УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн биед өнгөрсөн баасан гаргийн 17.40 цагийн үед Дэмбэрэлнямын Совд гэх эр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сайдыг Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, төрийн тусгай хамгаалалттай БШУЯ-ны байр руу орж явахад нь дээрх хүн халдсан юм. Тэрбээр Л.Энх-Амгалан сайдад хандан “Хүүхдүүдэд Хятад вакцин хийх гэлээ, ална” хэмээн хутга барин дайрчээ. Улмаар гартаа барьсан мэсээ түүн рүү шидсэн байна. Гэвч оноогүй тул гараараа цохиж нүдний шилийг нь хагалсан аж. Шилний хагархайд сайдын зовхи бага зэрэг шалбарснаас өөрөөр гэмтээгүй гэдгийг эх сурвалжууд хэлэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд халдсан Д.Совд нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж, өрсөлдөж байсан нэгэн юм. Тэрбээр ингэж халдахаасаа өмнө твиттер хуудсандаа “Хүүхдүүдэд Хятад вакцин хийж байгааг яаралтай зогсоо. Ийм шийдвэр гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайд, холбогдох шатны буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна” хэмээн бичсэн байв.
Д.Совд нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн дэмжлэгээр төрийн албанд орж байж. Түүгээр ч тогтохгүй БСШУЯ-нд хүртэл эрх бүхий албан тушаал хашиж байсан гэнэ. Улмаар нэлээд хэдэн байгууллагад мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга зэрэг албан тушаалд томилогдон, хамгийн сүүлд “ДЦС-IV” ХК-ийн дэд захирлаар 2019 оны арванхоёрдугаар сар хүртэл ажиллаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж чөлөөлөгдсөн нэгэн юм. Тэрбээр сайд Л.Энх-Амгаланд нэлээд өс санаж явдаг байж болзошгүй нэгэн гэдэг нь олон нийтийн сүлжээнд бичсэн зүйлсээс нь харагдах юм билээ.
Түүнийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст Эрүүгийн хуулийн 11.6-д заасан хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэгтэй танилцаад мөн хуулийн 19.3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь, биед халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл нэмж уг зүйл заалтад зааснаар яллагдагчаар татах гэнэ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0