Арван гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулан, уран бүтээл туурвихдаа амжилтаас амжилтад өртөөлөн “Авьяаслаг азиуд” уралдааны дэд байрын эзэн болж, 56 орны 1600 гаруй уран бүтээлч оролцсон Дэлхийн урлагийн олимпоос алтан медаль хүртсэн ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийнхан бас нэгэн онцгой шинэ амжилтын эздээр тодорч, дэлхийн хөгжмийн амьдралд шуугиан таригчдын эгнээнд нэр нь дурайж байна. Тус хамтлаг уран бүтээлийн хоёр дахь “Жангар” цомгоороо Их Британи улсад шалгаруулан олгодог “Songlines Music Awards 2021” шагналыг Ази, Номхон далайн бүсээс тэргүүлэн энэ сард хүртээд буй нь манай улсын хөгжмийн амьдрал дахь 2021 оны онцлох үйл явдал боллоо.
“Дэлхийн хөгжим” урсгалын уран бүтээлчдийн хамгийн нэр хүндтэй шагналын нэг “Songlines Music Awards”-ыг дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй “Songlines” сэтгүүлийн уншигчдын санал, улмаар дуу хөгжмийн мэргэжлийн сэтгүүлчдийн үнэлгээг үндэслэн шалгаруулж олгодог бөгөөд Монгол Улсаас ийнхүү “Хөсөгтөн” хамтлаг анхлан хүртлээ. Өмнө нь Өвөр Монголын “Анда-Юнион” хамтлаг авсан нь монгол туургатны язгуур урлагийн уран бүтээлчдийн хувьд анхдагч байв.
“Songlines Music Awards 2021” шагнал гардуулах ёслол энэ оны намар болох бөгөөд чухам хэзээ гэдгийг тухайн үед нь зарлах аж.
Шагнал хүртэгсдийн мэдээллийг дараах холбоосуудаар орж авах боломжтой. https://www.songlines.co.uk/awards/2021
https://www.songlines.co.uk/news/announcing-the-winners-of-the-songlines-music-awards-2021
“Хөсөгтөн” хамтлагийн хоёр дахь цомог “Жангар” бүтээлийг Монгол, Францын “Нүүдэлчин зам” холбоо продюсерлон ажилласан ба Франц улсын “Бюда мюзик лэйбл” эрхлэн хэвлүүлж өнгөрсөн оны наймдугаар сард олон улсын талбарт байршуулжээ. Коронавируст цар тахлын үеэр гарсан хэдий ч “Жангар” цомог олон улсын хөгжмийн мэргэжилтнүүд, сэтгүүлчдээс өндөр үнэлгээ авсаар, хэвлэлийн тойм нь 70 гаруй хуудаст хүрч өндөр амжилт үзүүлсээр байгааг олон улсын үнэлгээний дараах жагсаалтаас харж болно. Үүнд:
- Top 15 World Music Albums, Spin The Globe (Америк)
- 2020 оны есдүгээр сард “Transglobal World Music Charts”-ын V байр (“Дэлхийн хөгжим” урсгалын, олон улсын 40 сэтгүүлчийн үнэлгээгээр гаргадаг жагсаалт)
- Францын өдөр тутмын “Le Monde” сонины 2020 оны есдүгээр сарын шилмэл цомгуудын нэг (Франц)
- Дэлхийн хөгжмийн “Songlines” сэтгүүлээс дөрвөн одын үнэлгээ авч, “Top of the World” цомгуудын тоонд багтсан (Их Британи)
- “Songlines” сэтгүүлийн 2020 оны шилдэг цомгийн нэг (Их Британи)
- Top 25 Favorites of the Year, Global Village (Америк)
- Favis 2020, Mundofonias (Испани)
- Mejores álbumes de World Music de 2020, Cuba Comunica (Куба)
Хамтлагийн 2 дахь цомгийн аялан тоглолт цар тахлын улмаас 2022 он болтол хойшлогдоод байгаа юм. Дараа жил Парис, Брюселль, Лилл, Рэннэ, Грэнобл, Лион, Женев зэрэг хотод тоглох товтой байна.
Үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хөгжмийн урлагт нэр нь тод “Хөсөгтөн” хамтлаг 2008 онд Үндэсний урлагийн их театрын үндэсний төрийн их найрал хөгжмийн хамт олон дундаас төрөн гарсан. Өнгөрсөн хугацаанд Монголын биет бус соёлын өв морин хуур, икэл, ятга, лимбэ, товшуур, цуур, цоор, төмөр хуур, хулсан болон нуман хуур, хөөмий зэрэг олон төрлийн хөгжмөөр тоглож, уран бүтээл туурвиад зогсохгүй монгол хөөмийгөөр өөрийн гэсэн өвөрмөц дуугаралтыг бий болгохын тулд хөөмийг сонгодог хэлбэрийн олон хоолойн дэг жаягтай хослуулан акапелла төрлийг уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн 30 гаруй оронд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн тоглож, оролцсон уралдаан бүртээ голчлон тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртэж ирэв.
Хамтлагийн амжилтын түүхийг тэдний авсан шагнал, онцлох тоглолтууд илтгэдэг. Хэзээ, хаанахын наадам, уралдаанд ямар шагнал хүртэж байсныг бүгдийг дурдах гэвэл жагсаалт нэлээд урт болох тул дээжлэн мэдээлье.
Хамтлаг эх орондоо 2009, 2010, 2015 онд уран бүтээлийн тоглолт хийснийг фэнүүд нь сайн мэдэж буй.
Цөөхөн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ч, нэг нь л гэхэд 2-3 төрлийн зэмсгээр тоглохын сацуу хөөмийлж, дуулдаг тул зарим уран бүтээлээ үндэсний, язгуур цөөхүүл хамтлагийн чинээний дуугаралттайгаар үзэгч, сонсогчдод хүргэж чаддаг тун бүтээлч, уран чадварлаг хамт олон бол “Хөсөгтөн”-гийнхөн. Тэдний хөгжим, бүтээлийн хэв маягийг гадаадын хөгжим судлаачид этно, баллада чиглэлийн хэмээн дүгнэж, цэгнэсэн нь нэг бус удаа юм. Этно гэдэг бол язгуур, угсаатны гэсэн утгатай бол баллада гэдэг нь дууль гэсэн үг. “Хөсөгтөн”-гийн бүтээл туурвилыг сонсож, хүртсэн хөгжим судлаачид сэдэв агуулгаар баялаг, үйл явдлаар өрнүүн, уянгалаг хөгжүүн юм гэсэн санааг товчоор дуультай зүйрлүүлэн илэрхийлсэн нь тэр биз ээ.
“Хөсөгтөн”-гийн гишүүн бүр нь мэргэжлийн, туршлагатай хөгжимчид. Тэд ардын болон бусад чиглэлийн хөгжим, бүтээлийн сонголт, найруулга, тоглолт, манераар улсынхаа үндэсний, язгуур хөгжмийн урлагийн орон зай, ертөнцөд “Хөсөгтөн”-гийн гэсэн өнгө төрх, дуу, дуугаралтыг бий болгосон. Ингэснээр сонсогч, үзэгчдийн ардын урлаг, хөгжимд хандах хандлагыг эерэг тийш олон хэмээр эргүүлж чадсан, өөрөөр хэлбэл нас насныхан, ялангуяа залуус үндэсний хөгжимд дуртай, сонсдог, хүндэлдэг болоход нөлөө үзүүлсэн гавьяатай. Энэ амжилт нь олон улсын уралдаан, наадамд олон жилийн турш тэргүүлж ирсэн амжилтаас нь дутахгүй үнэ цэн юм.
Азийн шилдэг хамтлаг “Хөсөгтөн” дэлхийн томоохон уралдаанд “тоосоо өргөн” бүс нутагтаа манлайлан дэлхийн шилдгүүдийн эгнээнд цоллуулах болов.
Бахархалт уран бүтээлчдэд баяр хүргэн, ардын урлагаараа жигүүрлэн улам өндөрт дүүлэн цойлохын ерөөл өргөе.
Сэтгүүлч Р.Оюунжаргал
Нийт сэтгэгдэл 0