нь мэдэгдээгүй байна. Уг баазад Украины зэвсэгт хүчин NATO-гийн гишүүн орнуудтай хамтарсан цэргийн сургуулилалт зохион байгуулдаг байжээ. Хамгийн сүүлийн ийм ажиллагаа есдүгээр сард болсон байна.
NATO өөрийнх нь ганц ч мэргэжилтэн Украины нутаг дэвсгэрт үлдээгүйг мэдэгдсэн бол Пентагон бас сүүлчийн хүмүүс нь олон хоногийн өмнө Украинаас явсныг баталсан байна.360 км.кв талбай эзэлдэг Яворовын Олон Улсын Энхийг Сахиулагчдын Төв нь Украины баруун хязгаарын хамгийн том цэргийн бааз ажээ.
Эх сурвалж: BBC
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0