Булганы Могодод төрсөн Боржигон Хульжийн бүсгүй
Хуваалцах:
img

Ч.Ганга

”Хан шувуу”, “Хан жаргалант”, “Дэлхий аргадах ижий”, “Гэргий”,  “Талын монгол айл”, “Сэтгэлийн булаг” гэсэн олны  сэтгэлд хүрсэн  сайхан дууны шүлгүүдийг бичсэн  Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч  Сүрэнгийн Оюунчимэгийг монголчууд андахгүй. Төр, засгийн хэвлэл  “Засгийн газрын мэдээ”  сонинд  “05” тоот үнэмлэх өвөртлөн  утга зохиолын ажилтнаар  орж байсан гээд хэвлэл, мэдээллийн салбарт ч тэрээр  арвин түүхийн эзэн билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.  

                                               Үлгэр шиг бага нас

С.Оюунчимэг Булганы Могодод төрсөн Боржигон Хульжийн бүсгүй юм. Энэ тухайгаа “Миний бие 1955 онд Булган аймгийн Могод суманд төрсөн, Боржигон Хульж  овгийн хүн юм. 1963 онд төрөлх сумандаа бага сургуульд орж, Гурванбулаг, Хишиг-Өндөр суманд шилжин суралцсаар 1973 онд Булган аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Улмаар МУИС-ийн хуулийн ангид элсэн суралцаж, эрх зүйч мэргэжлээр 1978 онд сургуулиа дүүргээд Сүхбаатар дүүргийн АДХ-ын Гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч, 1986 оноос МАХН-ын Төв хорооны Намын байгуулалтын хэлтэст нарийн бичгийн дарга, УИХ-ын Олонхийн бүлэгт хэвлэл мэдээллийн ажилтан, /нэр сольсны дараа/  МАН-ын Удирдах зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст улс төрийн ажилтан зэргээр  улсад  тасралтгүй 36 жил  ажиллаад тэтгэвэртээ гарсан.

No description available.

Миний аав Тэгчингийн Сүрэн 1924 онд Булган аймгийн Могод сумын  малчин Тэгчингийн дөрөвдэх хүү болон мэндэлсэн. Эцэг эхийн дэргэд мал маллаж байгаад цэрэгт мордож 1945 онд  21  насандаа чөлөөлөх дайнд оролцож, ЗХУ-ын дээд шагнал  СССР-ын “За победу над японией”, “Бид ялав” медалиудаар шагнагдсан. Цэргээс  ирээд  “Улаан гэр”-ийн шинэ үсгийн багшаас эхлэн клубын ажилтан, ухуулагч, сонин түгээгч, агентаар ажилласан төдийгүй  сайн  адуучин явлаа.  Ардын дууг эвлэгхэн дуулна, айлын шинэ гэрийн мялаалга, хүүхдийн сэвлэг үргээх найранд байнга  уригддаг, бэлэг дэмбэрэл, ёс зүйг эрхэмлэдэг хүн байлаа. 1948 онд цэргээс халагдаж  1950 онд ижийтэй гэр бүл болж, ус нутагтаа нэгэн шинэ айл нэмэгдсэнээр ээж, аав хоёр маань гурван охин, дөрвөн хүүтэй өнөр бүлийн инээд найртай, эв зузаан улс байв даа. Миний багад аав өртөөний адуун сүргийг маллаж, наадмаар хурдан морь уяна. Аавын уясан цавьдар азарга Могодын наадамд 1971, 1972, 1974 онд түрүүлж, Булган аймгийн наадамд 1974 онд аман хүзүүнд ирж, 1975, 1976 онд Эрдэнэтийн анхны  наадамд түрүүлэн  нутаг орныхоо нэрийг гаргасан хурдан буян байлаа. 1972 онд дүү С.Чулуунцэцэг Эрдэнэтэд илгээлтээр очсоноор манайх тийшээ нүүж, аав тэнд байгаль хамгаалах хэлтэст байцаагч, байгаль хамгаалагчаар ажилласан. Ээж маань Могод сумын бага сургууль төгссөн, Архангайн Багшийн сургуульд хуваарилагдсан ч лам нараа хорьдог газар сургуульд явуулахгүй гээд Намын үүрийн дарга хүргэнээрээ гул бариад авч үлдсэн гэдэг. Ээж Санжаагийн Рэгжээбуу айлын ганц охин. Сайн бичиг үсэгтэй, хятад, орос сампин нажигнатал цохиж тооцоо нийлдэг хоёр байлаа. Аав агент, ээж Сүүн тасгийн эрхлэгчээр  олон зун найз хүүхнүүдтэйгээ завод бууж, улсын сүү тосны төлөвлөгөө биелүүлэхэд уйгагүй зүтгэлээрээ хувь нэмрээ оруулсан “ Оч” нэгдлийн саальчин, саалийн тасгийн эрхлэгч явсан юм. Хүнтэй их эвсэг, уран зохиолын ном унших   дуртай, тоо бодох хоббитой сэргэлэн. Урт урт найраглалыг өвлийн цагт хотныхоо  бүсгүйчүүдийг  цуглуулчихаад унших, бид  зүүрмэглэж байсан  ч ээжийн уншсан шүлэг, найраглалыг сонсоно. Бас тарина их уншина ... “ум ма ни  бад мэ хум”-ыг гарах орох зууртаа, салхи дэгдэхэд өрхөө хошуулдахад самбаачлан уншиж явахыг сонссоор бид багаасаа  тарина уншиж сурчээ. Ээж, эмээгээс сурсан эрдэм хэмжээлшгүй. Манай буурал аав, ээж, хөгшин ижий, аав, ээж гээд миний ард асаалттай танк шиг алив бүгдэд уриалан дууддаг, урьтан хийж дагуулдаг хайр нь дотроо хал нь гаднаа тэднийхээ буянаар  бага сага ажил хийж сурч, сургуульдаа саадгүй суралцаж  ирсэн юм шүү дээ. Ерөөс ажлыг амжуулдаг хүмүүс байв даа. Өвөлжөөнд буумагц  зуны унаганы ногт, морины тохош, эмээлийн эдлэл хэрэглэлийг өнгөлөх, сайжруулах ажлыг мал төллөхөөс өмнө хийгээд авна. Ухаан далай гэдэг нь номоос эхтэй гээд л бичиг үсэг бага мэдэгчдийн гэрийн хичээлийг ээж маань суурь дээрээ, сүүн тасаг дээрээ эрхлэн явуулдаг байлаа” хэмээн дурссан нь  эрт цагийн үлгэр мэт сонирхолтой.

No description available.

 Сурагч байхаасаа шүлэг бичжээ

 Тэрбээр  сурагч ахуй цагаас гавьяат  Д.Мандахсан багшийн удирддаг “Уран Өд”  дугуйланд хичээллэдэг байв. Тиймээс өөрийн өчүүхэн авьяасыг тордож  Монголын нийтийн дууны хүрээнд 100 орчим бүтээл  туурвиж уран бүтээлчдийн урын санд орууллаа.  Хамтарч уран бүтээл хийсэн сайхан нөхдийнхөө буянаар олон сайхан бүтээлтэй болж дээ хэмээн ярьж сууна.  

....Монголын Үндэсний Радиогийн “Алтан фонд”-д миний шүлгээр бүтсэн  Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим “Талын монгол айл” дуу гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулснаар, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын хөгжим “Хан Жаргалант” дуу гавьяат жүжигчин  П.Ганбат, Г.Ариунбаатар нарын дуулснаар, Урлагийн гавьяат зүтгэлтэн М.Булганы хөгжим  “Хан шувуу” зэрэг олон уран бүтээл урын санд оржээ. Ерөөс уран бүтээлдээ нямбай хандахыг би Хөдөлмөрийн баатар Дагвын Лувсаншарав багштай анх “Цагаан дара Эх” дуу хийлцээд Ардын жүжигчин Б.Жавзандуламаар дуулуулснаар л мэдэрсэн юм. Хаянхярваа гуай “Хүүхэн Бүжинлхам”, “Бумбатын зун” зэрэг нилээд шүлэгт минь аялгуу хийж дуулуулсан даа. Тасралтгүй хийгээд л байгаарай гэсэн Ш.Сүрэнжав гуай, О.Дашбалбар нарын минь нандин захиас ч мөн бодогдох, болохоос болохгүйг нь хүртэл хичээж өнөө хүрэв. Өчүүхэн жаахан хийснийг минь өөгшүүлэн хөгжүүлсэн Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Т.Сэр-Од, Б,Ганхуяг нарын олон хөгжмийн зохиолчдынхоо итгэлийг алдахгүйг хичээж сууна.  Ирэх намраас олонд  хүргэнэ. Дууны уран бүтээл намайг сорьдог  өндөр  оргил байсаар байна хэмээн ярьж буй тэрбээр цаашид ч олон бүтээл туурвих биз ээ.

 

Дуунаас хүртэх зол

Миний шүлгээр бүтээсэн дууг түгээн дэлгэрүүлж  яваа олон сайхан уран бүтээлч бий.  Тэдний дэлхийн томоохон уралдаанд оролцох урилга, заллага, зарыг сонсоод   мэргэжлийн багш нарынх нь  нэгэн адил баярлаж  “Улам их амжилт олоосой” гэж битүүхэн биширч суудаг. Дуунаас хүртэх зол  энэ юм. Хийсэн бүтээл минь олон дуучны  мэргэжлийн таашаалд хүрч дуулагдах нь  түүнийг уран бүтээл  болохыг  батлахын зэрэгцээ  урын санд  нь зохих ёсоор үлдэж буйн  нотолгоо  юм хэмээн тэрбээр хэлсэн.

 МЗЭ-ийн дарга, доктор До.Цэнджав “ Сайхан дуу гэдэг сайхан сэтгэлийн чанадаас ундарга сайтай булаг шиг буриглан гардаг. Түүнийг шаглах мэт хэчнээн уран тод, асах мэт гэрэлтэй бичдэг гэж ерөөс анзаардаггүй шахам байж. Хэн хүний хэчнээн олон шүлгийн шад, өгүүллэг бүтээл мэдэгдэлгүй өнгөрөхийг алийг тэр гэхэв. Уншихгүй л бол ямар сайн ном юу ч биш. Номынхоо сангийн хэмжээнд байна шүү дээ, бид. Дууны шүлгүүдийг нь барин тавин уншихад яахын аргагүй торгон мэдрэмж, зүгээр ч нэг тохиох амьдралыг биш, анзааргагүй хаячихмаар жижиг зүйлээс аваад хэн хүнд илхэн том зүйлийг хүртэл бараг ширхэгчлэн таньдаг амталдаг нарийн шинжсэн хараатай байх юм. Их энгийн юм гоё байдаг. Энгийн бөгөөд яруу тансаг байна гэдэг бол зохиолч найрагч хүний амин голт зүрх юм. Хэнээр ч заалгадаггүй хар ухаан байна, дээр нь одоо нэн ялангуяа хүүхнүүдэд ховордож тачирдаж яваа халгисан монгол сэтгэл, сэтгэлгээ байна...” гэж  “Бурхдад өргөх дуун” номын минь  тэргүүнд бичсэн. Энэ бол хийх ажлын замын зургийг хөөргөн дэвэргэсэн бус дуулагдаад арав, хорь гаруй жилийн нүүрийг үзэж байгаа уран бүтээлүүдийг маань нэгтгэн дүгнэсэн үг юм. До.Цэнджавтаа баярлалаа гэж энэ дашрамд  хэлье. Цар тахлын үе гээд  бид ч  хоорондоо уулзахаа больж шүү дээ” хэмээсэн түүний үгийг До.Цэнджав зохиолч олж унших биз ээ.

“Сонины школыг  хоёр эрхлэгчээсээ сурсан”

Амьдрал бидний өмнө дэлгээтэй байдаг. Гарахдаа үүдээ нээхэд л оньсогоо тайлж байдаг ертөнц юм уу даа. “Засгийн газрын мэдээ” сонинд утга зохиолын ажилтнаар  таван номерын пропусктай ажилд орж байлаа. Шинээр эмхлэн зохион байгуулагдсан энэ редакцийн тав дахь хүн нь би. Сонины редакц, хамт олон, нийтлэлийн бодлого гээчийн школыг би  “Хөдөлмөр” сонины Н.Мягмар эрхлэгч, “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч  Х.Цэвлээ дарга нараасаа л сурсан. Бичих их хорхойслынхоо буянаар  1990 оноос өнөө хүртэл мэдээнээс эхлээд сурах гэж мэрийсээр л явна. Тэр үеийн ардчилал, нийгмийн өөрчлөлт нь хувь хүмүүс авьяасаа дагах, бизнес хийх нээлттэй боломжийг олгосон юм шүү дээ. Нийгмийг  удирдан чиглүүлэгч, манлайлагч Намын Төв Хорооны үндсэн хэлтэст ажиллаж байсан  намайг шүлэг бичих их хүсэл маань “Хөдөлмөр” сонин руу уруу татсан. Нэг өдөр “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж тааралдаад “Чиний хоёр шүлэг манай сонинд гарсан шүү. Ер нь  чи сэтгүүлч болох бодолгүй юу” гэв. Тэр үед нийгэм  ажин түжин байсан цаг. Сэтгэлийн гүнд нуугдмал байсан шүлэг бичих сэн. Болдогсон бол сурвалжлагч, сэтгүүлчийн хөдөлмөр эрхлэх сэн гэсэн далд совинд маань гэрэл цахилж би “Хөдөлмөр” сонин руу гүймтгий болов. Яг  тэр цагаар нийгэмд эрх чөлөөний дуу цуурайтаж, сонинуудын нийтлэлийн бодлого эрэн хайсан, ирээдүйг өөрөөр харах гэсэн эрмэлзлийг нийгэмд цацсан. Тэр үеийн  “Үнэн” сонин бол бүр ч  дорвитой өгүүллүүд нийтэлж эхэлсэн. Ингэж өдөр хоног өнгөрсөөр  бараг хагас жил болсон. Намын Төв Хорооны Намын байгуулалтын хэлтэс бол амин чухал, үндсэн гол хэлтэс нь тул би гэнэт сэрхийтэл ажлаасаа гарлаа гэж хэлэх  амаргүй. Тэгээд орон гарах ажлаа амжуулаад, эмхэлж цэгцлээд, архивт тушаагаад ер нь явах замаа засч  хоёр байгууллагын дунд гүйн хар алхаатай хэсэг явсны эцэст Ядамсүрэн даргадаа учраа хэлээд   “Хөдөлмөр” сонин руу очсон доо. Тэд намайг  хүндтэй сайхнаар хүлээж авсан. “Оюундаа шинэ ширээ хийлгэж өгнө” гээд Ринчин эрхлэгч  өрөөндөө түр суулгаад надад ойроос зөвлөн туслах, зүгшрүүлэх арга хэлбэрээ олсон доо. С.Удвал багш “Хаана ч томилолтоор явсан урьдчилан сайн судал, тэр аймаг, орон нутгийн тухай олны ам яриа, ажил байдлын дүгнэлтийг олж үзээд уншиж, тэмдэглэж бай. Сэтгүүлчийн тэмдэглэл алт болох цаг байдаг юм шүү”  гэдэг сэн. Дараа нь би “Оюун далай” сэтгүүлийн утга зохиолын ажилтан болж бие дааж ажилласан минь  хэвлэл мэдээллийн албатай насаараа холбогдох замын эхэн байсан юм. Хожим “Хөдөлмөр” сониндоо орлогч эрхлэгчээр очиж, “Малчин түмэндээ” хандивын цуглуулга, цуваа илгээж явлаа. Сонины жинхэнэ эрхлэгч нь МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч Нармандах дарга давхар хавсран гүйцэтгэж байсан юм. Нийгэм даяар картын системийг даван туулах, редакцууд бие даан ажиллах нь  амар байгаагүй. Аймгуудын үйлдвэрчний хороодтой хамтран ажиллаж  байлаа. Энэ бол итгэл, зүтгэл байсан юм. МҮЭ  бол том айл. Дулаахан, тухтай нөхөрсөг, элэгсэг тийм л лут айл даа. Тугалган хэвлэлээс офсет хэвлэлд шилжих тэр үед бид олон түмнээ мэдээллээр хангах үүргээ биелүүлж чадсан хэмээн хэлэхдээ С.Оюунчимэг эгч уртаар санаа алдсан.

 

“Судалгаатай хүн, байгууллага  хэн нэгнийг, хэдэн хүнийг дагаж  шуурдаггүй”

 

2000 оноос тэтгэвэрт  гартал  буюу 2014 он хүртэл би  Намын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст улс төрийн ажилтнаар ажилласан. Мөн Засгийн бодлогыг хэрэгжүүлэгч мэдээлэгч “Засгийн газрын мэдээ”-гийн утга зохиолын ажилтан, олон түмнийг мэдээллээр хангагч Төрийн бус байгууллага МҮЭХ-ны “Хөдөлмөр” сонины орлогч эрхлэгч,  Байгаль орчны яамнаас гаргаж байсан “Уяхан замбуутив” сэтгүүлийн эрхлэгчээр  ажиллаж байсан.  Байгаль хамгаалах хууль тогтоомж, тогтвортой хөгжлийн бодлогыг судалж,  байгаль өөрийгөө хамгаалах чадалгүй, өмгөөлөл үргэлж хүсэж байдаг гэдгийг судлан сурталчилж олныхоо дунд явсан надад тэнд ажиллах санал ирэхэд нь  хүлээж авсан. Аливаа асуудалд мониторингийн судалгаа хийж  сурсан маань сайнаар нөлөөлсөн. Судалгаатай хүн, байгууллага  хэн нэгнийг, хэдэн хүнийг дагаж  шуурдаггүй, гарсан үр дүнгийн  тоон үзүүлэлтээ харин зөв уншиж сурах нь мэргэжлийн, бэлтгэгдсэн  хүний ажил юм. Би   аль ч байгууллага, албан тушаалтныг судалгаагаа чухал болгоосой гэж боддог. Судалгаатай  байж  тооцоонд суурилсан бодлого гарна, түүнийг  барих төсөв гээд  бүгд судалгаа шүү дээ гэсэн түүний үг нэгийг хэлж, хоёр сануулах шиг...

No description available.

 

Нутаг усны онгон шүтээн -олон сэтгэлийг оршоосон  бүтээл

 

 Тэрбээр  БОЯ-нд ажиллахдаа Монголын дархан газруудыг дуутай болгох юм сан. Байгаль бол тахин шүтэж байж л нөөцөө олон жил эдлүүлнэ шүү дээ  гэж боддог байжээ.  Увсын Сагил сумын нутаг дахь “Цагаан шувуут” ууланд дуу хийж  Төрийн шагналт Ц.Нацагдорж  аялгуу  бүтээсэн нь өнөө  ч  дуулагдаж байна. Нутаг усны онгон шүтээн гэдэг  олон сэтгэлийг оршоосон тийм л бүтээл болдог.  Дарьгангын Алтан Овоонд зориулж “Хийморь далласан нутаг” дуу хийсэн. Хөгжмийг  нь Урлагийн гавьяат зүтгэлтэн  М.Хатанбаатар бүтээсэн. Олон алдарт дуучин  төрдөг Дундговийн  Өлзийт суманд  “Өлзийт нутаг”  дуу, манай Булган хангай дуунуудыг Ардын жүжигчин А.Дашпэлжээ дуулж, монголын радиод бичүүлсэн. Одоо мөн л хориод жилийн нүүр үзэж дээ.  Өмнөговийн Манлай суманд нутгийнхны шүтдэг  “Их Өлзийт” уул нь байдаг. Тэнд очоод  “Талын монгол айл” дууны шүлгээ  бичиж байлаа. Алтай зүгийн нутаг, уулсад зориулан “Санчиг буурал ээж”  шүлэг бичиж,  Урлагийн гавьяат зүтгэлтэн  Н.Чулуунхүү аялгуу хийснийг дуучин А.Мөнхбат дуулдаг. Би ямар ч  үед уран бүтээлээ орхиогүй болохоор тэр үү, хүмүүс миний  шүлгээр бүтсэн дуунуудыг  сайн мэддэг юм билээ.  Дууны  жигүүрийн нэг,  дүүлэн нисэх, он удаан жил амьдруулах уран бүтээл мөн бишийг тодруулдаг хүч нь сонсогч олон түмэн юм даа. Дуу бол  монгол ахуй, соёл, зан заншил, нүүдэлчин удмын хууч, дурсамжийг бичиж үлдээе гэсэн миний чин сэтгэлийн дуулал юм хэмээн дурслаа.

С.Оюунчимэгийн бүтээлүүд:

1. “Цайны дээж” / яруу найраг/  1999 он

2.  “Шүлгүүд”  2000  он

3. “Талын монгол айл” / 88 дууны шүлэг/

4. “Талын монгол аялгуу” -2003/ төгөлдөр хуурт зориулсан 21 дууны дарамжтай/

5. “Нарны зүг” 2007  он /яруу найргийн бүтээл/

6. “Бурхадад өргөх дуун зул”-2008 он / 21 дууны намтар,  төгөлдөр хуурт зориулсан дарамж, хөгжмийн ноттой ном/

7. “Замба тивийн наран дор ”  2008 он  / эссэ, өгүүллэг/

8. “ Алтан хааны нутгаар” 2010 он \хөрөг, эссэ, нийтлэл, шүлэг\

9. “Оюун сэтгэлгээний цоморлиг” 2013

10. “Хүсэл дүүрэн хүүхэд нас” 2015 он

11. “Хан Жаргалант” дуун чуулган  2014 он

No description available.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img