Муур, нохой тэжээх иргэд тусгай сургалтад хамрагдаж, зөвшөөрөл авна
Хуваалцах:
img

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл боловсруулаад буй. 

Тус хуулиар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулна гэдгийг хууль санаачлагчид тодотгосон. Тэгвэл тус хуулийн төслийн анхаарал татсан заалтуудыг хүргэж байна. 

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуульд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байна гэж заажээ. 

Мөн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг шинээр байгуулж, муур, нохой тэжээх иргэд тус сургалтад хамрагдсан байх ёстой гэдгийг үүрэгдсэн бол асран хамгаалагчийг үүргийг нарийн зааж өгсөн байна. Тухайлбал, 

  • 9.1.1-д асран хамгаалагч, түр харагч нь олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах, 
  • 9.2.2. нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;
  • 9.2.3. нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;
  • 9.2.4. нохой, муурын хүзүүвч эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах;
  • 9.2.6. нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;
  • 9.2.8. гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах.

Мөн нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх бөгөөд уг чип нь дахин давтагдашгүй дугаар бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан байх ёстой аж. Асран хамгаалагч нь нохой, муурыг төрснөөс хойш 50, бичил чип суулгуулаагүй нохой, муурыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлэх үүрэг хүлээх юм. 

Харин нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэх юм байна. Тодотговол 

  • 15.1. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлнэ.
  • 15.2. Нохой, муур үржүүлэх гэдэгт нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэх үйл ажиллагааг ойлгоно.
  • 17.5. Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
  • 26.1. Нохой, муурыг гагцхүү нохой, муур үржүүлэгч худалдах эрхтэй.
  • 26.2. Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг төрснөөс хойш гурван тун урьдчилсан сэргийлэх тарилгад хамруулсны дараа бусдад шилжүүлнэ.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлд энэ хуулийг зөрчсөн этгээдэд Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд хуулийг ирэх оны буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img