Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн залуус цэргийн алба хаах болжээ. К-поп оддыг цэргийн албанаас чөлөөлөх эсэх маргаан тус улсад олон жил үргэлжилсэн. “BTS”-ийнхэн цэрэгт явах болсноор энэ маргаан эцэслэж байна. Өмнөд Солонгос улсад 18-28 насны хөдөлмөрийн чадвартай эрчүүд хоёр жил алба хаах ёстой байдаг. Гэхдээ К-поп урлагийн томоохон оддыг 30 нас хүртлээ цэргийн алба хаахгүй байх хуулийн төслийг 2020 онд баталсан.
“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин 29 настай бол хамгийн залуу гишүүн нь 24-тэй. Ахмад гишүүн Жин ирэх сараас бэлтгэлдээ гарах болсныг өчигдөр /2022.10.17/ мэдэгдлээ. Тус хамтлаг сүүлийн хоёр жилийн турш дэлхийн хамгийн шилдэг борлуулалттай уран бүтээлчид хэвээрээ байна. Тэд мөн залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаарх кампанит ажлаараа олонд сайшаагдсан залуус юм.
Өмнөд Солонгосын зарим хууль тогтоогчид хамтлагийн гишүүдийг цэргээс чөлөөлөгдөж, уран бүтээлээ үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсэн. Олимпийн медальтнууд болон бусад өндөр амжилт үзүүлсэн спортын одод, сонгодог хөгжимчид, бүжигчид ийм хөнгөлөлт эдэлдэг. Гэсэн хэдий ч “BTS”-ийнхэн цэргийн алба хаах болсондоо сэтгэл хангалуун байгаа гэж өчигдөр мэдэгдлээ.
Хамтлагийн залуус цэрэгт явснаар ойрын хэдэн жилдээ эргэж нийлэхгүй байх магадлалтай. Менежментийн компаниас нь мэдэгдсэнээр 2025 онд гэхэд амлалтаа биелүүлж, хамтлаг эргэн цуглана гэжээ. Тус хамтлагийг цэргийн алба хаах хугацаандаа ч уран бүтээлээ үргэлжлүүлж болно гэсэн саналыг Батлан хамгаалахын сайд Ли Жон Суп наймдугаар сард дэвшүүлсэн. “Тэдэнд хамтдаа бэлтгэл хийж, тоглолт хийх боломж олгох арга олдоно” гэж тэр хэлжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0