Өнөөдөр зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн өдөр
Хуваалцах:
img

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулсан түүний "Үзэхийн хязгаар" номноос онцлох эшлэлийг хүргэе. 

- Би үхнэ, чи үхнэ. Цэцэг л үлдэнэ. Ай, дурсамж гэдэг бол Зүрх юм. Дурсамж гэдэг бол Тархи. Нүд бас Цус. Дурсамж бол Цаг Хугацаа. Тэр бол Зовлон. Гэрэл цацраах ялалт. Эргээд харахад дүв дүүрэн цэлэлзэн байдаг Өчигдөр. Бас Ирээдүй ... Надтай л хамт арилж үгүй болох дурсамжийн зузаан ч биш, нимгэн ч биш хуудсуудаа эргүүлж сууна. 

- Үүрээр нар мандахыг үзэх, бороон дуслууд газарт шингэхийг үзэх, од цацран цацран тэнгэртээ харвахыг үзэх, цас түрэн яргуйн дэлбээ бултайхыг үзэх, дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг үзэх, цэцгийн ягаахан дэлбээ цэв цэнхэр салхин дотор нисэлдэхийг үзэх, хайртай хүнийхээ хайртай гэж хэлэх нүдийг үзэх, хаанаас ч юм бэ, гэнэт намар ирэхийн үзэх... Үзэх, үзэх, үзэх... Үзэх бүхний хязгаар. Үзсэн бүхний хязгаар. Эцсийн эцэст нь үхэж үзэх! 

- Ертөнц төгс төгөлдөр. Үүний баталгаа нь амьдрал! Амьдрал төгс төгөлдөр. Үүний баталгаа нь үхэл!

- Бичиж чадаж байна гэдэг бол сэтгэж чадаж байна гэсэн үг. Бичиж чадах гэдэг нь итгүүлж чадах гэсэн үг.

- Хүмүүс бүгд л энэлж шаналдаг ч нэг л мэдэхэд өнөөх энэлмээр, шаналмаар юмандаа дасчихсан байдаг нь аймаар. 

- Баян ч байг, ядуу ч байг өөрийн гэсэн эх оронтой, өөрийн гэсэн соёлтой байна гэдэг хичнээн сайхан хэрэг вэ?

- Хүн өөрийгөө авч үлдэх л хамгийн хэцүү. Энэ бол зарим хүнээс их хүч, харин заримаас нь тийм их хүч шаарддаггүй зүйл. 

- Эдгүй байна гэдэг зовлон биш. Эдэд шүтсэн хүн болчихвол л тэр зовлон. 

- Буддын сургаалын хамгийн чухаг эш нь нинж сэтгэл төдийгүй байгаагаа хуваалцах, энгийн даруу амьдрах, хамгийн чухал нь шунал хүслээ хязгаарлахад биднийг чиглүүлдэг билээ. 

- Хязгааргүй юм бүхэнд сэтгэл татах шинж бий. Хязгааргүй юм бүхэнд би ямар дуртай гээч! Тэнгэр, тэнгис, говийн элс, од, үүл, толь бас үг. Хязгааргүй учраас нууцлаг. Хязгааргүй учраас аймшигтай. Хязгааргүй учраас аугаа. 

- Мэдлэг гэдэг бол зөвхөн мэдээллийн цуглуулга биш ээ. Харвард төгссөн хүнийг л мэдлэгтэй гэхгүй. Мэдлэг гэдэг бол амьдралын аугаа их туршлага, энэ туршлагаар баяжсан төрөлх зөн совин, бараг айдас төрмөөр гэж хэлж болох тийм нарийн ажигч, гярхай зан, сэтгэлийн торгон чанар юм. 

- Өлссөн хүн ходоодныхоо хэмжээг мэдэлгүй иддэг. Өлсгөлөн тархи "хязгаар" гэдэг үгийг санадаггүй. 

- Хүмүүс яг л ургамал шиг өөр өөр үнэртэй байдаг. Эрэгтэй хүний үнэр, эмэгтэй хүний үнэр, нялх хүүхдийн үнэр, өвчтэй хүний үнэр, хотын хүний үнэр, хөдөөний хүний үнэр, эх хүний үнэр, сайн хүний үнэр, муу хүний үнэр, ариун хүний үнэр. Ялгаатай шүү. 

- Ээ, энэ хорвоо дээр дурламаар, хайрламаар юм яасан их вэ! Ийм хорвоог бүтээсэн Бурхан таны тухай бодохдоо дуртай. 

- Нэг нь таг сохор, мэргэн Нөгөө нь нүдтэй, гэвч тэнэг

- Харц бол зүрхний эрхтэн. Дурласан эр хүний нүд л эм хүнд хамгийн сайхан харагддаг. 

- Сар ганцаардлын бэлгэ тэмдэг. Ганцаардал бол хүн гээч амьтны дотоод дахь дээгүүр мөн чанараас үүсдэг ухагдахуун. 

- Харамсалтай нь, одоо Монголд шагналын төлөөх улайрсан тэмцэл буураагүй төдийгүй зөвхөн өөрт нь шагнал өгөөгүйгээс болж өчнөөн хүнийг үзэн ядаж, ийн зэвүүцэн арзганаж буй нь тэнэг хүнд ч ойлгогдохоор тийм дорд байдал үзүүлдэг,...

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img