“Сүүн зам” бүжгийн наадамд Монгол, Японы 500 гаруй бүжигчин оролцлоо
Хуваалцах:
img

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” бүжгийн наадмыг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широгийн санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 150 гаруй хүндэт зочин, төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Анх удаа зохион байгуулж буй бүжгийн наадамд хоёр улсын 500 гаруй бүжигчин оролцож буй юм. Бүжгийн наадмыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар үг хэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, бүтэн жилийн турш өргөн хүрээг хамарсан соёл урлагийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хамтарсан “Сүүн зам” соёл урлагийн наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж манай хоёр орны нандин хэлхээ холбоог бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ танд гүн талархал илэрхийлье. Түүхэн 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын соёл, өвөрмөц нандин өв уламжлалыг хуваалцан дэлгэсэн найрамдалт нөхөрлөлийн наадам болж буйд туйлын их баяртай байна” гэлээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img