Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Долгоржавын Отгонжаргал өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн медалиа ихэрлүүлж Белградын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Белградын дэвжээнд финалд хүрэх замдаа наймны нэг шигшээд Узбекистаны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт Жасмина Иммаева, шөвгийн наймд дэлхийн хошой мөнгөн медальт Румыний Алина Вучийг цэвэр ялсан. Харин хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, АНУ-ын Сара Хильдебрандыг 6:2-оор тус тус ялсан билээ.
Дэлхийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд “Токио-2020” олимп, “Парис-2017”, “Будапешт-2018” дэлхийн аварга Японы алдарт Юи Сүсакид цэвэр ялагдав. Д.Отгонжаргал монголын бөхчүүдээс дэлхийн дэвжээнээс 22 дахь мөнгөн медаль авчирснаас гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 18 дахь бөх, эмэгтэйчүүдээс найм дахь тамирчин болж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0