Манай улсад энэ долоо хоног /2022.08.08/-т ирсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалын талаар өчигдөр /2022.08.09/ тус улсын ГХЯ-наас хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.
Тус мэдээлэлд, “Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол улсад амжилттай айлчлал хийж, айчлалаа саяхан өндөрлүүллээ. Айлчлалын хугацаанд тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тусбүр бараалхаж, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй хэлэлцээ хийлээ.
-БИЕ БИЕНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШУУРХАЙ ДЭМЖИНЭ ГЭДГЭЭ ХОЁР ТАЛ НОТЛОВ-
Олон улс, бүс нутгийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд Хятад Монгол хоёр орон хувь заяа нэгтэй, ирээдүй нягт холбоотой хэмээн хоёр тал үзлээ. “Бүс ба зам" санаачилга болон Монгол улсын “Талын зам”, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “хоёр үе шат”-ын хөгжлийн стратегийн зорилт болон Монголын алсын бодлогын хэтийн төлөвийг хооронд нь гүнзгий уялдуулж, хоёр талын харилцааны хөгжлийн гурван томоохон хөдөлгөх хүчийг бий болгон урагш ахиулахад хоёр тал бэлэн буйгаа илэрхийлсэн.
Тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биенээ үргэлжлүүлэн шуурхай дэмжинэ хэмээн хоёр тал дахин нотлов. Монгол улс тогтвортой байдлаа хамгаалж, хөгжилдөө анхаарал төвлөрүүлэн, улс орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаа хайхыг Хятад улс дэмжиж байна. Монгол улс нэг Хятадын зарчмыг шуурхай баримталж, Тайвань, Төвөд, Шиньжян, Хонконг зэргийн үйл хэрэгт Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэхээ дахин нотолсныг Хятад улс сайшааж байна.
-ГАНЦ-МОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ЭЦЭСЛЭН ТОХИРЛОО-
Хилийн бүсийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нээх боломжтой боомтуудыг аль болох нээж, холбох боломжтой төмөр зам авто замыг аль болох холбон, үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой шулуухан нэвтрүүлэхийг хоёр тал зөвшөөрөв. Энэ удаад хоёр тал Ганц-мод боомтын хил дамнасан төмөр замыг холбох асуудлыг эцэслэн тохиролцсон нь Монгол улс илүү нээлттэй болж, эрчтэй хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Хоёр тал худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч зэрэг салбарын томоохон жишиг төслийг бий болгож, хоёр орны уялдаатай хамтын хөгжлийн төлөө зүтгэхэд санал нэгдэв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хоёр тал зохицуулан хэрэгжүүлж, Монголын баруун бүс нутгийн иргэдийн цахилгаан хэрэглээний асуудлыг даруй шийдвэрлэхийг хоёр тал зөвшөөрөв.
-МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ-
Хорооллуудыг шинэчлэн засварлах, бохир ус цэвэршүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр зэрэг иргэдийн амьжиргаатай нягт холбоотой төслүүд даруй хэрэгжиж, Монголын ард түмэнд илүү сайн үр өгөөжийг хүртээхийг дэмжих бөгөөд хоёр тал цаашид мод тарих, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болов. Монгол улсын “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Хятад улс ч ирэх 10 жилд 70 тэрбум мод тарихаа мэдэгдэн, бие биедээ тус дэмжлэг үзүүлж, байгаль орчноо хамтран хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлэв” гэжээ.
Нийт сэтгэгдэл 0