Сонгодог урлаг хөгжсөн орнуудад Ж.Бизегийн “Кармен” дуурь, Ж.Пуччинигийн “Тоска”, “Турандот” дуурь, П. И. Чайковскийн “Хунт нуур”, “Шелкунчик” бүжгэн жүжиг хэмээн хөгжмийн зохиолчоор нь нэрлэдэг. Учир нь эх зохиол хийгээд цомнолыг хөгжимгүй дангаар нь уншвал бүжгийг хөгжимгүйгээр дангаар нь бүжиглүүлж буйтай агаар нэг. Хөгжим бол бүжгийн хэл, хэм хэмнэл цохилох зүрх болдогт хамаг учир оршино. Чухам иймээс дуурь хийгээд бүжгийн жүжгийг төрүүлсэн жинхэнэ эзнээр нь хөгжмийн зохиолч хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг юм.
СУИС-ийн хэрэгжүүлсэн инновацын төслийн хүрээнд, хэдэн мянган жилийн тэртээх хадны зураг дээрх эртний хүмүүсийн дүрсээр урласан бодол санааг хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаяр, Д.Ариунболд, С.Соронзонболд нар хөгжмийн хэлээр утгажуулан амилуулсан, “Тамганы бүжигчин”, “Хөмөргөн гурвалжин”, “Босоо цагаан гурвалжин” гурамсан бүжгэн жүжгийг бүтээсэн юм. Учир нь гурав гурвын хүчийг олбоос төгс үйлийн учиг нь тэр. Ертөнцийн гуравхан шүтээн нь чандман ус, гал, дээд ертөнц хэмээн өвөг дээдсийн сургаалд өгүүлдэг.
Дээрх хөгжмийн бүтээлүүдэд ЮНЕСКО-гоос “Хүмүүн төрөлхтний төлөөллийн соёлын биет бус өвийн жагсаалт”-ад багтсан “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол ардын уртын дуу”, “Монгол ардын Хөөмэйн урлаг”, ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-ад багтсан “Монгол бүжгийн уламжлалт урлаг- бий биелгээ”, “Монгол тууль”, “Монгол цуур хөгжмийн урлаг”, “Монгол лимбэний битүү амьсгаа” зэрэг соёлын биет бус өв болон СУИС-аас хэрэгжүүлсэн судалгаа, уран бүтээлийн төслийн хүрээнд шинэчилсэн, сэргээсэн эртний хөгжимдүүрийг ашигласан байна.
Барууны орны хөгжмийн зохиолчид, рок попын одуудын оюуны өмчөөс хүртэж буй орлого нь манай уул уурхайгаас олж буй орлогоос хэдэн зуу дахин их. Нэг нь барагддаг, дахин сэргээгддэггүй, нөгөөг нь хэзээ ч барагддаггүй байнга ундарч байдаг оюуны уурхай билээ. Элдэв төр засгийн шагналын оронд оюуны өмчөөрөө элбэг дэлбэг амьдрах эрх зүйн орчин бүрдсэн гэрэлт ирээдүйг илтгэх бодит үйл явдал бол хадны зургийг хөгжмийн хэлээр сэргээн амилуулж, инновацын бүтээгдэхүүн болгон Парисийн ЮНЕСКО-гийн тайзнаа “Хөмөргөн гурвалжин” түгээн дэлгэрүүлсэн явдал юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111