Ч.Ганга
Монголын их хаадын нэг Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ой ирэх онд тохионо. Түүний талаар мэдээ баримт түүхэнд балархай үлдсэн бөгөөд цогц судалгаа байдаггүй ч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Хүү “Батмөнх даян хаан” гурамсан роман бичиж, эхний ботийг туулай жилийн эхэнд уншигчдын гар дээр тавьсан. Уг зохиолоор Ж.Дэнсмаа захиралтай “Хаан арга” продакшн уран сайхны кино хийхээр кино зохиол болгох ажлын ард гараад байгаа билээ. Бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Хүүтай ярилцсан юм.
-Даян хааны тухай “Мандухай сэцэн хатан” кинонд дурдагддаг. Гэхдээ хатны дүрийг товойлгон харуулсан. Тэгэхээр Батмөнх хааны тухай анхны цогц бүтээл таны роман төдийгүй, удахгүй бас кино болох нь ээ?
-Монголын утга зохиол бол Даян хаан, Мандухай сэцэн хатан хоёроор ном бүтээл бишгүй хийсэн. Гэхдээ голдуу хэсэглэх байдлаар хийсэн. Миний багш, Төрийн шагналт зохиолч, академич Ш.Нацагдорж, түүнчлэн хамтын бүтээлүүд олон гарсан байдаг. Сүүлийн үед түүхэн бүтээл хамтран хийсэн “Мандухай сэцэн хатан” киноны уран бүтээлчид байна. Энэ бол том бүтээл. Түүний араас тааруухан юм хийх сэтгэл төвдөхгүй. Тэгэхээр роман хэвлүүлэхээс гадна киноны уран бүтээлч залууст маань Мандухай сэцэн хатан киног бүтээсэн баг хамт олон, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд болон бусад хүмүүс сайн туслаасай гэж бодож байна.
-Даян хааны тухай түүхэн роман бичихэд судалгаа шаардсан байх. Романаа түүхийн ямар эш баримтад тулгуурлан бичив?
- Даян хаан жирийн нэгэн биш, түүхэн хүн, даяар Монголын хаан юм. Манай нутгийнхан, эртний өвөр говийнхон, Мандлын говь, Шандын говь, Шанхын говийнхны түүхэн хүн. Өөрөөр хэлбэл, 1464 онд мэндэлж, 1470 онд Алтан ургаас магадгүй эрж хайж олж цорын ганц гэгдэж их хаанаар өргөмжлөгдсөн хүн бол Батмөнх Даян хаан юм. Түүнийг олох биш алахын төлөө тэмцэлдэж байсан тэр ээдрээт цаг үед аян замд өөжнөөсөө унахад нь авалгүй тэр чигт нь орхиод явчихсан. Хүн гэж ч тоогоогүй. Тэр бол нагацын талынх нь хүн Балгачны Багай хэмээгч, тэгээд хэлж буй үг нь "Босвол богд, үрэгдвэл буг болно" гээд аян зам, нүүдлийг даахгүй гэх нэрийн дор хээр хаяад явчихаж байгаа юм. Аавыг нь алчихсан, ээжийг нь булааж аваачаад төөрүүлчихсэн, ингээд өнчин хоцорч үлдээд мөлхөж явсан хүү бусдын дэмээр амьдарч, долоон насандаа их хаанаар өргөмжлөгдсөн түүхтэй.
Ингээд хагас зуун шахуу Монгол Улсаа удирдаж, өөрийн хаанчлалыг тогтоож явсан. Үүнийг тодруулан бичнэ гэдэг хэцүү. Мэдээж судалгаагүйгээр юм хийнэ, бичнэ гэж байхгүй. Бие ухаан, билиг чанар гээд олон талаас хандах учиртай. Судалгааны тухайд Өвөрмонголын болон Хятадын эрдэмтдийн хийсэн том судалгаа бий. Мөн Оросын эрдэмтдийн хийсэн том судалгаа байдаг. Монголын эрдэмтдийн судалгаа байна. Үе үеийн түүхэн уран бүтээлүүд бий. Хэсэг тасархай үйл явдлуудаар нь, тухайлбал Мандухай хатан, Даян хааныг дүрсэлсэн баримтууд ихээхэн байдаг. Нөгөө талаас түүхэн хүмүүсийн оршин амьдарч байсан газар шороо, уул ус өнөөдөр хэвээрээ байгаа. Тиймээс түүхт хааны дурсгалыг өмнөх жилүүдэд мөнхжүүлсэн. Энэ бол ХХ-XXI зууны үеийн шинэ Монгол Улсын дээд хүндлэл. Түүхэн хүний тухай яриа бол аль нэг хөнгөн хийсвэр үйл ажиллагааны дунд явж өнгөрөх зүйл биш. Нутаг хошуундаа хүндлэгдсэн, нуга газар шороондоо үргэлж байгаа шахуу ийм түүхэн уяатай. Тэр газар нутгийнхныг өнөөдөр тэнгэр үргэлж ивээж байх олон үйл явдлыг бий болгож байх жишээтэй. Газар шороо нь өнөөдөр өөдөөс түүх хэлж байна уу гэмээр тийм дурсамжуудыг буй болгож байна уу гэхээр, ийм л түүхэн бүтээл байгаа юм.
-Яагаад өнөөдрийг хүртэл романыхаа талаар чимээгүй явж ирсэн юм бэ?
-Роман гурван боть юм. Эхний боть мянга гаруй хувь хэвлэгдсэн. Нэгдүгээр ботид Батмөнх Даян хааны бага, залуу насны (1464-1482 он) тухай, тодруулбал 17 нас хүртэл хэрхэн амьдарч, хаан ширээнд суусан талаар түүхэн баримтад тулгуурлан бичсэн. Энэ номыг хэвлүүлж нээлт хийх өдрийг би маш их хүлээсэн. Яагаад гэвэл би энэ романыг гудамжинд тавиад хуушуурын мөнгөөр зарчих сэтгэл байгаагүй. Би бүтээлдээ их харам, хайртай. Нөгөө талаас тийм хэмжээнд гүйлгэх дүр ч биш. Даян хаан бол түүхэн хүн, даяар Монголын их хаан. Гол үйл явдал бол Батмөнх Даян хааны удам судар, гэр бүлийн хүрээнд бичигдсэн. Түүхэн талаас нь авч үзвэл олон үеийг харуулах бүтээл. Ингэхдээ уран сайхнаар худал хуурмагийг хэтрүүлсэн зүйл нэг ч байхгүй. Түүхийн ховор баримтууд орсон учраас Монголын утга зохиолд орж ирж байгаа анхны танин мэдэхүйн роман юм. Номын тухайд дөнгөж саяхан хэвлэлтээс гарсан. “Хаан арга” кино продакшны захирал, кино найруулагч Ж.Дэнсмаа баг хамт олныхоо хамтаар ивээн тэтгэж хэвлүүлсэн юм. Тэгэхээр романы нээлтийг би кино багийн хамт олон, энэ залуусын уран бүтээ¬лийн нээлт гэж ойлгож байгаа.
-Дараагийн ботиудад ямар үйл явдлуудыг оруулсан бэ?
-Романы тухай ярьж, бичнэ гэхэд цаг, цаас их орно. Тиймээс хураангуйлж товчхон ярья. Роман маань цааш кино болно гэдгийг сая би хэллээ. Эхний ботид Даян хааны бага залуу насны тухай өгүүлснийг түрүүн хэлсэн. Хоёрдугаар ботид 1482-1500 он хүртэлх үе буюу даян хааны идэр залуу нас, сайн муу явдал багтаж байгаа. Монгол Улсыг нэгтгэж захирч байсан түүхэн үйл явдлын тухай гарна. Улсаа нэгтгэн захирч байгаа нь 1206 онд өндөр хаан, авга Чингис хаан улсаа нэгтгэж үлдээсэнтэй эн тэнцэх түүх юм. XIV зууны энэ түүхэн үйл явдал өнөөгийн бидний улс орны гал голомт өөдөө яваагийн эх суурь юм. Гуравдугаар ботид 1500-1517 оны үеийн үйл явдлыг оруулсан. Энэ үе бол хааны өтөл буурай нас, тэр үеийн түүхийг дурдсан. Энэ насан дээр их хаан бага хаадыг захирч байсан. Чоноор яривал бэлтрэгээ сургаж байгаатай адилхан. Монгол Улсаа хойшид алдахгүйн тулд үр хүүхдүүддээ нутаг хошуугаа хуваарилан өгч захируулж байгаа тухай гарна. Мөн хатан нь өндөр насыг насалж, үр хүүхдээ бүрэн өсгөсөн. Өөрөөр хэлбэл, нэг охин гараад тэрийгээ алдаж, уйлуулаад орхиогүй. Хоёр хүү төрүүлээд болчихоогүй. Миний роман бол хүний амьдралын төгсгөл ямар байдаг яг л тэр жамаар явж 70 гаруй насыг насалсан тухай нь өгүүлсэн.
-Та романыхаа үйл явдлаас дурдахгүй юу, уншигчид сонирхож байгаа байх?
-Монгол Улс бол хаадын орон байсан. Монголын 38 их хаадын нэг нь Батмөнх даян хаан. Түүхэн бүрхэг цаг үед Монголын алтан ургаас өргөмжлөгдсөн их хаан гэдгээрээ онцлог. Даян хааны тухай домог л байдаг. Тэр домог аман зохиолоор тухайн цаг үетэйгээ зохицож, шинэчлэгдсээр өнөөг хүрсэн. Алтан ургийг устгаж, Халхын ноёдын сүүл тасарлаа гэсэн ойлголтыг тараах зорилготой хүнд цаг үед Мандухай цэцэн хатан түүнийг олж, дэвшүүлсэн. Батмөнх даян хаан маш ухаалаг хүн учраас долоон настай байхдаа л төр захиргааны ажил руу орсон байдаг. Бичиг үсэгтэй өвгөдийг дагаж, улмаар долоон насандаа хаан ширээг эзэмших, эзлэх хүч энергийг олж авсан зэрэг танин мэдэхүйн онцлог дэлгэрэнгүй бий. Роман бол 54 хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, 54 өгүүллэг байгаа. Роман аль ч өгүүллэгээрээ эхэлнэ, ингэж чадна. Ийм боломжтой. Аль ч өгүүллэгээрээ төгсөж, болно. Уншигч өөрөө ингэж үзэх, унших боломжтой. Нөгөө талаас энэ бол цоморлиг роман юм. Түүнд дурдагдсан газар усны нэр XIV зууны тэртээ ямар байсан бэ, өнөөдөр тэр хэвээр байгаа. Мөн Даян хааны өгсөн газар усны нэр, тодруулбал нүүрс гэх чулууны нэр хэвээрээ байгаа. Тэр бүхэн романд гарч байгаа.
-Та романаа биччихээд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав багшаар редакторлуулсан юм байна. Ямар шалтгаан байв?
-Өөрийгөө Еншөөбуу гэж овоглож явдаг, Дундговь нутгийн уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавтаа л барина гэж бодож байсан. Мань хүн бол нутгийн аялгууны үг хэллэг, нутаг усны нэрийг андахгүй сайн мэднэ. Тэр ёсоор болсон. Нөгөө талаас туршлага ихтэй. Роман гэдэг зүгээр нэг ус шиг урсгачихдаг эд биш гэдгийг мэдэх юм. До.Цэнджав бид хоёр утга зохиолын судлал, шүүмжийн чиглэлээр он удаан жил явсан. Тэгээд хоёулаа роман бичсэн, ийм учиртай.
Нийт сэтгэгдэл 0