“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” яруу найргийн наадам боллоо
Хуваалцах:
img

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, МУИС-ийн Утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулдаг түүхт “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” яруу найргийн наадам 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр боллоо. “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ДХИС, Этүгэн ИС зэрэг их, дээд сургуулийн нийт 35 орчим оюутны 160 гаруй бүтээл ирснээс наадмын шүүгч, зохион байгуулагчид 10 шилдэг бүтээлийг тодруулсан юм.

Эдгээр шилдэг бүтээлийн зохиогчдын нэрсийг нууцлан дугаарлаж, мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, яруу найрагчдаас бүрдсэн шүүгчдээс санал авч шилдэг гурван бүтээлийг шалгаруулахад тэргүүн байранд МУИС-ийн II түвшний оюутан Э.Доржсүрэн, Дэд байранд МУБИС-ийн оюутан IV түвшний оюутан Э.Цогзолмаа, Гутгаар байранд МУИС-ийн III түвшний оюутан Р.Өсөхбаяр нарын бүтээл тодорчээ.

Уг наадмын шүүгчээр яруу найрагч, “Чөлөөт сэтгэлгээний дуулал-1993” наадмын тэргүүн байрын шагналт Б.Галсансүх, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, МУИС-ийн гэрээт дэд профессор, “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2009” наадмын тэргүүн байрын шагналт Д.Нямдорж, МУБИС-ийн дэд профессор, утга зохиол шүүмжлэгч Г.Батсуурь, “Urga” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч У.Бямбаням нар ажилласан юм.

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” наадмыг МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Утга зохиолын нэгдэл Ub.life сайт болон Fat Cat жааз клубтэй хамтран зохион байгуулж, хөгжим, яруу найраг хосолсон уншлага хийж, шагнал гардуулав. Мөн уг үйл ажиллагаанд зочин яруу найрагчаар “Чөлөөт сэтгэлгээний дуулал-1993” наадмын тэргүүн байрын шагналт Б.Галсансүх, 2006 оны тэргүүн шүлэгч Ш.Хатанбүүвэйбаатар, 2015 оны наадмын тэргүүн шүлэгч Б.Алтанхуяг, “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2019” наадмын тэргүүн байрын шагналт Э.Хонгорзул нар оролцон, шүлэг бүтээлээ уншлаа.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img