2 жил
Украины хямралтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарласан орнуудын нэг нь Япон улс юм. Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн яам үүний хариуд Япон улстай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ зогсоож байгааг Даваа гарагт мэдэгджээ.
“Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Япон улс ОХУ-ын эсрэг нэг талын хориг тавьсан нь илт найрсаг бус шинж чанартай байгаа тул дараах арга хэмжээг авахаар боллоо. Ийм нөхцөлд Оросын тал Япон улстай энхийн гэрээний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх бодолгүй байна. Учир нь илт найрсаг бус байр суурь баримталж, ашиг сонирхолд нь хохирол учруулахыг оролдсон улстай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх боломжгүй юм” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Дэлхийн Хоёрдугаар дайны дараа үүссэн Өмнөд Курилийн дөрвөн арлын газар нутгийн маргаан хоёр улсын хооронд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Орос, Япон улсуудыг энхийн гэрээ байгуулахад уг маргаан саад болдог юм. Удаан үргэлжилж буй яриа хэлэлцээний үр дүнд маргаантай арлуудад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Японы иргэд визгүй зорчих зэрэг ахиц дэвшлүүд гараад байжээ. Тэгвэл яриа хэлэлцээ дуусгавар болж буйтай холбоотойгоор дээрх хамтын ажиллагаанууд бас цуцлагдах юм байна.
“Хоёр талын харилцаа, Японы эрх ашигт хохирол учруулсан бүх хариуцлагыг харилцан ашигтай хамтын ажиллагаа, найрсаг харилцааг хөгжүүлэхийн оронд Оросын эсрэг бодлого явуулах сонголт хийсэн Токиогийн эрх баригчид хүлээнэ” гэж Оросын талын мэдэгдэлд өгүүлжээ. Украины хямрал эхэлснээс хойш Япон улсын засгийн газар ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ аваад байгаа.
Тухайлбал хагас дамжуулагч, өндөр технологийн тоног төхөөрөмж, программ хангамж зэрэг нийт 300 орчим төрлийн барааны экспортыг хориглосон юм. Бас Оросын хэд хэдэн том банкны хөрөнгийг битүүмжилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, түүний ойрын хүрээний хүмүүст хориг тавьжээ.
Эх сурвалж: ТАСС
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0