Боловсролын үнэлгээний төвөөс 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Элсэлтийн ерөнхий шалгалт 2006 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн. ЭЕШ-д хуучин бүртгүүлж байсан зарчим хэвээрээ байгаа. Монгол хэл, бичгийн шалгалт үнэ төлбөргүй явагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн хураамж 5800 төгрөг. Энэ жилийн тухайд бүртгэлийн хураамжид ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт ороогүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ЭЕШ-ын журамд зааснаар нэмэлт зохицуулалт тусгайлан авагддаг. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт шалгуулагчид ЭЕШ-д бүртгүүлсэн бол бүртгэл явагдах хугацаанд холбогдох бичиг баримтыг Боловсролын үнэлгээний төвд хандаж, мэдээллээ өгч баталгаажуулснаар шалгалтын үеэр тухайн хөнгөлөлттэй нөхцөлийг эзэмших боломжтой болдог.
Энэ жил ЭЕШ-ыг 2023 оны зургадугаар сарын 15,16, 17, 18 гэсэн дөрвөн өдөр зохион байгуулахаар болсон. Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ. Монгол хэл, бичгийн дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.
ЭЕШ болон монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI сүлжээнд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон байна.
Мөн гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг Боловсролын үнэлгээний төвийн www.eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн буланд ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, дүйцүүлэх хичээл гэсэн хэсэгт хандаж цахимаар ирүүлнэ. Бүртгүүлэхдээ үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар, сургуулийн тодорхойлолт зэрэг орох юм. ЭЕШ-ын холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаар руу регистрийн дугаарын найман оронтой тоогоо илгээн авах боломжтой" гэв.
Нийт сэтгэгдэл 0