Бямба гарагийн үдээс хойш нийт 26 хүнтэй аялал жуулчлалын завь Японы Хоккайдо арлын Ширетоко хойгийн ойролцоо живж буй тухай мэдээ аврах албаныханд ирсэн юм.
Казу 1 нэртэй завийг эрэн хайх ажиллагааны үеэр ням гарагт 10 хүний цогцос далайгаас олджээ. 19 тонн жинтэй завин дээр 24 жуулчин, тэдгээрийн дотор хоёр хүүхэд, бас хоёр далайчин явсан байна. Осол болсон газар нь хадархаг эрэг, хүчтэй давлагаатай, завь жолоодоход хэцүүд тооцогддог тэнгисийн булан байжээ.
Олдсон 10 цогцсын долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүн байсныг аврагчид мэдээлсэн байна. Завийг эзэмшигч Shiretoko Pleasure Cruise оператор компани өнгөрсөн онд хоёр ч удаа бага хэмжээний осол гаргаж байжээ. Япон улсын зам тээврийн яам тус компанийн аюулгүй ажиллагааны стандартад шалгалт оруулахаар болсон байна. Мөн цаг уурын нөхцөл байдал муу үед жуулчдыг далайд аялуулах шийдвэр яагаад гаргах болсныг шалгаж эхэлжээ.
Аврах ажиллагаанд эргүүлийн зургаан хөлөг онгоц, хэд хэдэн нисэх онгоц, мэргэжлийн шумбагчид оролцож байна. Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида орон нутгийн томилолтоо цуцалж, нийслэл Токио хотод буцаж иржээ. Тэрбээр аврах ажиллагаанд шаардлагатай бүхнийг ашиглахыг холбогдох албаныханд даалгаснаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Казу 1 завины аялал нь гурван цаг үргэлжилж, халим, дельфин, хүрэн баавгай зэрэг амьтдыг харах боломжийг жуулчдад олгодог тухай оператор компанийн вэб сайтад мэдээлжээ. Тухайн бүс нутаг нь далайд мөс хөвөхийг харж болдог хамгийн өмнөд цэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй газар юм байна.
Эх сурвалж: Associated Press
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0